”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Х.БҮРЭНБАЯР: - Бид диалектик шинжилгээгээр оношилдог

Х.БҮРЭНБАЯР: - Бид диалектик шинжилгээгээр оношилдог.

        Сүүлийн жилүүдэд монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүн олон нийтэд мэдрэгдэж, байр суурь нь дээшилсний улмаас Өвөр Монголыг дэлхийн хүмүүст таниулах чухал салбаруудын нэг болсон байна. Бид уламжлалт монгол анагаах ухааны тухай илүү мэдээлэл олохоор ӨМӨЗО-ы Олон улсын Монгол анагаах ухааны эмнэлгийн эмч Х.Бүрэнбаяртай ярилцлаа.

- Та өөрийгөө бидэнд танилцуулна уу? 

- Сайн байна уу, сайхан намаржиж байна уу. Намайг Х.Бүрэнбаяр гэдэг. ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин Зүүн гаран дунд хошууны Зайдан суманд нутагтай. 
- Эмчилгээний тэнхимийнхээ тухай танилцуулаач. Голдуу ямар өвчнийг оношлон засдаг вэ?
- Би ӨМӨЗО-ы Олон улсын монгол анагаах ухааны эмнэлгийн Уламжлалт арилгах үйлийн тасгийн ерөнхий эмч, тасгийн орлогч даргаар ажиллаж байна. Бид голдуу өвөг дээдсээс үлдээн уламжилж ирсэн монгол анагаах ухааны өвөө өвлөж, уламжилж, хөгжүүлэх тал дээр зүтгэдэг.
Монгол уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана, долоон тамир, гурван хир, бүхэл цогцын онол зэрэг олон шилдэг онолууд байдаг. Гэтэл бэлчир болон хий, шар, бадганы онолыг уялдуулан хөгжүүлэх буюу уялдуулан өвчин анагаах тал дээр арай дутмаг байгаа байдал уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш оршсоор ирсэн. Би сүүлийн жилүүдэд хэдэн талыг уялдуулан хөгжүүлэхэд ихээхэн ажил хийсэн. Та нар тун удахгүй энэ тухай бүтээл олж харах болно. Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд бид голдуу зүү засал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Зүү засал бол мөн манай тэнхимийн гол ажил болоод байгаа юм. 

- Таны ярьж байгаа засал гэж юуг хэлж байна вэ, энэ тухай танилцуулна уу. Монгол уламжлалт анагаах ухаанд ямар байр суурь эзэлдэг вэ?
- Заслыг таван засал гэж нэрлэж байгаа бөгөөд 2000 оны орчимд ингэж нэрлэх болсныг энд тэмдэглэмээр байна. Таван заслаа дотор нь ширүүн болон зөөлөн засал гэж хоёр хуваадаг. Ширүүн засалд ханаж, хатгах, төөнөх засал багтдаг бол рашаан засал, жин тавих нь зөөлөн засалд хамрагддаг. Одоо харин домнох, цайны засал, сэвслэг засал зэрэг олон төрлийн уламжлалт заслыг сэргээн ашиглах байдал сүүлийн жилүүдэд бий болжээ. Би өөрөө ч ханаж, хатгах, төөнөх, рашаан заслын чиглэлээр ажиллаж байсан. Нэг насаараа ийм эмчилгээ засал хийсэн хүн гэж хэлж болох бөгөөд би эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлд маш итгэлтэй. 
Өнгөрсөн жилүүдэд засал олон зүйлээс шалтгаалан монгол уламжлалт анагаах ухаанд төдийлэн өндөр байр суурьтай байгаагүй. Сүүлийн жилүүдэд заслын байр суурь дээшилсээр нэлээд өндөр төвшинд хүрсэн. Үүний учир юу гэвэл заслын эмчилгээ үр дүн сайтай, тэр дундаа зарим өвчтөний өвчнийг нь тэр дор нь анагааж чаддагт байдаг юм. Бас нэг шалтгаан нь эмчилгээний өртөг зардал харьцангуй бага учир өвчтөнд мөнгө хэмнэж өгдөг. Үүнээс гадна, засал хийхэд заавал эмнэлэгт хийх биш, хот хөдөө ч гэж ялгахгүй, цагийн хязгаар байхгүй хаана ч, хэзээ ч өвчтөнөө эмчилж болдог. Ингээд өнөөдөр гэхэд монгол уламжлалт анагаах ухаанд ийм өндөр байр суурьтайн дээр тэнгэр, газар шиг ялгаатай болсон гэж хэлэхэд хэтрэхгүй байх аа.


- Зүү засал ямар өвчнийг эдгээхэд давуу талтай вэ?
- Бараг бүх төрлийн өвчнийг эдгээх боломжтой гэж хэлмээр байна. Ихэнх хүмүүс зүү засал зөвхөн үе мөч, шар ус, эс шингэсэн, булчингийн саажилт зэрэг өвчинд л ач тустай гэж боддог. Монгол анагаах ухаанд хүний биеийн хий, шар, бадгана, долоон тамир зэрэг нь бүгд тэнцүү байвал хүн өвчилдөггүй гэж үздэг. Бид зөвхөн өвддөг газар зүү тавиад л өвчин эдгээчихдэг юм биш, харин өвчтөнд диалектик шинжилгээ хийж, яагаад энэ өвчнийг олсон шалтгаан, уг үндсийг нь судалж байгаад засалд оруулдаг. Бид арьсны өвчнийг ч засаж чадна. Бүх төрлийн эм хэрэглээд анагаадаг өвчнийг бүгдийг засалд хамруулж чадна гэж итгэлтэй хэлнэ. 
- Ингэхэд та яагаад эмч мэргэжлийг сонгосон бэ. Монгол уламжлалт анагаах ухаантай холбогдоод хэдэн жил болж байна вэ?
- Нутгийн нэг настан намайг эмч болвол сайн эмч болж чадна гэж үргэлж ярьдаг байсан. Энэ миний ирээдүйн ажлын сонголтод нөлөөлсөн байж магад гэж би боддог. Миний ах, эгч бүгд л надад багшилсан. Би өөрөө ч эмч болвол олон хүнийг анагааж эдгээх нь буян гэж бодоод их сургуульд элсэхдээ эмч мэргэжлийг анхны сонголтоо болгосон. 
Их сургуульд элссэн явдал бас их сонин түүхтэй. Төрийн бодлогоос шалтгаалан намайг бага сургуульд дөнгөж ороход бидэнд хятад хэлээр хичээллэх шаардлага гарсан. Би чинь их сургуульд орохоосоо өмнө хятад хэлээр сурч эхэлсэн хүн шүү дээ. Мөн намайг ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхад их сургуульд элсэх шалгалтад орж болно гэсэн болохоор шалгалт өгөөд их сургуульд элссэн. Тэгээд Өвөр Монголын Эм Эмнэлгийн дээд сургуулийг дүүргэсэн. 1987 оноос хойш амьдралаа уламжлалт анагаах ухаантай холбоод одоог хүртэл зүтгэж явна. 


- Энэ оны коронавирусийн халдварын эмчилгээнд уламжлалт анагаах ухаан ихээхэн нөлөө үзүүлж, эмчилгээний сайн үр дүнд хүрч чадсан. Та энэ тухай тодруулаач?
- Үүнд манай монгол анагаах ухааны давуу талыг хэлэхгүй байж болохгүй. Давуу талыг нь харьцуулж л байж тодруулах хэрэгтэй. Би Европ анагаах ухаантай харьцуулах хэрэгтэй гэж бодож байна.
Европ анагаах ухааныг бодвол Монгол анагаах ухаан хүний биеийг бүхэл цогцоор нь үздэг. Та нарыг орж ирэхэд би нэг өвчтөнд зүү тавьж байсан даа? Энэ настны хөл нь өвдөөд шатаар өгсөхөд ч хэцүү болсон байсан. Харин бид яагаад гар дээр нь зүү тавьдаг вэ гэдгийн учир нь бүхэл цогцоор нь анагаах ухаан юм.
Европ анагаах ухаан буюу орчин үеийн шинжлэх ухаан нь дүрс, шинжилгээ, судалгаа, мөн өндөр хүчин чадалтай технологийн тусламжтай судалгаан дээр тулгуурладаг. Харин бид ихэвчлэн асуух, хүрэлцэх, үзэх хэдэн аргаар анхны оношилгоо хийдэг. Дараа нь хий, шар, бадгана зэрэг олон баримтаар өвчнийг дахин оношлоод, эм хэрэглэнэ. Тухайн өвчтөнийг зөвхөн өөрт нь зориулсан эм, тан, заслаар эмчилнэ. Европ анагаах ухааны хэрэглэх эм зөвхөн тухайн өвчиндөө суурилсан байдаг. Ихэнх тохиолдолд өвчтөний хувь хүний ялгааг төдийлэн нарийвчилдаггүй. Нөгөө талаар монгол эм бэлдмэлийн орц болгон байгалиас үүсэлтэй. Ургамал, амьтнаас боловсруулсан, хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй зэрэг олон давуу талтай. Эдгээрийг гэрчлэх хамгийн сайн жишээ бол энэ онд дэгдсэн коронавирусийн халдвар болсон.
“СОУID-19” бол өмнө нь байгаагүй халдварт өвчин. Илүү олон хүний амь насыг хороож буй шинэ вирус бөгөөд халдвар нь хүмүүст мэдэгдэж буй бусад вирусуудээс хамаагүй их байгаа юм. Гэсэн хэдий ч манай монгол анагаах ухаан үүнийг мөн хий, шар, бадганы тэнцвэр алдагдсан уламжлалт аргаар эмчилгээнд хамруулаад сайн үр дүнд хүрсэн. Гаж нөлөөг нь ч багасгаж чадсан. Халдварын үед ХКН-ын ӨМӨЗО-ы бүх шатны Намын хороо, Засгийн газар “СОУID-19” тахлыг монгол уламжлалт эмчилгээгээр анагаах, урьдчилан сэргийлэх тухай төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бид төрийн бодлогын дэмжлэгтэй ажилласнаар ӨМӨЗО-д бүртгэгдсэн өвчний тохиолдлууд бүгд эдгэсэн юм. Мөн сүүлийн үед цар тахлаас урьдчилан сэргийлэх “Есөн хар” нэртэй зүүлт судлан гаргасан нь хүмүүст маш их таашаагдаж байна. 
Энэ нь уламжлалт монгол анагаах ухаан өргөн цар хүрээтэй хөгжлийн орон зай, гэгээн саруул ирээдүй рүү биднийг бас чиглүүлж өгсөн гэж бодож байна.


- Эрүүл мэндийн тал дээр та ямар зөвлөмж өгмөөр байна? 
- Үүнд хамгийн тэргүүнд бид өвчин яаж үүсэж байгаа шалтгааны тухай ойлгох хэрэгтэй. Хий, шар, бадгана тэнцвэрээ алдвал өвчин үүсдэг гэж би дээр дурдсан. Энэ бол ерөнхий шалтгаан гэсэн үг. Бас идээ ундааны нөхцөл, явдал мөр, цаг улирлын болон бусад нөхцөл гэж дөрвөн нөхцөл бий. Эдгээрийг бүгдийг зохицуулж авч явбал өвчин тусахгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. 
Бид амьдрал ахуйдаа давс, чихэр зэрэг амтлагч буюу бусад амттаныг хэт их идэхгүй байвал сайн. Эдгээр бүтээгдэхүүн эрүүл мэндэд ашиггүй. Хоол хүнсийг хэт их хэрэглэхийг бас цээрлэвэл зохино. Хүн өлсгөлөн явбал биеийн энерги, далд хүчийг уудлан хөгжүүлж чаддаг. Ер нь хоол хүнсээ зөв зохицуулж идэхийг цаг үе биднээс шаардаж байна л даа.
Явдал мөрийн нөхцөлийн талаар орой унтаж, орой босох нь эрүүл мэндэд тун ашиггүй. Эрт унтаж, эрт босох нь сайн. Зохистой дасгал хөдөлгөөн хийхээс гадна, урлаг соёлын арга хэмжээнд оролцох нь булчинг чангаруулж, биеийг чийрэгжүүлдэг төдийгүй, бие сэтгэлийн эрүүл мэндэд ч ашигтай.
Айл өрх бүр нийгмийн хөгжлийг дагаад авто машинтай болж, таван алхам төдий ойр зайд ч машинаар явдаг хүмүүс зөндөө бий. Тэдэнд машинаа орхиоч, нар салхи үзээч гэж сануулмаар байна. Ялангуяа, хүүхдүүд гар утас хэт их хэрэглэх, машинд суух цаг урт байх зэргээс шалтгаалан янз бүрийн насны хүмүүст тусдаг олон төрлийн өвчин бий болсон нь биднийг санаа зовнихгүй байхын аргагүй болгосон. Ингээд хүүхдүүдээ хээр гадна сайн гүйлгэж тоглуулж бай гэж хэлье. 
Цаг уураас шалтгаалан олон өвчин үүсдэг гэдгийг ойлгох ёстой. Ялангуяа, залуучууд хүйтэн нойтон улиралд ч нимгэн хувцаслаж явдаг. Энэ бол тун буруу. Хувцсаа нимгэлж зузаалахдаа сайн зохицуулах ёстой. Хэрэв олон жилийн турш даарч бээрээд байвал өтлөхийн цагт энэ зовлонгоо амсана шүү дээ. Тэр дундаа охид, бүсгүйчүүд доороосоо даарвал голын хий, эмэгтэйчүүд болон бөөр, давсагны өвчнөөр өвдөнө. Тэгэхээр доороосоо даарахгүй байх нь чухал юм гэж охид бүсгүйчүүдэд онцгой сануулга болгож байна. 

- Монгол Улсаас олон өвчтөн таныг зорьж ирдэг гэсэн. Монголд очиж байсан уу?
- Би ажлаар бол Монгол Улсад очиж байсангүй. Харин тэнд жуулчилж явсан. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй нутаг даа. 
Монголоос олон өвчтөн намайг зорьж ирдэг. Зарим нь намайг хэдэн жил дагасан өвчтөн ч бий. Голдуу нуруу, хүзүү, үе мөч нь өвдсөн өвчтөнүүд их хувийг эзэлдэг. 
Өнгөрсөн оны 07-р сард манай захирал нэг өвчтөн авчирсан. Би ч олон юм асуугаагүй, өсгий нь өвдөж байна гэхэд нь гар дээр нь зүү тавьсан юм. Тэгэхэд тэр хүн их гайхаад “Миний өсгий өвдөж байхад яагаад гар дээр хатгаж байгаа юм бэ” гэж асууж байсан. Тэгэхэд нь  би “Өсгийг чинь анагааж засаж байна” гэж хариулснаа санаж байна. Зүү тавьж дуусахад түүний өвддөг газар нь өвдөхөө болиод хэдэн өдөр ажиллаад ч өвдөөгүй учир буцахаасаа өмнө над дээр дахиж нэг удаа ирсэн. Харин бүр сүүлд нь би түүнийг Монголын Батлан хамгаалах яамны том дарга байсныг нь мэдсэн. Ийм жишээ олон бий. 


- Ирээдүйн ажлын төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
- Өөрсдийн чиглэлээр эрдмийн ажлаа идэвхжүүлнэ гэж бодож байна. Одоо би зөвхөн ерөнхий хий, шар, бадганыг л бэлчиртэй анхны алхам уялдуулан судлах аргыг олоод байна. Энэ бол зөвхөн анхны алхмын ажил гэж хэлж болно. Учир нь Монгол анагаах ухаанд 15 хий, 15 шар, 15 бадгана байдаг. Энэ бүхний бэлчрийг нь олж, уялдуулан хөгжүүлэх гэдэг том ажил л даа.
Би өөрийн гэсэн “гарын” хоёр шавьтай. Тэтгэвэрт гарахаасаа өмнө энэ хоёр шавьдаа өөрийн чаддаг, мэддэг бүх зүйлээ зааж өгөх бодолтой. Тэгэх ч ёстой. Хоёр шавиа ирээдүйд маш сайн эмч, том эмч болж, олон өвчтөнүүдэд үйлчлэхийг юунаас ч илүү хүсдэг. 
- Үнэтэй цагаа гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
- Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе. Баярлалаа.

 

 

Зохиогч:Б.АРИУХАН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:445
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой