”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Буриад соёлын “Уран үйлчин”

Буриад соёлын “Уран үйлчин”

 

    Буриад зоны үндэсний онцлог бүхий өнгө загвар хосолсон өвөрмөц ганган хувцас хэн бүхний харцыг булаана. Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний Өөртөө засах хошууны төв Баянтохой суурингийн баруун хойд хэсэгт байрладаг Соёлыг хөгжүүлэх парк дахь нэгэн буриад хувцас захиалга, оёдлын газар олны анхаарлыг татна.

Тэнд үндэстний онцлогоор өнгө ялгарсан буриад хувцас дүүрэн өлгөөтэй байх нь гэрийн эзэгтэйн баялаг сэтгэмж, уран нарийн оёдлыг тодхон мэдрүүлнэ.

- Буриад монголчуудын хувцас бол өнө урт түүхтэй. Буриадууд эртнээс эмэгтэйчүүдийг оёдолд сургахыг эрхэмлэдэг заншилтай. Хувцас өмсгөлөө бүгдийг өөрсдөө оёдог гэж гэрийн эзэгтэй А.Туяа танилцуулсан юм.

Эвенк хошууны Шинэхэн зүүн сумын Бүрд гацаанд нутагтай буриад бүсгүй тэрээр балчир багаасаа оёдолд сонирхолтой хүүхэд байв. 16 наснаасаа эхлэн эмээ, нагац ээжээсээ буриад хувцас эсгэж оёхыг сурчээ. Одоо тэрээр 30 гаруй буриад хувцас оёод байгаа бөгөөд дотоод, гадаадын уралдаанд олон удаа оролцож, алт, мөнгөн медалиар энгэрээ олонтаа мялаалгасан амжилттай нэгэн. Ажлын байрных нь нэг талын ханаар дүүрэн тавигдсан шагналын медалиуд нь түүний хэдэн арван жилийн турших уйгагүй чармайлт, амжилт бүтээлийг илхэн харуулна.

Эмээ нь нутаг орондоо нэр төртэй элдүүрчин, аав нь нэр хүндтэй гар урлаач байсан нь түүнд маш гүн нөлөөлжээ. 1980-аад оны үед айл саахалтынхан, хөрш сумынх нь хүмүүс хуримын болон тайзны хувцас хийлгэхээр торго давуугаа аваад ирэхэд нь тэр зардал мөнгө авалгүйгээр оёж өгдөг байсан гэх. Түүний оёсон дээл өмссөн хүндээ тун тохиромжтой байдаг учир “уран оёдолчин” нэрээр хотол олондоо алдаршжээ. Энэ нэр түүнд үндэстний уламжлалт хувцасны соёлоо уламжлан хөгжүүлэх урам зориг өгдөг.

Буриадуудын хувцас өмсгөл бусад үндэстэн угсаатнаас онцгой ялгардаг. Хавар, зун, намар, өвлийн хувцаснаас дотуур хувцас хүртэл бүгд ялгаатайгаар барахгүй, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд багачууд, басган /охин/, самган /бэр/-ы өмсөх хувцас бүгд адилгүй. Тухайлбал, гэрлэсэн бол мөрөндөө хуниастай, гэрлээгүй бол хуниасгүй хувцас өмсдөг. Малгай гутал нь ч юүдэн малгай, тооровч малгай, булигаарин гутал, эрэгтэй гутал, явган гутал гээд олон төрөл байдаг гэж Туяа танилцууллаа.

Буриад хувцас онцгой нарийн хийцтэй. Бүгдийг гараар оёдог болохоор зарцуулах цаг нь урт. Туяа 1996 оноос хувцас оёхдоо тухайн байдалд нь үндэслэн зохих хөлс мөнгө авдаг болсон. Харин 2006 онд хөдөө нутгаасаа хошууны төвд ирж хувцас оёж эхэлсэн байна. Гэвч тухайн үед өөрийн орон сууцандаа оёдог байсан болохоор түүнийг таньж мэддэг хүн цөөн, бүтээгдэхүүний загвар нь ч бага, орлого нь барагтай байв.

2010 онд Монгол Улсын нэрт уран зураач, оёдолчин н.Долгормаад Эвенк хошуунд эсгий урлал хийхийг заах боломж тохиосноор угийн оёж хатгах дуртай Туяа түүнээс эсгий урлал сурч эхэлжээ. Дараа нь Монгол Улсад очиж Швейцарийн багшаас мөн эсгий урлал сурсан байна. Ингээд 2011-2012 оны хооронд Эргүүнээгийн монгол Шы Вэй жуулчлалын баазад монгол гэрийн бүрээс, эсгий урлал хийж эхэлсэн гэх. Тэр цагаас эхлэн дэвсгэр, ханын зураг, хивс зэрэг эсгий урлалын мэргэжлийг ч идэвхтэй суралцаж сайн эзэмшсэн байна.

Эсгий урлал хийхэд тэмээний ноосоор утас ээрэх, зулах, ширэх зэрэг олон дамжлагатай. Тэрээр эдгээрийг ганцаараа хийдэг гарын уртай нэгэн. Соёлын уламжлал, шинэчлэлийг уялдуулна гэдэг түүний гар урлалын бүтээгдэхүүний гол онцлог.

- Энэ дэвсгэр хориод жил болж байна. 1998 онд унаганы арьсаар хоёр хүний том дэвсгэр хийгээд үлдсэн шилбэний арьсны өнгийг нь тааруулж, үснийх нь ширхэгийг гурван тийш харуулан зүйж оёод нарийн урт дөрвөлжин дэвсгэр хийсэн. Энэ бас ерээд онд хийсэн эд, одоо бүр элэгдчихжээ! гэж хэлээд орон дээрх цагаан эсгийн дээрээ ногоон өнгийн хээ угалз ширсэн дэвсгэрээ заан ярьж байлаа.

Үндэстний шилдэг уламжлалт соёлыг уламжлан хөгжүүлэх, соёлын үйл ажиллагааг дэмжихэд холбогдох бодлогууд нь үндэстний соёлоо уламжлан бүтээлчээр хөгжүүлэхээр мэрийн зүтгэж яваа Туяа нарын хүмүүст олдошгүй завшаан авчирсан байна. Тэрээр 2016 онд Эвенк хошууны захиргааны дэмжлэгээр Соёлыг хөгжүүлэх паркад ирж, энэхүү буриад хувцас захиалгын газраа нээжээ. Ингээд Буриад уламжлалт хувцас, тайзны хувцас, ханын зураг, дэвсгэр зэрэг дан гар урлалын бүтээгдэхүүн хийдэг болов. Түүний оёдлын газар бусдынхтай адилгүй. Туяа торго, даавуу зэрэг эд материал худалдаж авдаггүй. Хүмүүс өөрсдөө торго, давуугаа авчирч хувцас хийлгэдэг.

- Эдгээр чинь бүгд хүмүүсийн хийлгээд ирж аваагүй хувцас гээд Туяа ханаар дүүрэн өлгөөтэй хувцсуудыг тайлбарлан ярьлаа.

Буриад монголчуудын малгай арван нэгэн хөшөөстэй. Энэ нь буриадын арван нэгэн эцэг /овог, аймаг/-ийг төлөөлдөг. Малгайн орой дээрх улаан жинс нь нарыг төлөөлөх бөгөөд гал голомт, хийморийг бэлгэддэг.

- Хошууны захиргаанаас Соёлыг хөгжүүлэх паркын худалдааны байрыг түрээсгүйгээр олгож, Эмэгтэйчүүдийн холбооноос хүүгүй зээл өгсөн зэрэг олон талын дэмжлэгээр дэлгүүр ажиллуулж гурван жилийн туршид олон хүмүүст танигдав. Дэлгүүрээ өргөтгөж орлого нь ч нэмэгдлээ. Өвөр Монголоос бусад муж, орон буюу гадаад улс орны жуулчид буриад гар урлал, хувцас хунар болон эсгий урлалын бүтээгдэхүүнийг их сонирхон захиалдаг. Өмнөхтэй харьцуулбал борлуулалт нэлээд сайжирчээ гэж Туяа сэтгэл хангалуун ярьсан юм.

