Зүүн хойд Азийн олон хэлийг тоон хэлбэрт шилжүүлэх төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол 2020 оны 11-р сарын 17-ны өдөр Хятадын нийслэл Бээжин хотноо боллоо.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хойд Азийн хэлний төвийн удирдлага, БНХАУ-ын ШУА, ӨМӨЗО-ны Мөнхгал, Орхон төслийн төлөөлөгчид оролцлоо. Ёслолын үеэр программ зохиох, дээрх хэлнүүдийн үгсийн санг эргэлтэд оруулах чиглэлээр 11 гэрээнд гарын үсэг зурснаар олон хэлийг хамгаалж хөгжүүлэх боломж тавигдав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч ӨМӨЗО-ны Зүүн хойд Азийн хэлний төв нь Өвөр Монголын их сургууийн шууд харъяаны байгууллага юм. Тус төвд улсын дотоод гадаадын 15 тусгай мэргэжилтэн урилгаар ажилладаг юм байна. Энэ төв ӨМӨЗО-ны Засгийн ордны “ӨМӨЗО-ны Зүүн хойд Азийн хэлний төвийг байгуулах” төслийг хэрэгжүүлэгч нэгж ажээ. 2021 оны 08-р сар хүртэл Зүүн хойд Азийн хэлний онлайн музей байгуулахын зэрэгцээ тухайн хэлнүүдийн үйлчилгээний системийг ашиглалтад оруулах, хэлний цахим сан хөмрөг бий болгох зорилготой ажиллаж байна. Тухайн хэлний санд монгол хэлний салаа бүхий нутгийн аялга, сурвалж бичгүүдийг төвлөрүүлэх юм байна.