”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тэмээн хүзүүний аав

Тэмээн хүзүүний Бөд аав


 

“Энэ өдөр та нарыг нэгэн гайхалтай хүнтэй уулзуулъя” гэсэн замчлагчийн үг бидний сэтгэлийг өндөлзүүлж, зорьсон газартаа хурдан хүрэх юмсан гэж яаруулав. Долоодугаар сарын 03-ны өдөр бид Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумын Тэмээн хүзүү багийн ахмад малчин Бөд гуайнхыг зорьсон байжээ.

Мал аж ахуйн амьдралын “Амьд толь”

Нар тунарсан тунгалаг өдөр байснаа төд удалгүй бүрхэж, баруун өмнө зүгт борооны үүл харлан чийгийн үнэр үнэртэж, ган гачгаас болоод улирлын өнгөө сольж завдаагүй тал хөдөө хурын анираар сэргэж амилж байна уу гэмээр байв. Бид их замаас салж, талын шар замаар ногоон, хөх, шар будгаар будсан байшинтай хэдэн айлыг чиглэн ойртоход замчлагч маань хэдийн Бөд аавтай утсаар холбогдсон байлаа". 

- Биднийг тосоод гараад ирэв үү” гэхийг нь сонсоод бид машины цонхоор хартал, мотоцикл унасан хүн өөдөөс салхи татуулан ирэх нь харагдав. Харахад бууралтсан хүн байсан ч омог жавхаа нь гал залуугаараа байлаа. Бөд аавтай бид ингэж анх золгов.


Машинаас бууж мэнд усаа мэдэлцээд гэрт оров. Бөд аав биднийг суулгаад тусгай бэлтгэсэн өрөм, наамал зэрэг буриадын өвөрмөц онцлогтой амтат идээгээ ширээ дүүртэл өрж, махтай хуурсан төмстэй хуурга, шүүсэн будаа хүртэл бэлтгэсэн байлаа. Бүгдийг өөрөө хийж бэлтгэсэн гэдгийг дараа нь бид мэдлээ. Бөд аавын явж суух нь хөнгөн шингэн, далан тав хүрсэн хүн гэхэд итгэмээргүй байлаа.

"За, та нар цайгаа өөрөө аягалаад уугаарай" гэж Бөд аавын хэлэх нь бидэнд яг л өөрийн гэртээ ирсэн мэт халуухан санагдав. Бид цай ууж, ширээ дүүрэн амттай шимтэй зүйлд нь баахан “цэрэглэж” аваад ярилцлагаа эхлүүлэв.
- Би тавьтай морь унаж, зургаа долоотойдоо ахыгаа дагаад энэ баруун ууланд хоморгон авд явж байсан. Манай сумынхан энэ талаас, нөгөө сумынхан цаад талаас гээд зүг зүгээс нь дотогш хумьж чоныг бүслэн авладаг. Чонын авыг цагаан хяруу унахаас өмнө хийнэ. Учир нь чоно цагаан хяруу дээр гишгэвэл гүйх нь хурдан болдог гэдэг болохоор гишгэхээс нь өмнө завдаж арван нэгэн сарын эхээр чонын ав хийдэг. Нэг удаа би авд дагаж яваад ах маань тэмээгээ цуглуулахаар явах хооронд төөрчээ. Гэртээ харих замаа мэдэж байвч чоно таарахаас айн гүйж байтал замаар өнгөрөх Эвенк анчидтай таарч тэд намайг Төш уулын баруунтай гэрт хүргэж өгсөн. Сайхан сэтгэлтэй хүмүүс шүү! Тэр үеийн хүмүүс бүгд л хоорондоо эелдэг эв нэгтэй байсан. Арван хоёртойдоо нутгийн морь унадаг арваад хүүхэдтэй хамт Хөххот дахь Өвөр Монголын морин уралдааны талбайд морин мэргэжлийн ангид нэг жил болсон гээд Бөд аав үлгэр түүхээ дэлгэж эхэллээ.

Бөд аав “Хөлөнбуйрын тал нутаг бол онцгой тал нутаг. Онцгой нутаг бэлчээр, өвөрмөц онцлогтой тал нутаг” гэж байлаа. “Эхээс төрөхдөө л энэ нутагтаа төрсөн” гэх үг Бөд аав ёстой нутгаа хотойтол сууж, мал аж ахуйн амьдралаа чухам лугших цусандаа хүртэл уусгасан, бэлчээрийн мал аж ахуй гэдгийг яг байгаагаараа туулж өнгөрүүлэн, түүнийхээ ашиг шим, буяныг эдэлж ирсэн Хөлөнбуйрын тал нутгийн уугуул нэгэн юм. Иймээс Бөд аавын үг, өнгөрсөн бүхэн маш их хүчтэй. Тэгвэл Хөлөнбуйрын тал нутгийн “онцгой” зүйл нь юу вэ?

Бөд аав мангир их ургасан Баянтайн хоолойд хонио оторлуулсан түүхээ дэлгэв. Зэргэлдээ байх мал аж ахуйн талбайн эзэн зусланд гарсангүй, хоньдоо уулын бэлчээртээ байлгаад өнгөрчээ. Бөд аав харин хонио Хөлөнбуйрын мангир их ургадаг бэлчээрийн нэг болох Баянтайн хоолой гэх газарт зунжин намаржин хариулжээ. Өвөл болоход өнөөх мал аж ахуйн талбайн эзэн гайхаж: “Танай хонь яагаад хуйлрах ч үгүй, ганцхан хоньчин хариулаад болоод байна? Манай хонь хуйлраад, үгүй бол гүйгээд хэдэн хоньчин хариулаад дийлэхгүй байна” гэж зовлонгоо тоочсон гэнэ. Тэгэхэд нь Бөд аав мангир идсэн хоньд зундаа нэг их ус уудаггүй, тосон тарга авна. Арьс нь зузаан, үс нь урт бөгөөд өтгөн болдог болохоор өвөлдөө даарахгүй. Харин услаг бэлчээрт байсан хоньдын арьс нь нимгэн, үс нь халцгай болохоор өвлийн хүйтнийг дааж дийлэхгүй байдаг ёсыг тайлбарлаж өгсөн байжээ. Мангир бол хужирлаг чанартай өвс, намартаа мал идвэл тосон тарга авдаг ажээ. Шинэ Барга баруун хошууны хонины мах одоогоор зах зээлд үнэлгээ сайтай байдгийн учрыг ч Бөд аав “Хужирлаг шороо, хужирлаг бэлчээр, хужирлаг ус”-тайгаас болсон гэж тодруулж байлаа. “Мал услаг бэлчээрт ч явах ёстой, зундаа услаг бэлчээрт усан таргаа авна. Хөлөнбуйрын малын дөрвөн улиралд идэх өвс бэлчээр нь өөр өөр, дөрвөн улирлаар нүүдэллэх ёстой” гэж Бөд аав ярив. 70-аад онд Бөд аав Хөлөнбуйрын мал аж ахуйн дөрвөн хошуугаар малын тарга хүчийг хянах багт оролцон явж байхад энэ Тэмээн хүзүү нутагт “Арван нэгэн хувийн таргатай адуу” байсан гэж хуучиллаа.
“Хөлөнбуйрын мал сүрэг нүүдлийн шувуу шиг байх ёстой, зусландаа гарах ёстой, зуслангаас ирэх ёстой”. Учир нь “Тэмээн хүзүүгээр жишээлэхэд баруун зүгт байгаа Галуут нууранд өмнө нь хун галуу ихтэй байсан. Өвс хагд зузаан болохоор хун шувуу зусдаг байв. Одоо зусланд явуулахгүй болоод нүцгэн тал, дүүрэн мал, дүүрэн хүн болж шувууд явчихсан. Зуны 06, 07, 08 дугаар сар шувуудын өндөглөх цаг. Энд мал байж болохгүй, зусланд явах ёстой. 09 дүгээр сарын дундаар шувууд нүүдэллэнэ. Бэлчээр  ч сэргэж мал зуслангаас буцна. Өвөл хавартаа өвс бордоо хэрэггүй, мал бэлчээрээ түшээд өснө. Мал ч тарган байсан. Чухам байгалиа жинхэнэ утгаар нь ашиглаж, жинхэнэ хамгаалж байсан”.

Бөд аав нутгаа сахисан малчин хүн боловч цаг төрийн байдал, улсын бодлого зэргийг андалгүй анхаарч мэддэг нэгэн байлаа. “Хуй голын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орныг байгуулсан нь шувуу, загас, байгалиа хамгаалахын төлөө юм. Улс орны удирдлагууд байгалиа хамгаалах тухай ярьж байна” гээд Бөд аав эрхий гаргалаа.

Өөрөө хүмүүжсэн “Ургамлын тусгай мэргэжилтэн”

Бид Эвенк хошууны Шинэхэн зүүн суманд явж байхдаа өнгө бүрийн цэцэг дэлгэрсэн талаар өнгөрөхөд эрхгүй татагдан машинаасаа буусан билээ. Харин эдгээр цэцгийн нэрийг Бөд ааваас сурч байх зуур Хөлөнбуйрын зуслангийн бас нэгэн чухал хэрэгцээг мэдэж авлаа. Улаан өнгөтэй хивсэн цэцэг, шар өнгөтэй хонгорзул гээд олон янзын цэцгүүд нь бүгд эмийн ургамал бөгөөд зуны дэлгэр цагт малчид малаа зусланд гарган бэлчээрээ сэлгэх үед эдгээр эмийн ургамлууд үрлэж боловсордог байсан ажээ. Хэрвээ мал зусланд гарахгүй бол эдгээр эмийн ургамлууд ургаж боловсорч амжаагүйгээр олон малд идэгдэн, үрлэж боловсрон эмийн материалд орох эмийн нөлөөгөө үзүүлж чадахгүй дуусдаг нь илэрхий. Хөлөнбуйрын мал аж ахуйн дөрвөн хошуу өмнө нь тогтсон зуслангийн газартай байжээ. Энэ Тэмээн хүзүү нутгийн байрлах Шинэхэн баруун сумын зуслан бол зундаа ч үсгүй арьсан дээлтэй зусдаг сэрүүн уур амьсгалтай, олон төрлийн ой мод өвс ургамалтай, рашаан булгийн устай, нэргүй олон ч гол горхитой хүйтний зуслан гэж байжээ. 1960-1982 он болтол үргэлжилж байсан хүйтний зуслан хувьчлал болоод бэлчээр нутаг хувийнх болж, нүүдэллэх, зусланд гарахгүй болж сүүлийн жилүүдэд байгалийн хамгаалалтын орон, ойт орон болгосон нэрээр ёс бусаар зусланг эзлэн хэрэглэсэн байдал нь Бөд аавын яриан дундаас мэдэгдэж байлаа.

"Ой дотор тариа гаргаад модод нь үхсэн, тэгээд олонхыг нь зогсоосон. Гэвч бас 30 хувь нь байсаар" гэж Бөд аав ярив.

Бөд аавын гадна нэг хэсэг нарсан ой холоос хөхөрч үзэгдэнэ. Хамт явж байсан нутгийнхан:

- Энэ нар модыг яагаад тарьсан бэ? Танай энд мод тарих хүн цөөн байх гэхэд

“Гол нь суурингаа хамгаалж нөмөртэй байлгахыг бодсон. Манай энд баруун өмнөөс жавар хэцүү. Зундаа бороо орохгүй, өвөл цас оровч салхи ихтэй болохоор шуураад хийсгээд байдаг. Газар чийггүй. Би нар мод тариад 15 жил болж байна. Нийт 300 гаруй суурь тарьсан. Зарим нь хатаж, 200 гаруй үлджээ. Энэ жилийн ган хэцүү, өдөржин шөнөжин ус тавиад усалж л байна. Мод таривал жаврыг халхална, чийг нэмэгдүүлнэ, байгаль сайжирна, зүйлийн шувууд ирнэ. Би нарсан ой дотроо явах дуртай. Нар модны сайхан үнэр сэнгэнээд, олон шувууд гангар гунгар дуугараад сайхан биз дээ” гээд Бөд аав мишээнэ.

Мөн өөрөө хүмүүжсэн “Ургамлын тусгай мэргэжилтэн” байлаа. Чихэр өвсийг газар хөлдөх, газар гэсэх үед малтвал жинхэнэ чихрийг нь олж авна. Хонгорзулыг хонь ёстой амтархан иддэг, цэцэг, навч, ишийг нь бүгдийг иднэ, тарга сайн авна. Хивсэн цэцийг хонь идэх дуртай, хүн ч идэж болно. Бүр эмд ч орно. Мангир идсэн малын махыг чанах, идэхэд ямар ч хольц багсарга хэрэггүй, хужирлаг шороо, ус, өвстэй нутагт ургадгаас болжээ.
“Өнгөрсөн өвөл би өмнө суманд манай нэг садан бэсрэг арга хэмжээ хийх гэснийг сонсоод хонио аваад очсон” гэж Бөд аав бас нэг түүхээ эхлүүллээ. Бүр жар дал гарсан ахмадууд оролцсон наадам байсан бөгөөд өвчин хуучтай хүмүүс олон байсан ба нэлээд олон нь нас барсан гэдгийг Бөд аав ойлгов. Тэгээд бүгд Бөд аавыг хараад: - Чи яагаад өвчин хуучгүй байна? Чиний бие яагаад ийм сайн байна? гэцгээжээ. Залуу зандан насандаа “Адууны мах идээд хөдөө шөнө унтсан ч даарахгүй арван хэдэн азарга адуу харж багийнхаа сайн адуучин явсан Бөд аав одоо ч морио унасаар хийсгэж явна.

- Би архи уухын оронд таргаа сайн уудаг, өөр зүйл ч нэг их иддэггүй. Нутгийн үхэр хонины мах, цагаан идээгээ гол төлөв иднэ. Эмийн ургамал зэрэг олон төрлийн өвс ургамалтай адил бус бэлчээрт явж, рашаан булгийн ус, тунгалаг голын усаа уусан малынхаа ашиг шимийг эдэлсэн хүмүүсийн бие сайн байх л ёстой гэв. Энэхүү ёсыг Бөд аав өөрийн биеэрээ гэрчилжээ.

1964 онд Бөд аав шугуйн хамгаалагчаар ажиллаж, сардаа 40.5 юанийн “Өндөр цалин” олдог ч зүгээр суугаад болохгүй гээд сайн дураасаа гарчээ. Тэгээд л адуучин болж, багийнхаа 700 гаруй адууг харж, мөн хувийн адуучнаар нийт 10 жил адуу дагажээ.

"Шөнөөр адуугаа дагана, хөдөө хэвтэнэ. Адуучин болоод идэх өмсөх дутахгүй. Идэшний мах хуваахад адууны зөөлөн мах авна, дураараа ид л гэсэн үг. Онд мэнд оруулахдаа сайн гээд мөнгөн эмээл хазаараар шагнуулж байсан. Тэгээд л одоо болтол хэрэглэсээр байгаа эмээл, хазаар, уурга маань юм” гээд Бөд аав гэрт өлгөсөн морины эдлэл хэрэгслээ зааж бахархалтай нь аргагүй ярина. Гэрийн гадна нь байх дамраар хийсэн мухлагуудыг Бөд аав бүгдийг өөрөө хийсэн гэх бөгөөд Япон цэргийн орхисон машины дугуйг ашиглан хийсэн тэмээн тэрэг, морин тэргээ бидэнд “100 жилийн түүхтэй тэрэг” гэж бахархан танилцуулсан билээ. Бөд гуай Тод, Магсар, Содном гэх гурван хүү, Тунгалаг, Цэцэг гэх хоёр охинтой. Аавынхаа адуунд хорхойтой “Ген”-ийг нь залгамжилсан гэмээр ажил мэргэжлийн дунд сургуульд морин мэргэжлийн сургагчаар ажиллаж байгаа бага охин Цэцэгийг нь хасвал бусад нь бүгд хувь чигтээ айл өрх босгожээ.

"Хөгшний минь хөл муу. Минийх харин ажиггүй, хөгшний минь ач биз ээ, өвөлдөө дулаан өмд, дулаан гуталтай өвөлжүүлнэ” гэж Бөд аав бие сайтай болсон тухайд гэргийнхээ ач гавьяаг ч дурдана.

Хөлөнбуйрын мал аж ахуйн оронд зусланд гарах ёс учрын тухай Бөд аав олон удаагаа хошууныхаа холбогдох газарт бичгээр санал дэвшүүлсэн байна.

“Маш сайн сануулга” гэж үнэлэгдэн бодлого боловсруулахад дэм болоосой гэж хүснэ...

Зохиогч: Нийтлэл: Наранчимэг, Өнөр
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:712
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой