Өвөр Монголын Залуу дуучин Т.Цэцэнбилэгийн ”Ганган Хул” уран бүтээлийн цомгийн нээлтийн хурал 01-р сарын 12-ны өдөр Хөххотноо утга төгөлдөр болж өндөрлөлөө.
Цомогт ”Өндөр халиун морь”,”Амьдрал өргөсөн ээж минь”, “Бурхан шажин огторгуй”, “Дөрвөн цагийн дурсамж”,”Өнчин цагаан ботго”,”Ганган Хул”, “Зүүдний говь”, “Үүр шөнийн нулимс” ”Зонхир луужын шил”,”Нартай сүү” зэрэг 10 дуу багтжээ. Монгол ардын уртын дуу, ардын дуу, зохиолын дууг өвөрмөц хэв маягаараа амилуулан дуулсан ”Ганган Хул” уран бүтээлийн цомгоо сонсогчдын хүртээл болгосон байна.
Т.Цэцэнбилэг бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Харгант багийн Уугуул малчин Ц.Түмэн-Өлзий, Б.Жавзангийн том охин юм. Тэрээр Өвөр Монголын уртын дууны урлаг судлалын гишүүн, Үзэмчин уртын дууны нийгэмлэгийн гишүүн. Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр урлагийн бүлгэмийн гоцлол дуучнаар ажиллаж байна.
“Ганган хул” уран бүтээлийн цомгийн нээлтийн хуралд улсын нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлч, улсын дэсийн Биет бус соёлын өвийн монгол уртын дууны төлөөлөх чанартай өвлөн уламжлагч, Хятад улсын дуу хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын уртын дууны нийгэмлэгийн байнгын орлогч тэргүүн Загдсүрэн, Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр урлагийн бүлгэмийн хөгжмийн зохиолч, ”Сарнаа” шагналын эзэн, Аялгуу хамтлаг, OU хамтлаг, Mr.CMS хамтлагийн хөгжим найруулагч, залуу уран бүтээлч Оргил, Өвөр Монголын монгол одон телевизийн хөтлөгч, Өвөр Монголын монгол одон телевизийн ”Морин эрдэнэ” нэвтрүүлгийн хөтлөгч Идэрбаатар ба Т.Цэцэнбилэгийн хүндэт аав ээж морилон саатаж, түүний урлагийн зам мөр, мөн шинэ цомгийн тухай халуун ярилцага өрнүүлсэн байна.