Тэрээр 1990-ээд оноос хувцас загварын уралдаанд оролцох болж, удаа дараалан гар хоосон буцаагүй. 2012 онд ОХУ-д болсон Орос, Монгол, Хятад улсын олон улсын наадамд эсгий дээлээрээ алтан медаль хүртэж, 2014 оны зун, Монгол Улсад эсгий урлалаараа мөнгөн медаль, харин өнгөрөгч онд Макаод болсон “Биет бус соёлын өвийн урлагийн уралдаан”-аас мөнгөн медаль авсан байна. 2019 оны 09-р сард Бээжинд болсон олон улсын дизайны наадам - Эвенк үндэстний Биет бус соёлын өвийн шинэ урсгалын загвар нийтлэх хурал, мөн Биет бус соёлын өвийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс шилдэг шагнал авч, буриад хувцас өмсгөл, гар урлалын хэв намба, гоо сайхан, цаашлаад буриад түүх соёлыг дэлхийд гайхуулсан байна.

Шагналыг өнгөрөөдөггүйн нууц жор юу байна? гэж асуухад:

- Миний хийж байгаа юм бүхэн бусдынхтай давхцдаггүй, дандаа хуучны уламжлалт зүйлийг хийдэг. Таван хошуу малынхаа ашиг шимээр л хийдэг болохоор бохирдолгүй, цэвэр байгалийнх байдаг. Хонины арьсыг утаж байгаад дээр нь хээ гаргаж бүтээгдэхүүн болгон уралдаанд оролцож байсан. Мөн тэр дээлээрээ 2006 онд Өвөр Монголын гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нэгдүгээр байрны шагналыг авсан гэж Туяа баяртайгаар ярьсан юм.

2019 онд хошуунаас Шинэхэн зүүн сумын Ядуурлаас ангижруулах ажлын албанаас “Итгэл зоригоор дэмжих” оёдлын анги эрхэлж, Туяа сумынхаа ядуу өрхүүдэд хэдэн удаагийн хичээл оржээ. Улам олон хүнд буриад гар урлалаа уламжлах, үйлдвэрлэл амьдралд нэгтгэн амилуулах, шинэ эрин үеийн нийгмийн үнэ өртгийг нь нэмэгдүүлэх дархан үүрэг хариуцлагаа болгосон байна. Ийнхүү хошууны ажил мэргэжлийн дээд сургууль, намын сургуульд бас хувцас оёх, эсгий урлал хийх мэргэжлийн сургалт явуулж байна.

- Одоо ноос зулж эсгий хийдэг хүн цөөн болжээ. Гэвч ойрын жилүүдэд үндэстний хувцсаараа гоёхыг илүү чухалчлах болсон учир үндэстний хувцас оёх мэргэжил сурах хүмүүс харин нэмэгдэж байна гэж тэрээр ярьлаа. Энэ нь буриад гар урлалыг насны үйлсээ болгосон Туяагийн хувьд нэгэн төрлийн тайтгарал юм.

Одоо Туяагийн буриад хувцас заслын ажиллах өрөө нь “Хөлөнбуйр хотын ядуурлаас ангижруулах гарамгай эмэгтэйчүүдийн жишээ үзүүлэх суурин” болсон.  Тэрээр Хөлөнбуйр хотын зэрэглэлийн биет бус соёлын өв - Буриад хувцас заслын төлөөлөх чанартай өвлөн уламжлагч, Хөлөнбуйр хотын зэрэглэлийн биет бус соёлын өв - Монгол үндэстний хувцас загварын төлөөлөх чанартай өвлөн уламжлагч болон гялалзаж явна.

- Дараагийн алхамд эртний буриад хувцас өмссөн хүний дүрийг эсгий дээр ширэх уралдаанд оролцохоор төлөвлөж байна гэсэн Туяагийн өөдрөг яриагаар энэхүү нийтлэлээ жаргаая.

 

 

Зохиогч:ХУН ШЯ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:946
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой