”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мянган оны тэртээгээс цуурайтах цоорын эгшиг

Мянган оны тэртээгээс цуурайтах цоорын эгшиг

 

        Цоор бол монгол үндэстний уламжлалт хөгжим. Энэхүү хөгжим түүхийн урт аянд хоолойн цоор, цоор дуу, модон цоор, аман чавхдас зэрэг урлагийн дөрвөн төрлийн хэлбэртэй болж хөгжсөн. Улмаар нутаг нутгийн онцлогт тохирсон урлагийн хэв маягийг бүрдүүлсэн байдаг.

Цоорын нэгэн төрөл болох Хорчины хялгасан цоор бол Хорчин нутагт уламжлагдан дэлгэрсэн, нумдах хэлбэрийн цоорын урлаг юм. Хорчины хялгасан цоор мянга гаруй жилийн түүхтэй. Түүхэн материалд үндэслэвэл, Юань улсын үед хялгасан цоорыг голдуу аман үлгэр хэлэх ба баатрын тууль хайлахад хослол хөгжим болгож байгаад сүүлд нь ардын дуунд өргөнөөр хэрэглэсэн байна. Хялгасан цоорын урлаг нь он жилийн улирал хувьсал, урлагийн олон талт хөгжил, тоглолтын олон янзын хэлбэр бүхий хувиралтаас шалтгаалан нэгэн үе хүмүүст мартагдаж устах шахсан байна. Гэвч одоо Сээраш, Гуань Бүрэн, Юй Баолинь зэрэг үе үеийн хүмүүсийн нандин зүтгэл, уйгагүй чармайлтаар Хорчины хялгасан цоор нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Түүнчлэн цоорын урлагаа уламжлан хөгжүүлэхийг зорилгоо болгосон Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэг байгуулагдаж, цоорын урлагийн хөгжилд баталгаа хангаж, маш олон хүмүүс энэ урлагийг таньж, цоорын урлаг хөгжлийн гэгээн орон зайгаа олсон байна.

Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэгийн тэргүүн Долгион, дэд тэргүүн Алтанбулаг нарыг сурвалжилж, Хорчины хялгасан цоорын өнгөрсөн түүх, өнөөгийн хөгжил, ирээдүйн төлөвлөгөөний тухай ярилцан, мянган оны тэртээх цоорын эгшиг өнөөдөр хүртэл анирлан цуурайтсаны эх үүсвэрийг ойлголоо.

 

Тэртээ түүхээс аниртах гайхамшигт эгшиг

  Цоор хөгжмөөс дандаа уяхан атлаа жавхаатай, хүнгэнэм атал сөөнгө дуу сонсддог. Монголчууд “Хуур цоор” гэж холбоо хоршоо үг болгон ярьдаг боловч цоор хөгжмөөс түүхийн үнэр амт илүү амтагдана. Тэр нь яг л өнгөрөн одсон мянган жилийн үүх түүхийг өгүүлэх шиг хүмүүсийн сэтгэлийг аргамжиж чаддаг эчнээ далдын ид шидтэй.

Түүхэн уламжлалтай цоор хөгжмийн үүсэн бий болсон он жилийг одоо таамаглахын арга үгүй болсон боловч тэр нь монгол үндэстний соёлын хөгжилд маш чухал нөлөө үзүүлсэн нь тодорхой. “Алтан товч”, “Юаний түүх”, “Монголын нууц товчоо” зэрэг эртний ном сударт “Цоор” гэдэг хэдэнтээ дурдагдаж байсан. Түүнээс улам наашилбал, 1913 оны Монгол, Хятад, Манж үсгийн толь бичигт “Цоор” хэмээх үгийг бичиж оруулсан нь бий.

Энэхүү хөгжим түүхийн урт аянд ардын хөгжмөөс ордны хөгжим болж,

улмаар вангийн ордонд орж, сүүлдээ ард түмний дунд дэлгэрэн уламжлагдсан хөгжлийн хэдэн үе шатыг туулж, төрөл хэлбэр, хийц бүтэц, хөгжимдөх арга барилын тухайд бүгд адил бусаар хувирч ирсэн байдаг.   

 -  Бидний ярьж заншсан хоолойн цоор гэдэг нь хөөмийг хэлж байдаг.  Цоор дуу гэдэг нь хослол дуу, аман чавхдас гэдэг нь товшуурыг тус тус хэлдэг. Модон цоор гэдэг нь голдуу үлээх хөгжмийн зэмсгийг хэлж байна. Хялгасан цоорыг бас Хорчины хялгасан цоор, Дөрвөд хялгасан цоор, Цахар хялгасан цоор гэж гурван төрөлд хуваадаг гэж Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэгийн тэргүүн Долгион танилцууллаа.

 

Холбогдох түүхэн материалд үндэслэвэл, Юань улсын үед Хорчин нутагт хялгасан цоор бий болж, баатарлаг тууль, номын үлгэрт хөгжим хослуулж байгаад хожим нь мөн үлгэрт дуунд хөгжим хавсаргахад хэрэглэдэг болсон байна. Хорчины хялгасан цоор нь ихэвчлэн ард түмний дунд уламжлагдаж, өнө удаан түүхэн хөгжлийн явцад хийц, бүтцийн хувьд тасралтгүй хувиран өөрчлөгдөж ирсэн. Түүнчлэн хөгжимдөх хэв маяг ба мэргэжлийн тал дээр огтхон ч зогсолтгүй сайжирсаар байна. Өнөөдрийг хүртэл Хорчин нутагт хялгасан цоорын маш олон шилдэг уламжлагч төрөн гарч, хүмүүсийн сэтгэлийг хөндсөн маш олон цоор хөгжим бүтээгдсээр байна.

Сээраш, Сандүүрэн, Сүнь Лян зэрэг уран сайханчид цоор хөгжмийг сургуулийн сургалт тал руу нь хөгжүүлж, Сээраш, Гуань Бүрэн, Юй Баолинь нарын уран сайханчид хялгасан цоорын урлагт идэвхтэй судалгаа хийж, бүтээлчээр хэрэгжүүлж, уламжлан хөгжүүлэхээр хичээн ажилласаар байна.

 - 2019 онд Юй Баолинь багш тэтгэвэртээ гарснаар Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэгийн тэргүүний тушаалыг би дааж авсан юм. Хорчины хялгасан цоорын уламжлал хөгжлийг ярихад цоорын их багш Сээраш, Гуань Бүрэн, Юй Баолинь зэрэг багш нарыг дурьдахгүй байхын аргагүй. Тэдний хичээл зүтгэлээр хялгасан цоор өнөөдрийн хүмүүст танигдаж, үеийн үед өвлөгдөн уламжлагдаж, өнөөдрийн цоор урлагийн хөгжлийн байдал төлөвшин буй болсон юм гэж нийгэмлэгийн тэргүүн Долгион ярьлаа.

   

  Орчин цагт уламжлагдсан шидэт хөгжим

2007 он бол алдарт цоорч Сээрашийн мэндэлсний 120 жилийн ой юм. Тус жилд “Сээрашийн мэндэлсний 120 жилийн ой, мөн цоорын судлан ярилцах хурал” Хөххотод хуралдаж, улсын дотоод, гадаадын мэргэжилтнүүд уламжлал тасрах шахсан цоор урлагийг авран хамгаалж, уламжлан хөгжүүлэх тухай үзэл бодлоо солилцлоо. Тухайн үед Хорчины хялгасан цоорын орны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн уламжлагч Юй Баолинь гуай Хялгасан цоорын нийгэмлэг байгуулахаар санаачилж, хагас жилийн төлөвлөгөө, зохион байгуулалтаар 2008 оны 05-р сарын 18-ны өдөр Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэг байгуулагдсан байдаг.

- Хялгасан цоор бол монголчуудын түүхэн үеэс уламжлагдан ирсэн соёлын нэгэн чухал өв, урлагийн нэгэн талст юм. Өмнөх зууны тавиад оноос эдгээр уран сайханчид аажмаар мартагдаж, уламжлал тасрах аюулд тулгарсан. Манай нийгэмлэг цоорын урлагийг уламжлан өвлөх, хамгаалан хөгжүүлэхийг зорилгоо болгож байгуулагдсан гэж Долгион ярьж байлаа.

Өөрчлөлт нээлтийн 30 жилийн турш улсаас үндэстний дуу хөгжмийг уламжлан хамгаалж, хайн эмхэтгэж, хамгаалан хөгжүүлэх бодлого хэрэгжүүлснээр уртын дуу, морин хуур зэрэг монголчуудын уламжлалт дуу хөгжим нэгэнт Биет бус соёлын өвөөр бүртгэгдэж, уламжлан хөгжүүлэх тал дээр төрийн бодлогын дэмжлэгийг хүртэж эхэлсэн байна. Ойрын арваад жилийн туршид цоорын урлаг ч ард иргэдийн дундаас урлагийн тайзанд гарч, бүх улс, цаашилбал олон улсын тайзнаа өвөрмөц урлагаа гайхуулах болсон.

 

- Нийгэмлэг байгуулагдсаны дараа бид хамгийн түрүүнд Хорчины хялгасан цоороо биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн. Энэ бол маш чухал. Одоо Тунляо хотоос Өвөр Монголын Засгийн газрын зүгээс бүх улсын хэмжээнд манай хялгасан цоорын урлагт анхаарлаа хандуулж, уламжлал хөгжлийг нь чухалчлан, бодлого ба санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болсон шүү гэж Долгион ярьж байна.

Тус нийгэмлэг 2008 онд Хорчины хялгасан цоорыг Тунляо хотын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгүүлж, 2009 оны 06-р сард Өөртөө Засах Орны зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн байна.

  - Үүнээс гадна, бид бас Хорчин зүүн гаран дунд хошууны Биет бус соёлын өвийн төвтэй хамтран тус хошууг “Цоор урлагийн нутаг” болгосон. Энэ бол хялгасан цоорыг уламжлан хөгжүүлэх ажлын нэгэн томоохон амжилт гэж “Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэг”-ийн дэд тэргүүн Алтанбулаг танилцууллаа.

Хорчины хялгасан цоор нь 2014 онд Улсын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгдэж, хялгасан цоорын одоо ба ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурь тавьсан байна. Тус нийгэмлэг 2018 онд “Цоорын сургалтын материал” номыг найруулан хэвлүүлж, цоор хөгжмийн заах материалгүй байсан орон зайг нөхжээ.

- Одоо манай нийгэмлэг нийт 500 гаруй гишүүнтэй. 2019 оныг хүртэл бид нийт 300 гаруй шавь хүмүүжүүлсэн. Эдгээр шавь нар дахиад улам ч олон хүнд цоорын урлагийг уламжлан сургаж байна гэж Алтанбулаг сонирхуулан ярьлаа.

Ирээдүйд цуурайтах гэгээн эгшиг

Энэ оны 06-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан “Соёл ба байгалийн өвийн өдөр” үйл ажиллагаагаар “Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэг” цоорчдоо зохион байгуулж тоглолт хийсэн байна.

 - Миний бодлоор цоор хөгжмийг уламжлан хөгжүүлэхэд заавал орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, бид цоор хөгжмөө жуулчлалын үйл ажиллагатай нэгтгэн хөгжүүлж, жуулчдад таниулан хөгжимдөж сонирхуулахын хамт цоорын урлагт тусгай мэргэжлийн маш өргөн тавцан бий болгох нь соёл урлаг, аялал жуулчлалын хөгжлийн аль алинд нь ашигтай гэж Долгион ярьлаа.

Сургуулийн сурган хүмүүжилтэй уялдуулах нь басхүү хялгасан цоорын хөгжилд дутагдаж болшгүй нэгэн агуулга. Ойрын хэдэн жилд Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэг Өвөр Монголын Үндэстний Их Сургууль ба Тунляо хотын Монгол дунд сургуулиудад багш томилон цоорын хичээл зааж байгаа бөгөөд жил бүр 5-аас 6 удаагийн хялгасан цоорын боловсролын анги эрхэлж байна.

- Сургуулийн сургалтаас гадна, тусгай мэргэжлийн боловсролын анги эрхлэх нь маш чухал. Бид энэ жил Хорчин зүүн гаран дунд хошуунд гурван удаагийн боловсролын анги нээгээд байна. Үүнээс гадна, бид Бао Лүншань монгол дунд сургуульд гурав, дөрвөн жил дараалан боловсролын анги эрхэлсэн юм. Хожим хойшдоо цоорын урлагаа сургуулийн сурган хүмүүжилтэй улам илүү нягт уялдуулж, биет бус соёлын уламжлагчдаа сургуулийн хүрээнд оруулан, цоорын урлагийг маш олон хүүхэд залуучуудад таниулна гэж нийгэмлэгийн тэргүүн Долгион ирээдүйн төлөвлөөгөө хуваалцлаа.

- Сүүлийн жилүүдэд би Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Дуу урлагийн дээд сургуульд цоорын хичээл заасан. Тусгай мэргэжлийн оюутнууд болохоор цоор хөгжмийг сурахад их хялбар байсан. Тэд энэ хөгжимд маш их сонирхолтой. Сургуулийн сурган хүмүүжилтэй  сайтар уялдуулах нь цоорын урлагийн уламжлал, хөгжилд маш ашигтай гэдэгт итгэж байна гэж нийгэмлэгийн дэд тэргүүн Алтанбулаг ярьж байлаа.

Санхүүгийн дэмжлэг, тоног төхөөрөмжийн асуудал, боловсролын ангийн зардал зэрэг нь Тунляо хотын Хорчины хялгасан цоорын нийгэмлэгт тулгарч байгаа өнөөгийн хөгжлийн асуудал юм. Гэвч хялгасан цоорын түүх, соёлын үнэ цэнийг улам олон хүнд таниулж, соёлын өвөрмөц татах хүчийг нь цаашид илүү сайн бадруулна гэж нийгэмлэгийн хамт олноороо цөхрөлтгүй хичээн зүтгэсээр байна.

 

 

Зохиогч:ШЯН ТАО
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1674
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой