”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дуутаас цуурайтсан баяжих зам

Дуутаас цуурайтсан баяжих зам

Хөвчийн элсний гүн дэх халиуран ногоорсон Цайдамын дэнжид Шанага долоон од шиг долоон нуур бий. Энэ нь хол ойрдоо алдартай, жуулчдын анхаарлыг татсан дуут нуур болно. “Эхэн Дуут бол хамгийн сайхан, загас жараахай олон. Захын Дуут бол шорвог. Дунд Дуутын ус нь хамгийн тунгалаг, олон төрлийн загастай...” гэж Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны Дугайтал суурингийн Дуут багийн Мөнхдалай цэнхэр долгион мяралзсан толин тунгалаг нуураа танилцууллаа.

“Дуут нуурыг дуулдаг гэдэг, Дуундаа уяраад уйлдаг гэдэг” хэмээх нэгэн сайхан дуу миний сэтгэлд орж ирсэн билээ. Газар эхээс заяасан Дуутын долоон нуур нь усан судсаараа холбоотой байдаг шиг нуурын хөвөөнд аж төрж буй Дуутын малчид амин хайрын холбоотой. Дуут багийн ажилч малчид элс хуйлран боссон өдөр хоногуудыг хамтдаа туулж, эрэмгий зориг ур ухаанаараа Хөвчийн элсийг ногооруулж, Дуут нуурын хөвөөнд хун цагаан монгол гэрүүд барин найман зүгийн гийчин зочноо найрсаг угтана.

Нуур бүрдээ эзэгнэсэн азтай малчид

Мөнхдалай энэ нутагт төрж өссөн нэгэн. 40 насыг давж яваа ч элсэн нутгаараа явах бүрд бага насаа дурсдаг. Мөнхдалай 12 настай байхдаа сургуулиасаа гэртээ харих замдаа аянгат бороонд дайрагдаж, балар элсэн дундуур амь тэмцэн гүйх тэрээр “Хөдөө хээр аянга цахилбал хүү минь үсэрч харайн аянга ниргэхээс зайлж байгаарай” хэмээх дээдийн сургаалыг санаж, аадар бороо аянгат гялбаанаар дэгдэн үсэрсээр гэртээ харьж билээ. Гэртээ харьсан тэр зам нь одоо хар замаар солигджээ. Гэртээ харьсан жаал хүү одоо орчин үеийн машинтай гангарч явна. Малчин байснаасаа хэрхэн аялал жуулчлал эрхэлж явсан талаар Мөнхдалай “Малчдын шинэ тосгон”-оос эхэлж ярилаа.

2006 онд Засгийн газраас 20 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, битүү элсэнд байрлах Дуут багийн 36 айл өрхийг тогтсон газарт нүүлгэн төвлөрүүлж, энэ газраа “Малчдын шинэ тосгон” хэмээжээ. Мөнхдалай тус 36 айл өрхийн нэгэн билээ.

36 айл өрхийн малчид шинэ тосгонд нүүн ирсний дараа хошууныхаа Засгийн газрын удирдлагын дагуу Или группийн дэмжлэгээр ногоон бүтээн байгуулалт хийж орлогын замаа нээлээ. Ногоон бүтээн байгуулалт хийсний дараа тус нутгаар аялж зугаалах хүн олон болов.

- Бид анх энд ирээд ногоон бүтээн байгуулалт хийж байсан. Мөн дэлгүүр ажиллуулж монгол бууз, цагаан идээ зарж байлаа. Сүүлд нь хоолны газар нээж, элс үзэх, тэмээ унах, онгоц сэлэх зэрэг олон талыг хамарсан элсний аялал жуулчлалыг хөгжүүлж байна гэж Мөнхдалай танилцуулаа. Энэ бүхэн тэдний нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээс ирсэн гэдгийг Мөнхдалайн хөрслөг царай, эвэршсэн гар нь гэрчилнэ.

Экологи орчин тойрны өөрчлөлт хувиралтыг даган малчдын амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарчээ. 2006 оноос өмнө энэ нутгийн малчид зөвхөн мал маллаж байснаа 2010 онд “Малчдын шинэ тосгон”-д нүүж хамтдаа аялал жуулчлал эрхэлсэн байна. Хүмүүст ад үзэгдсэн элсэн манхан одоо элс сонирхогчдын эрж хайж ирдэг газар болжээ.

Мөнхдалайн нутгаар дамжин энэ их битүү элсэнд ордог. Жуулчид нэмэгдэхийг дагаад энэ нутгийн 28 айл өрх хамтран “Мөнгөн элс аялал жуулчлалын компани” байгуулсан нь хоёр жилийн өмнөх учир билээ. Ийнхүү 800 мянган юанийн хөрөнгө оруулан усан онгоц, тоглоом зэрэг аялал жуулчлалын тоног төхөөрөмж худалдан авч, идэх хоолтой, хонох гэртэй, унах унаатай, усанд сэлэх усан онгоцтой, элсэнд гүйх машинтай боллоо. Анх малчин айлууд хувь хувьдаа аялал жуулчлал эрхэлж байсан болохоор аялал жуулчлалын талд нэлээд ойлголттой байлаа. Тус компани байгуулагдсан анхны жилд хувь оруулсан айл өрх бүр 3000 юанийн орлоготой байсан бол хоёр дахь жилээс нь хувь оруулсан айл өрх бүр 4000 юанийн орлого олжээ.

Одоогоор тус баг нь улсын 4A зэрэглэлийн Дуут нуурын аялал жуулчлалын үзэсгэлэнт газартаа жилд 100 мянган аялагчдыг хүлээн авч байна. Аялал жуулчлал хөгжихийг дагаад тус нутгийн малын мах, цагаан идээ ч өндөр үнэ хүрчээ.

- Зуны улиралд аялан зугаалах хүн олон. Өнгөрсөн жил бид 15 ямаа гаргаж, ямаа бүр 4000 юанийн үнэ хүрсэн гэж Мөнхдалай ярив. Энэ нутгийн малчин айлууд нийгмийн баталгааны болон нутгийн нөхвөртэй байдаг ч нутгийн малчид мал маллах, хоолны газар, зочид буудал нээж орлогоо нэмэгдүүлэн, айл өрх бүр жилд 100 мянган юанийн орлоготой болжээ.

- “Малчны шинэ тосгон”-ы аялал жуулчлалыг үргэлжлүүлэн хөгжүүлэх үүднээс өнгөрсөн жил 14 сая юанийн хөрөнгө оруулан, төслийн дагуу 19 малчин айл өрхийг 3A зэрэглэлийн стандартаар засаж чимэглэн, 6 айлд 29 монгол гэр өгч, нэг удаад 150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай болгосон гэж тус багийн нарийн бичгийн дарга Машбилэг ярьж байлаа.

Хатан голоор ундалсан халуун хөрс

Дуут багийн Далт суурин нь Хатан гол, Хөвчийн элстэй гол мөрөн, элс манхан, уул хайрхан хамаг үзэмж бүрдсэн сайхан нутаг юм. Энд аялан зугаалахаар ирэх гийчин зочид нэмэгдсээр байна.

2016 онд Хатан гол дагасан 64 айл өрхийг Далт сууринд төвлөрүүлэн нүүлгэхээс өмнө ямар ч ажил үйлс, тоног төхөөрөмж гэж байгаагүй. 27 айл өрх л нутгаа сахин сууж, бусад нь гадагш гарч ажил хийж амь зууж байжээ. Энэ жил тус баг нь хошуу суурингийн дэмжлэгээр аж ахуйн нэгжийг татан оруулж, 10 сая юанийн хөрөнгө мөнгө оруулан бүтээн байгуулалт хийсэн байна. Мөн 21 айл өрхийн гэрийг түрээслэн авч шинэчлэн засаж, 40-өөд хүнийг нэг дор хүлээн авах боломжтой болгосон байна.

- Хашаа хороотой 40 хавтгай дөрвөлжин метр байрыг 3 жилийн 1000 юаниар түрээсэлсэн. Аялал жуулчлалын орлого нэмэгдэх юм бол түрээсийн мөнгийг ч нэмнэ гэж Машбилэг ярилаа. Аялал жуулчлалаар дамжин нутгийн малын мах, тариалангийн бүтээгдэхүүнийг борлуулж, хоолны газар, дэлгүүрийн үйлчилгээний газар нээн, нутгийн хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Төвлөрүүлж суурьшуулсан нутагт аялал жуулчлалыг хөгжүүлсэн боловч нутгийн тариачдын 10 мянга гаруй мү /1га =15мү/ тариан газар нь Хатан голын усан ашиглалтын хашлагын нөлөөнөөс болж тачирдаж нутгийн хүмүүсийг гачигдуулжээ. Энэ байдалд хандуулан өнгөрсөн жил Машбилэг 700 мянган юанийн ядуурлаас ангижруулах хөрөнгө хүсэж олон, 300 гаруй айл өрхийн 10 мянга гаруй мү /1га =15мү/ тариан талбайг услах асуудлыг шийдсэн байна.

Өөдлөн баяжих замыг хурайлсан өнөр сүрэг

Бид Дуут багийн Ширай суурингийн Алтанбаатарынд хүрч түүнтэй уулзан амьдралтай нь танилцлаа.

- Өнгөрсөн жил манай баг хамтын эдийн засгийг хөгжүүлэхээр 60 шилдэг үүлдрийн үхэр худалдан авч, 875 хавтгай дөрвөлжин метр үхрийн хашаа шинээр байгуулсан. “Үхрийг айл өрхөд даалгах” загварын дагуу тосгоны хамтын эдийн засгийг хөгжүүлж, 60 үнээг Алтанбаатар зэрэг 6 айл өрхөд даалган өгчээ.

- Жилд үхэр бүрээс 1500 юанийг багт өгнө. Үнээ бол нийтийн хөрөнгө, харин тугал нь бидний өөрийн хөрөнгө. Одоогоор 60 үнээнээс 30 гаруй нь тугаллаад байна. Бараг 300 мянган юанийн орлого олно гэж Алтанбаатар ярив.

Орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх загвараар Дуут багийнхан мал тэжээх хоршоо байгуулж, 67 өрхийг хамарсан ба 2000 гаруй үхэр тэжээн жилд 800 гаруй үхэр борлуулж, айл бүр жилд 8000 юанийн орлого олж байна. Мөн өнгөрсөн жил 1.38 сая юанийн хөрөнгө оруулалт хийн 69 хашаа саравч барив.

Тус баг нь үхэр тэжээх аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор хоёр жилийн өмнө 600 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж 400 хавтгай дөрвөлжин метр талбайтай махны үйлдвэр байгуулсан юм. Энэ нь хамтын эдийн засгийг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн иргэдийн орлогыг нэмэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Дуутын ард түмэн 30-аад жил тэсвэр хатуужилтай тэмцсэний дүнд экологийг сайжруулан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, элсний аж үйлдвэрийг хөгжүүлэн нэг хүн дунджаар жилд 500 юанийн орлого ч олохгүй байсан нөхцөл байдлыг жилд 30 мянган юанийн орлоготой болгож чинээлэг амьдралтай аж төрж байна. Өнөөдөр хүнгэнэн цуурайтах морин хурын эгшиг, хөглөн дуурсах гүр дууны аялгуу үүх түүх хүүрнэж, долгиолон мяралзсан Дуут нуур, хунгийн сүрэг шиг монгол гэр аялал жуулчлалын хөгжил бадралыг харуулан, тэнгэрийн хишиг газрын түшигтэй Дуут багийн баяжих дуун цуурайтна.

Зохиогч:Нийтлэл: Гоо
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1557
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой