Та бүхэндээ Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Үржинхандын үг, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошууны Улаанмөчирийн морин хуурч, аялгуу зохиогч Т.Дэгжилтийн ая, Өвөр Монголын Партизан хамтлагийн дуучин Сүх болон Хөвөөт Шар хошууны Улаанмөчирийн дуучин Сэцэнгоо нарын дуулсан шинэ уран бүтээл ”Эерэг бодол хүчтэй” дууны уран бүтээлийг хүргэж байна.
ЭЕРЭГ БОДОЛ ХҮЧТЭЙ
Энэ хорвоо уудам, эрдэнийн биеэ хайрлацгаая
Эрхмийн цаад эрхэм эрүүл энхийг дээдэлцгээе
Хүний ертөнц уужим, хүсэл мөрөөдөлдөө тэмүүлцгээе
Хүчирхэг сэтгэлийн тэнхээгээр хүнд бэрхийг туулцгаая
Эерэг бодол хүчтэй
Тийм ээ, эерэг бодол хүчтэй
Өдөр шөнө ээлжилдэг, дандаа
Өндөр тэнгэр шиг саруул сайхныг урин дуулцгаая
Өглөө орой солигддог, дандаа
Өнийн амьдралдаа гэгээн сайхныг урин дуудацгаая
Эерэг бодол хүчтэй
Тийм ээ, эерэг бодол хүчтэй
Эрхэс одод ивээж байдаг, дандаа
Эвийн дээдээр хүн бүр баяраар бялхаасай
Энхийн наран мандаж байдаг, дандаа
Энэ дэлхийн зүрх бүхэн жаргалтай байгаасай
Аадрын үүлсийг сарниаж хурмаст хэзээд цэлмэдэг
Алтан нарны цацраг даян дэлхийг ивээдэг
Агуу бодлынхоо хүчээр зүрх бүхэн гэрэлтээрэй
Амьдралын эрчит давалгааг урам зоригоороо даваарай