”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хулсны ширхгээс хөвөрсөн гайхалтай нэгэн нас

Дэгээтэй хутга, хусуур хутга, зүсүүр хутга, шугам, диаметр хэмжигч, хавтгай харуул, шөвөг зэрэг төрөл бүрийн багаж хэрэгслийг тавиур дээр эмх цэгцтэй байрлуулсан нь нүдэнд тусна.

74 настай Лю Жяфэнгийн өөрийн гараар хийсэн хулс зүсэх зориулалттай жигдэлсэн \эгнэмэл\ зүү үнэхээр гайхалтай байлаа. Зүүн гараараа хулсыг бага зэрэг дарж, баруун гараараа жигдэлсэн зүүгээ хулсан дээгүүр зөөлхөн гүйлгэхэд нэг см өргөн хулсан зүсмэлийг үс шиг нарийн, царцааны далавч шиг нимгэн 32 жигд хулсны ширхэг \утас\ болгон хуваасан байх юм. Тэдгээр ширхгүүд нь ердөө 0.3 мм өргөн, 0.02 мм зузаантай байсан нь хачирхалтай.

Сычуань мужийн Дажөү хотын Чюй шяньд сурвалжлагаар явахдаа сэтгүүлч миний биед Хятадын алдарт уран зургийн дархан, үндэсний биет бус соёлын өв болох "Чюй шяний Лю овогтын хулсан гөрмөл"-ийн өвлөн уламжлагч Лю Жяфэнгийн хулс цуулах ур мэргэжлийг үзэх аз завшаан тохиосон юм. Мөн энэ өвөрмөц ур чадвар нь түүний хулсан гөрмөлийн гайхалтай урлагийг бүтээжээ.

Хулс цуулах ур мэргэжлийг шаргуу суралцсан нь

Лю Жяфэн 1946 онд Сычуань мужийн Чюй шяний нутаг дахь нэгэн алслагдсан тосгонд мэндэлжээ. Тэдний нутагт хулс их ургадаг бөгөөд ихэнх тосгоны иргэд хулсаар сагс, гадар, дэвүүр зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ гөрдөг байв. Лю Жяфэн хар багаасаа хулс нэхэхийг маш их сонирхож, гар урчуудыг даган тэдний уран гараараа хулс нэхэхийг харах дуртай байв. Лю Жяфэн долоон настай тэр жил нагац ахынхаа гэрт тоглохоор очиход гурван нагац нь шөнө ажлаасаа буцаж ирсний дараа дэвүүр гөрж суухыг хараад түүний “гар нь загатнаж”, нагац ахаасаа гөрмөлийн ур ухаан сурахыг хүсчээ. Лю Жяфэн тийнхүү нагац ах нарынхаа зааварчилгаагаар амьдралдаа анх удаа хулс нэхэхийг сурч, шумуул хөөж, сэрүүцэх зориулалттай хулсан дэвүүр хийж үзжээ.

Лю Жяфэн нагац ахынхаа гэрээс эргэж ирсний дараа хоёр дахь өдрийн өглөө эрт анх удаа өөрөө хулс унагааж, хулсан ширхэг зүсэхээр оролдов. Хулсыг зүсэх үйл явц нь хулсыг модон хутгаар тасралтгүй цуулах ажил юм. Нэгийг хоёр, хоёрыг дөрөв, дөрвийг найм гэх зэргээр цуулж, шаардлагатай өргөн хүртэл цуулна. Харин түүний эхний зүсэлт л гэхэд ташуу явсан байв. Цуулж гаргасан хулсан ширхгүүд нь өргөн, нарийн, зузаан, нимгэн янз бүр байлаа. Хулсан ширхгийг зүсэж дуусаагүй байхад хутга зүүн гарын эрхий хурууг нь зүсээд цус урсаж байв. Хулсан зүсмэл нь мөн хутга шиг хурц иртэй, алга, хуруунд нь хэд хэдэн шарх үлдээсэн байна.

Гэсэн хэдий ч долоон настай Лю Жяфэнд ялагдалдаа бууж өгөхгүй зан чанар хэдийнээ төлөвшсөн байв. Хулс хэдий дуулгаваргүй байх тусам түүнийг ялахыг хүснэ. Шарх сорви нь эдгээгүй байхад л ууланд гарч дахин хулс цавчин, цуулах ур мэргэжлийг давтаж, цуулаад дуусвал дахин цавчина. Аажмаар хулс улам бүр дуулгавартай болж, хүссэнээрээ нимгэн, зөөлөн зүсдэг болов.

Дараа нь Лю Жяфэн уул ус, цэцэг, шувууны хээ нэхэх дадлага хийж эхэлжээ. Тэрээр дунд ангид байхдаа хулсан дэвүүр дээр 10-20 хятад үсэг гарган нэхэж чаддаг болж, тосгоны иргэдийн дунд "Гоц авьяастай хүүхэд", "Дэвүүр хамгийн сайн нэхэгч" гэх зэргээр нэрлэгдэх болжээ. Тосгоны хүнсний төв, сургууль, тосгоны захиргааны ажилтнууд хүртэл түүн дээр ирж, хулсан дэвүүр захиалан хийлгэдэг болов.

Лю Жяфэн хээ гарган нэхэх ур мэргэжлийн үндсэн дээр олон удаа туршиж, судалсны эцэст хулс нэхэх "Гүвгэр хээтэй нэхэх арга"-ыг зохион бүтээж, янз бүрийн нарийн төвөгтэй хэв угалзыг нэхэж чаддаг болжээ. Тэрээр мөн Зигүн хотод очиж "Гүн Шань" хэмээх дэвүүрийг хийх ур мэргэжилд суралцан, "Гүн Шань" дэвүүрийн гурав дахь үеийн залгамжлагч Гүн Юйвэний удирдлагаар "Гүн Шань" нэхэх арга барилыг өөрийн гүвгэр хээтэй нэхэх аргад шингээсэн байна.

1973 онд Лю Жяфэн Зигүнгийн "Гүн Шань” шиг тансаг нарийн сүлжсэн анхны хулсан ширхгийн дэвүүрээ бүтээсэн. Энэ нь Сычуань мужийн гар урлалын импорт, экспортын компанид таалагдаж, 20 ширхэг дэвүүр экспортлох гэрээ байгуулсан байна. Энэ бол БНХАУ байгуулагдсанаас хойш Чюй шяний анхны экспортын бүтээгдэхүүний захиалга юм. Түүнийг ажлаа биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалж тухайн жилийн 06-р сард Лю Жяфэнг шяний хоёрдугаар хөнгөн үйлдвэрийн товчоонд шилжүүлэн ажиллуулав. Хоёр жилийн дараа тэрээр 20 дэвүүрийн үүргээ дуусгаж, гадаадад цаг тухайд нь экспортолсон байна. Түүний сүлжсэн нэг дэвүүрийн төлбөрөөр гадаадад нэг машин авах боломжтой аж.

Хулс нэхэх ур чадвар ийм их үнэ цэнийг авчирч чадна гэдгийг мэдсэн Лю Жяфэн гайхаж, догдолж байлаа. Түүнээс хойш тэрээр хулс нэхэхийг улам бүр судалж шинжилж, шинэ гар урлал, шинэ бүтээгдэхүүн гаргахыг хичээдэг болжээ. 1980 онд Чюй шяний гар урлал, уран зургийн үйлдвэр байгуулагдаж, Лю Жяфэн үйлдвэрийн захирлаар ажиллах болов. 2001 онд тус үйлдвэрийг Сычуань мужийн Лю овогтын хулсан гөрмөл урлалын ХК болгон өөрчилсөн байна.

 Хулсан гөрмөлийн ур мэргэжлийг шинэчилсэн нь 

"Лю овогтын хулсан гөрмөл" гар урлалын бүтээгдэхүүний галерейд орж ирэхэд хулсаар гөрж хийсэн уран бичлэг, уран зураг, урлагийн бүтээлүүд нүд баясгана. Хавтгай зураг ч байг, шаазан савыг ороосон гөрмөл бүтээл ч байг бүгд туйлын нарийн тансаг, будаг бэхсээр зурсан мэт, хулсан гөрмөлөөс бүтсэн гэж төсөөлөхөд бэрх байлаа.

Лю Жяфэнгийн бүтээсэн зүсүүр хутга ба жигдэлсэн зүү нь 0.3 мм нарийн , 0.02 мм-ийн нимгэн хулсан ширхгийг цуулж авах боломжтой. Энэ бол түүний өөртөө зориулж тавьсан стандарт бөгөөд механик мэргэжилтний хэмжүүр багаж ч түүний зузааныг хэмжих боломжгүй байдаг. Мөн ийм нарийн бөгөөд нимгэн хулсан ширхэг нь Лю Жяфэнгийн гараар дамжин тэдгээр тансаг уран бүтээлүүдийг зохион бүтээсэн байна.

Лю Жяфэн хулсаар гөрж хийсэн нэгэн хавтгай зургийн урд зогсоод:

- Энэ бол миний өөрөө зохиосон "Диваажин" нэртэй зураг. Зургийн арын хэсэг нь Сычуань мужийн Жю Жай Гөү нутгийн үзэсгэлэнт уул ус. Гэнэн цайлган, аварга том хэдэн панда энд амьдардаг. Зарим нь өндөрт авирч, зарим нь хулсан навч идэж байна. Ийм эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрал бол манай ард түмний хүсдэг диваажин юм гэж хэллээ.

Лю Жяфэн хулсаар гөрж хийсэн Цагаан Дарь эхийн зургаа зааж, түүний хулсан нэхмэлийн ур мэргэжлийн оргилыг төлөөлж буй сүүлийн хоёр үеийн хамгийн сэтгэл ханамжтай уран бүтээл болохыг танилцуулав.

Лю Жяфэн 2017 онд Төвдийн нутагт Чин гүрний үеийн нэгэн Танкаг харж, түүний уран зургийн гайхалтай ур мэргэжлийг гайхан биширч, энэхүү бүтээлийг хулсаар сүлжиж урлахыг хүсэв. Зураг дээрх Цагаан Дарь эх булбарай цагаан арьстай, таван өнгийн тэнгэрлэг дээл өмссөн, хүзүүндээ үнэт эдлэл зүүж, толгойгоо цэцгийн эрихээр чимж, бадамлянхуа индэр дээр завилсан бөгөөд ээмэг, бугуйвч, бөгж гэх зэрэг олон сайхан чимэглэлтэй учраас хулсан утсаар сүлжиж хийхэд маш хэцүү байдаг.

Гэхдээ Лю Жяфэн бол сорилт хийх дуртай, улам хэцүү болох тусам илүү оролдох дуртай нэгэн. Тэрээр нэг квадрат см тутамд 48 ширхэг хулсан утас нэхэх үндсэн дээр янз бүрийн тусгай нэхэх аргыг шинэлэг байдлаар ашиглаж, угийн хоёр давхар нэхэх аргыг гурван давхар болгон хөгжүүлэв. Бүтэн жилийн дараа тэрээр анхны зурагтай ижил үзүүлэлттэй хулсан бүтээлээ дуусгав. Хулсаар бүтээсэн Цагаан Дарь эх энэрэнгүй, эелдэг бөгөөд баялаг чимэглэлтэй, үзэсгэлэнтэй, уран зурагтай харьцуулан өгүүлэхээр амжилттай болсон байлаа.

Энэ ажил дуусангуут ​​Лю Жяфэн тус уран бүтээлээрээ дэлхийн анхны хулсан гар урлалын экспод оролцохоор Бээжинг зорив. Тэндээс алтан медалийн эзэн болжээ. Яармагийн үеэр Лю Жяфэн мөн "Ази, Номхон далайн бүс нутгийн хулсны гар урлалын мастер" цолоор шагнуулсан байна. Энэ нэр хүндийг дэлхийн хэмжээнд ердөө найман хүн хүртсэн байдаг.

Олон арван жилийн турш хулсан гөрмөлийн ажил эрхэлж ирсэн Лю Жяфэнгийн хувьд уран бүтээлүүдээрээ олон улс, улсын дотоодын үзэсгэлэнгээс 70 гаруй удаа шагнал хүртэж байсан түүхтэй. Тэрээр мөн хөнгөн үйлдвэрийн салбарын хулсан гар урлалын үндэсний стандартыг эмхэтгэх ажлыг удирдан хийжээ. Түүний боловсруулан бүтээсэн "Хулсан гөрмөлийн цуврал шинэ бүтээгдэхүүнүүд" нь үндэсний шинжлэх ухаан, технологийн хяналтыг хангаж, гадаадаас олон захиалга авч байв.

Уламжлан түгээхэд сэтгэл тавих болсон нь 

"Лю овогтын хулсан гөрмөл" бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд сэтгүүлч олон янзын гоёмсог, практик үнэ цэнтэй хулсан бүтээгдэхүүнийг сонирхлоо. 

- Эдгээр нь бүгд миний хүү Лю Жянгийн дизайн. Хүүгийн маань бүтээл маш их алдартай, энэ жил 10 сая гаруй юаний орлого олсон гэж Лю Жяфэн хэллээ.

Лю Жяфэн хүүгээрээ маш их бахархдаг. Хүү Лю Жян нь 1977 онд төрсөн, Баруун Өмнөдийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг Дизайны мэргэжлээр төгсөөд Бээжинд ажиллажээ. 2010 онд Лю Жян эхнэрийн хамт Сычуаньд буцаж ирээд эцгийнхээ компанид бүтээгдэхүүний дизайн хийх ажлыг хариуцах болов. Өнөөдөр тэрээр "Чюй шяний Лю овогтын хулсан гөрмөл"-ийн мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч болж, Сычуань мужийн гар урлалын мастер цол хүртжээ.

Лю Жян орчин үеийн гоо зүйг уламжлалт хулсан гар урлалд суулгаж, даруу, эгэл жирийн бөгөөд өвөрмөц ​​шинж чанарыг уялдуулахыг баримталдаг байна. Өмнө нь шаазан эдлэлийг хулсаар боох ажлыг хийхдээ бүгд бэлэн шаазан эдлэл дээр хийдэг байсан. Харин Лю Жян хэрэглэгчийн хүсэл сонирхлын дагуу өөрөө шаазан эдлэлээ зурж төлөвлөн захиалгаар хийлгэдэг болов. Түүний бүтээсэн хулсан нэхмэл цүнх, үсний хавчаар, хулсан сийлбэр зэрэг олон арван цуврал шинэ бүтээгдэхүүний загвар нь зах зээлд маш их эрэлттэй болсон байна.

Лю Жяфэн мужийн зэрэглэлийн гар урлалын таван мастерыг хүмүүжүүлсэн гэдгээрээ хамгийн их бахархдаг байна. Түүний хүү Лю Жянгаас гадна Ли Чүньмэй, Лү Лижү, Ли Цюн, И Чинь нар бүгд “Лю овогтын хулсан гөрмөл” компанид ажилладаг байв.

Лю Жяфэнгийн ажлын өрөөний хажууд хулсан уран бичлэг, уран зургийн өрөө байрладаг. Түүний хоёр шавь болох Ли Чүньмэй, Вань Зүнчюй нар тэнд завгүй ажилладаг байлаа. 

- Би 1987 онд дунд сургуулиа дөнгөж төгсмөгц багшийнхаа хулсан гөрмөлийн үйлдвэрт элсээд өдий хүртэл ажиллаж байна гэж Ли Чүньмэй хэллээ. Лю Жяфэн шавь нартаа маш нарийн хянамгай хандаж, хийсэн бүтээл бүхэнд нь оноо өгдөг багш юм. Ли Чүньмэй байнга 90-ээс дээш оноо авч байсан. Хожим нь Лю Жяфэн түүнийг уран бичлэг, уран зураг нэхдэг болгож, мөн түүнд шавь ч дагуулдаг болов. Түүний хамгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг нь үндэсний хэмжээний алтан шагнал хүртэж байсан түүхтэй.

Нэг давхарт байрлах ажлын өрөөнд нь Лю Жяфэнгийн өөр нэг шавь болох Лү Лижү арван хэдэн залуу эмэгтэйд шаазан аяганы гэр нэхэхийг зааж өгч байв. 

- Би энэ олон жил энд ажиллаж байна. Олон газруудаар ажил хайж цагаачлах шаардлагагүй, эндээ ажиллаад суухад бүгд дуртай гэж Лү Лижү ярьлаа.

Сүүлийн жилүүдэд “Лю овогтын хулсан гөрмөл” компани орон нутгийн 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үйлдвэрлэлийн хэмжээ нь жилд 60 сая юанийг давж байна. Лю Жяфэн 2017 оноос хойш "Хятадын биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчдын ​​судалгаа, сургалтын хөтөлбөр"-т олон удаа уригдаж оролцсон. Шанхайн Түнжи Их Сургууль, Сычуаний Дүрслэх Урлагийн Академи, Жэнжөүгийн Хөнгөн Аж Үйлдвэрийн Дээд Сургууль зэрэг сургуулиудад уригдан багшилж байна.

- Энэ ур чадварыг эзэмших хүсэлтэй ийм олон залуусыг хараад залгамж халаа байхгүй болно гэдэгт би санаа зоволтгүй болсон гэж Лю Жяфэн олзуурхан ярьсан юм. Хэдийгээр нас сүүдэр өндөр болсон хэдий ч тэрээр хутгаа тавиагүй, хулсан урлагийн бүтээлүүдийг илүү сайн, илүү олон хийх гэж хичээн зүтгэсээр явна.

Зохиогч:ЛЮ ЮЙГҮӨ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Хятадын Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1198
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой