”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Домогт найман шаргын хийморь золбоот эзэн

Домогт найман шаргын хийморь золбоот эзэн

Шинэбилэг гэх байгальдаа ээлтэй хүлгийн хийморьтой нарны бор малчин. Хулан шаргын гүнд байрлах Шулуун хөх хошууны Сайнхудаг сумын Дорнойт  багийн уугуул.
Номин ногооноор чимэгдсэн манх толгодын нөмөртэй зэл дээр жигдэрсэн үлгэрийн юм шиг найман шарга эзнээ харан үүрсэнэ. Үдийн шатам халуун нар үүлэнд түр халхлагдахын завсар Шинэбилэг гар утасныхаа дэлгэцээс дал наян газрын алсад байгаа зуслангийн бэлчээрт тавтай идээшлэх хонь ямаад, буурал хайлсны сүүдэрт сэрүүцсэн тэмээд, ус уусан үхэр сүргээ харав. Хавар хөхөө донгодон агь сэнгэнэж, зундаа өвч ногоорон намартаа навчис шаргалтан өвөлдөө цан сагсаргатай Дорнойд багийн Шаамт хот (Хэдэн малчин айл цуглаж суусан суурин) нь Шинэбилэгийн өвөлжөөний нутаг. Энэ жил зусланд хүрэх зам муу болохоор хошуу ойрхон зам амрыг бодон энд найман шаргатайгаа ирж, зураглаачдад морь унаж нүүдлийн амьдралаа сонирхуулан орлого олж байгаа нь энэ аж.


Шинэбилэг хар багаасаа адуунд хайртай байв. Зургаан наснаасаа хурдны морьдын нуруунд гарч, арван хоёртойгоосоо эмнэг булгиулж эр чадал бүрдүүлж явсан. Малчин заяа түшсэн тэрээр элсжиж гандсан шинэ зууны эхээр таван хошуу малаа үндсийг нь таслахгүйгээр тэгш өсгөх гэж үйлээ үзэж явжээ. Ур ухаан хосолсон гэргий Одонгоо, охин Илчтэйгээ өрөөлийн нутгийг түрээслэн, жил туж нүүж буусаар арваад жилийн нүүрийг үзсэн байлаа. Зарим жилдээ орлого зардал нь тэнцэх үе байсан. Хамгаалж хямгадсаны ачаар нутаг сэргэж ирэхэд Шинэбилэгийн сэтгэлд нар гийв.

Таван хошуу малынхаа хишгийг хүртэж яваа тэднийх бэлчээр нутгаа  ногооруулахын тулд малын тоог нэмэхээр хичээгээгүй, адуунд хайртай нүүдэлчний хойч болсон тэрээр найман шарга морийг “Тэнгэрийн хүлэг” хэмээн бэлэгшээн, арван жилд нэг шарга азарга гурван шарга гүүнээс найман шарга бүрдүүлж өсгөсөн билээ. Өдгөө өвс бэлчээр сайтай өнө шиг талд найман шарга морьтой малчин айл байгаа нь сонин биш болжээ. Харин хулан шаргын манхан нутгаар найман шарга морио өсгөн эрхэмлэж, эдэлж чадсан нь ганцхан  Шинэбилэгийнх байлаа.

Шинэбилэгийн ярьж байгаагаар өвсний бармал ч өвөлжөөндөө чимэг болсон адуунаас ашиг орлого гэж нэг их олдоггүй. Хайртай нь аргагүй болохоор л үхэр хонь зараад, орлогыг нь адуундаа зарцуулдаг байсан гэнэ. Тавиад адуу, тавиад үхэр, хориод тэмээ, далаад хонь, арваад ямаа гэхчлэн цөөн малтай Шинэбилэг энэ нутагтаа эдээр хамгийн баян биш ч сэтгэл дүүрэн баярлаж явдаг нэгэн.
Малчин хүн мянган мэргэжилтэй гэдгээр Шинэбилэг ногт чөдөр эмээл хазаараас уурга ташуур хүртэл өөрөө хийдэг. Бас эмнэг сургах, тэмээ сургахдаа мэргэшсэн төдийгүй багтаа арваад жил малын эмчийн ажлыг гүйцэтгэж, өвчин хижгээс сэргийлэх, малын хээлтүүлгийн ажлыг хийж явжээ. Арчилж өсгөсөн адуу нь ч хошууны наадамд ганган мориор шагнуулан эзнээ баясгаж байсан бол өөрөө тэмээ сургасан уралдаанд шагнуулж явсан.
Нутаг өнөтэй болж адуу өсөхөөр хол ойрын зураглаачид тэднийхийг зорьж ирдэг боллоо. 2014 онд тэднийх Шулуун хөх хошууны зураглаачдын нийгэмлэгийн уран бүтээлийн суурин болж, Шинэбилэг хуучин монгол гэр, хам тэрэг, бургасан хашаа зэрэг эдлэлийг цуглуулж, уран гартай гэргий Одонгоо нь эсгий ширж дээс томон нүүдлийн мал аж ахуйн өнгө төрхийг сэргээж, энэ жил болоход сууриндаа бүх зүйлийг бүрдүүлж амжлаа.

Саяхан Шэньян, Хөххот зэрэг газраас зураглаачдын нийгэмлэгийн зуугаад хүн ирэхэд Шинэбилэг малчин залуусаа дуудаж, найман шаргаараа голлож, морь унах, адуу зэллэх, хөлбөрөх, давхих, үнээ саах, арал тэргэнд үхэр хүлэх зэрэг үзүүлбэр үзүүлэн, үзүүлбэр болгоноо хэдэн зуун юанийн үнээр ханшлан орлого олжээ. Шилийннхотын “Дорно” хуримын гэрэл зургийн  компанитай хамтран ажиллахаар болсон болохоор жил бүр залуу хосууд нүүдлийн мал аж ахуйг харуулсан зураг авхуулахаар ирдэг болжээ. Энэ жилээс эхлээд л морины орлого олох болов.
Найман шарга морийг ногтоор холбож жигд сайхан алхаж сургатал Шинэбилэг найман жилийн хугацаа зарцуулжээ.
- Наймыг бүрдүүлнэ гэдэг сайхан. Гэхдээ арчлах гэдэг амаргүй. Нэг нэгээр ясыг нь барина гэж бодохоос зүрх өвдөнө. Морь сайн унасан хүн бүр морины эмч. Хавар намар унасан морьд бага зэрэг гэмтэй болдог. Идэж уухаа болиод хэцүү болоход хатгана зүүлнэ. Өнгөрсөн жил есөн шаргатай болсон байлаа. Гэтэл хамгийн хайртай бүдүүн шарга дайрлагад эндэж би сэтгэлээр унаад хэцүү байсан. Наймаас цааш буян байдаггүй юм уу гэж агт морио амь амьдралтайгаа холбосон Шинэбилэг намуухан өгүүлэхэд нүдэнд нь зайр гүйнэ.
Энэ жил хоёр шарга азарга тавихад хэдэн унага нь түүхий хоншоортой биш бол цагаан цайвар өнгөтэй, жинхэнэ шарга морь дахин төрөөгүй.
- Богд эзний найман шарга гэдэг чинь яг ийм нэг л зүсмийн, уруул нь хар, нүд нь хар, цавь нь хар, дөрвөн туурай нь хар байх ёстой. Би найман шаргаа бүгдийг таньдаг. Манай гэрийн хүн заримдаа эндүү харна. Миний найман шарга найман янзын зантай. Зарим нь зөв талаас, зарим нь буруу талаас, зарим нь ногт өгч баригддаг. Би голд нь ороод холбож барихад яах ч үгүй. Өөр хүн орвол үргээд хэцүү. Жинхэнэ наддаа заяасан найман шаргаа би гаднын хүмүүсээр гар хүргүүлдэггүй. Наддаа бол шүтээн болжээ. Өнгө гэрэл авч ирсэн морьдоо үзээд л оролдож л байвал дээд жаргал гэж  Шинэбилэг ярилаа.
Өсөх малын зүс нь нэг, өөдлөх айлын үг нь нэг гэж Шинэбилэгийнхийг хэлнэ. Арван жил сумынхаа намын төлөөлөгчөөр явсан гэргий Одонгоо нь мал сүрэг өрх гэрээ өнгөлөн намын ажилд гялалзаж, арван тавтай охин Илч нь хөтлөгчийн авьяасаа гайхуулж, олныхоо дунд од болж явна. Тэднийх бас орны зэрэглэлийн гэр бүлийн мал аж ахуйн талбайгаар сонгогдон, “Шарга” тэжээн үржүүлэх тусгай хоршоо, “Ногоон хайлаас” аялал жуулчлалын баазаа ажиллуулж, малчин удмын хөдөлмөр зүтгэлтэй сайхан амьдралыг эдэлнэм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:843
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой