Ногоон цайг долоо хоногт хамгийн багадаа гурван удаа ууснаар зүрх судасны өвчнөөр нас барах магадлал буурч, урт удаан, эрүүл амьдрахын эхлэл болдгийг нэгэн шинэ судалгааны дүн харуулсан байна.
Хятадын судлаачдын тогтоосноор цайг удаан хугацааны турш тогтмол уусан хүмүүсийн мэдээллээс үзэхэд ногоон цай уух нь хар цайнаас илүү эрүүл мэндэд ашиг тустай аж. Мөн цайны эрүүл мэндийн ашиг тус эрэгтэйчүүдэд илүү тодорхой илэрсэн байна.
Судлаачид зүрхний шигдээс болон цус харваж байгаагүй, хорт хавдаргүй 100902 иргэний мэдээллийг судалжээ. Тэдгээр иргэдийг цай тогтмол уудаг /долоо хоногт 3-4 удаа/, цай уудаггүй гэсэн хоёр бүлэгт ангилсан бөгөөд долоон жилийн дараа тэдний мэдээллийг харьцуулж үзсэн байна.
Судалгааны дүнгээс үзэхэд цай тогтмол уудаг хүмүүсийн зүрх судасны өвчин, зүрхний шигдээс тусах эрсдэл 20 хувиар буурсан байсны зэрэгцээ энэ төрлийн өвчнөөр нас барах магадлал мөн 22 хувиар буурсан байв. Түүнчлэн тэдний цай уудаггүй хүмүүстэй харьцуулахад 1.26 жилээр илүү наслах магадлал өндөр байсан байна.
- Бид цай тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үүсэх эерэг нөлөөнүүдийг олж тогтоосон бөгөөд эдгээр үр дүн эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдийн бие махбодид илүү тодорхой ажиглагдсан гэж Хятадын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Дунфэн Гу мэдээллээ.