”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үндэстний соёлоор солонгорсон үзэсгэлэнт Дали

Бай үндэстний охин хайр дурлалын бэлгэдэл шингээсэн толгойн гоёл зүүчихсэн цэцэг атаархтал инээмсэглэж, И үндэстний бүсгүй олон зуун жилийн түүхтэй тууль хайлан, эр зоригоо гайхуулсан Лисү үндэстний залуу хар хүү, үндэстний уламжлалт хүнс хоол бэлтгэх хотон үндэстний ах гэхчилэн Юнь Нань мужийн Дали дахь Бай үндэстний Өөртөө засах жөүд ирсэн хүн бүхэнд үндэстний соёлоор солонгорсон ”Цэцэрлэгт хүрээлэн”-д орсон мэт мэдрэмж төрүүлнэ. Үзэсгэлэнт сайхан энэ нутагт үндэстний цөөнхийн хүн ам нийт хүн амын талаас илүү хувийг эзэлдэг. Бай, Хятад, И, Хотон, Лисү, Мяо, Наши гэх зэрэг 13 үндэстний оршин суугчид энд эв найртай амьдран оршиж байна.

     Энэ нутагт үндэстнүүдийн эв нэгдлийн сайн сайхан үлгэр түүхүүд үргэлж төрсөөр байдаг. Хятадын Тан гүрний эхэн үед И үндэстний эзэн хаан төр байгуулсны дараа "Бай Зи улс"-ын гурав дугаар гүнжтэй гэрлэж, үндэстний эв нэгдлийн сайхан түүхийг бүтээж байсан гэх үлгэр домог байдаг. Мянга гаруй жилийн дараа өнөөдрийг хүрэхэд Бай үндэстний ард түмэн Билгийн тооллын хоёр дугаар сард Вэйшань ууланд гарч гуравдугаар гүнжид мөргөн, тухайн нутгийн И үндэстний иргэдтэй найрлан нааддаг уламжлалаа хадгалсаар ирлээ.

Үндэстний эв нэгдлийн үзэл баримтлал өнөөдрийг хүртэл үеэс үед уламжлагдан баримтлагдсаар байгаа юм. Саяхан сэтгүүлч миний бие энэхүү үндэстний соёлоор солонгорсон "Цэцэрлэгт хүрээлэн"-д очиж эрэн сурвалжилсан билээ.

               Бай үндэстний эгч "газрын орхоодой"-гоор орлого үүдэв

     Шанхайд очиж ядуурлыг бууруулах бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцох, гадны зочдыг үйлдвэр дээрээ хүлээн авах, ажилчдаа дагуулан илүү цагаар ажиллаж, бараа үйлдвэрлэх, илгээх гэх зэргээр Бай үндэстний 77 настай Ян Кайси эгч вичат дээрээ өдөр тутмынхаа ажил амьдралыг хуваалцаж байдаг.

- Бэрхшээлүүдийг даваад гарлаа. Энэ хугацаанд бүх түвшний удирдах ажилтнууд бидэнд туслан борлуулалтын зам хайсан. Сүүлийн хоёр хоногт 200 гаруй хайрцаг бараа илгээж байна гэж Ян Кайси утасны цаанаас олзуурхан ярьж байлаа.

2020 оны 08-р сард Жяньчуань шяний Шаши суурингийн Аофэн тосгонд байрлах Чэ Жи газрын орхоодойн хүнсний үйлдвэрт хүрч Ян Кайситай уулзахад цар тахлын үр нөлөө бүрэн намжаагүй байв. Хүнсний үйлдвэрийн өнгөрсөн оны эцсээр ойр орчмын тариаланчдаас хураасан 250 тонн газрын орхоодойн 150 гаруй тонныг л зарж борлуулаад байсан нь тэднийг хүнд байдалд оруулаад байсан юм.

 Ян Кайси утсаар ярьж худалдан авагч хайх, вичат дээрээ зар тавих, "Интернэтийн од"-оор дамжуулж шууд нэвтрүүлгээр бараа зарах гэх зэргээр бүх төрлийн аргыг туршиж үзсэн байна.

- Нутгийн ардууд маань манай үйлдвэрт итгэж найдаж байсан. Тэдний итгэлийг алдаж болохгүй гэж ярих Ян Кайси бизнес эрхлэлтийг сонгосон анхны хүсэл тэтүүллээ баримталж, нутгийнхаа олон үндэстнүүдийн ард түмнийг баяжуулах мөрөөдлөө чанд баримталж иржээ.

Аофэн тосгонд байрлах Шаши суурин бол Бай үндэстний ард түмний төвлөрөн амьдардаг нутаг. Түүхэндээ Юньнан-Төвд чиглэлийн цайны замын чухал өртөө байсан юм. Энэ нутагт өнөөдрийг хүртэл 85 хувийн Бай үндэстний ард олноос гадна, Хятад, Лисү, И, Наши зэрэг олон үндэстнүүд амьдрах болжээ. Өдөр тутмын амьдралдаа тэд эв найртай аж төрж, нэг айлд янз бүрийн үндэстний гишүүн байх тохиолдол ч олон байдаг.

Шаши нутгийн иргэд сүүлийн жилүүдэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллах болж, газрын орхоодой тарьж эхэлсэн байна. Энэхүү хүнсний ургамлын уналт нь нэг мү тутмаас 6000 гаруй юань олох боломжтой. Будаа, эрдэнэ шиш зэргийн ургацаас хамаагүй илүү байдаг аж. Гэхдээ хэрхэн худалдаж борлуулах тухай асуудал нь тариаланчдыг зовоодог байна.

Шаши нутгийн эргэн тойронд уул толгод үргэлжилж, хязгааргүй том хаалт мэт сүр бадрангуй байдаг.

- Маш цөөхөн хүмүүс гадагшаа явж зүрхэлдэг. Гэхдээ би хар багаасаа зоригтой, тэмцэх дуртай нэгэн байсан гэж ярих Ян Кайси тухайн үедээ газрын орхоодой зарах ачааг үүрэхээр шийдсэн байна.

   Тэрээр 60 настай тэр жилдээ Аофэн тосгонд Чэ Жи газрын орхоодойн хүнсний үйлдвэрийг байгуулжээ. Улмаар газрын орхоодойг үйлдвэрлэж боловсруулсны дараа гадагш зарж борлуулах болов. Бизнесийнхээ эхний үед Ян Кайси мужийн төв болох Күньмин хотын жижиг, том хүнсний бүтээгдэхүүний бөөний захуудаар явж дууссан байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тосгоны иргэдийн борлуулалтын сувгийг өргөжүүлэх зорилгоор тэрээр интернэт ашиглаж сурчээ. Ингээд бусад мужийн үйлчлүүлэгчидтэй цахимаар холбогдох болсон байна. Үйлдвэрийн хурлын өрөөний ханан дээр байрлуулсан худалдааны сүлжээний газрын зураг нь түүний хамгийн их бахархдаг зүйл болжээ. Хятад улсын хэмжээн дэх 10 гаруй мужийг хамарсан 20 гаруй борлуулалтын цэг нь бүгд түүний ололт амжилт байлаа.

Ян Кайси гадны мужуудад борлуулалт хийхийн хажуугаар мөн нутгийн сум суурингийн тариаланч айлуудаар очиж ажилладаг. Байгалийн тохиромжтой нөхцөл боломжтой тосгон л бол ямар ч үндэстний айл өрх байх нь хамаагүй Ян Кайси газрын орхоодой тарихыг уриалж:

- Надтай гэрээ байгуулдаг л бол худалдан авах үнийг урьдчилан тогтоож, хэзээ ч хохироохгүй гэдгээ амладаг байна.

- Үндэстэн бүхэн нэг гэр бүл, бүгдэд туслах ёстой гэж тэрээр дандаа ярьдаг байлаа.

Хятад үндэстний тариачин Гүө Жүнлинь Аофэн тосгоноос холгүй Дүн Нань тосгонд амьдардаг ба долоо, найман жилийн турш газрын орхоодой тарьсаар иржээ. Урьд нь газрын орхоодойн орлого тийм ч сайн биш байсан бөгөөд тэрээр сагстай газрын орхоодойгоо үүрч уулан замаар хот руу цаг гаруй явган явж хүрдэг ба заримдаа нэгийг ч зарж чадалгүй буцаж харьдаг байв.

2016 онд Ян Кайси, Гүө Жүнлинь нар гэрээ байгуулсан бөгөөд Гүөгийн гэр бүл бүртгэлтэй ядуу өрх тул худалдан авах баталгааны доод үнийг илүү өсгөсөн байна.

- Дараа жил нь гэхэд тэрээр шинэ худалдаж авсан хуучин гурван дугуйт тэргээр бараа хүргэж ирсэн юм. 2019 онд зөвхөн газрын орхоодойноос 16000 юаний орлого олсон. Түрүүхэн түүнийг цоо шинэ гурван дугуйт худалдаж авсан гэж сонссон гэж Ян Кайси баяртай ярьж байлаа.

      Зэргэлдээх тосгонд амьдардаг Лисү үндэстний олон тариаланчид мөн Ян Кайсиг дагаж, газрын орхоодой тариалах ашиг тусыг хүртсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй эхнэрээ эмчлүүлэхийн тулд Юй Чюлинь өмнө нь цагийн ажил хийж ядуу буурай амьдардаг байжээ. Ян Кайси түүнд тосгоныхоо газрын орхоодойг хураах ажлыг хариуцуулах болгосноор жилд 20-30 мянган юаний орлого олох болжээ. Ян Кайситай уулзах бүртээ тэрээр “Та бол миний төрсөн нагац эгч" гэж талархан хэлдэг байв.

Одоогийн байдлаар Ян Кайси Шаши суурин болон ойролцоох хоёр суурингийн нийт 2445 өрхтэй худалдан авах гэрээ байгуулаад байна. Тэдгээрийн дотор Бай, Хятад, Лисү, Наши, И үндэстний тариаланч бүгд байдаг.

- Үндэстнүүд эв нэгтэй байж, хүн бүр бие биедээ туслан, хамтдаа сайн сайхан амьдрах ёстой гэж Ян Кайси хэллээ. Одоо тосгоны иргэдийн шинэ байшин барих, гэрлэх, хүүхдээ сургуульд сургахад зарцуулж буй мөнгө нь ихэвчлэн газрын орхоодойгоос ирэх болжээ.

             Лисү иргэдийн тосгон “Күө Шы наадам”-ыг “Од” болгов

   Толгойгоо цэцэгтэй даавуугаар ороож, эрээн банзал өмссөн бүсгүй нэхмэлийн машины ард суугаад ажиллана. Төд удалгүй үүл мэт цагаан даавуу хэлбэр орлоо.

- Энэ бол гал өвсний даавуу бөгөөд үүнийг гал өвсний утас болон олсон утсаар нэхдэг. Манай Лисү үндэстний ард түмний өвөрмөц гар урлал юм гэж Бинь Чуань шяний Шинжлэх ухаан технологийн холбооны дарга Гү Гүөфэн ярьлаа. Долоон жилийн өмнө тэрээр өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн хашаа байшинд Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Лисү соёлын үзэсгэлэнгийн танхим" байгуулж, ард олны дундаас цуглуулсан холховч нум, гал өвсний даавуу зэрэг хуучин эд зүйлийг дэлгэн үзүүлдэг болов.

- Одоо энэ нь мөн "Лисү үндэстний гал өвсний даавуу хийх ур чадварыг уламжлан сургах төв" болсон. Манай тосгоны эмэгтэйчүүдийн хийсэн гал өвсний бүс нь Шанхай зэрэг том хотуудын үзэсгэлэнд оролцож байсан гэж ярих Гү Гүөфэн өөрөө гал өвсний даавуугаар нэхсэн цамц өмсөж, хуучин эд зүйлсийг бидэнд танилцуулан, тэдгээрийн дотор нуугдсан үндэстний түүх соёлыг ярьж байв.

Лисүчүүд өмнө нь уулын өндөрлөг газар амьдардаг байсан бөгөөд ан гөрөө хийхээр гол болгодог байжээ. Мин гүрний үед Лисүгийн зарим иргэд Лижянгийн Юншэн, Чүшюнгийн Да-Яо зэрэг газраас Бинь Чуань руу нүүж ирсэн байна. Бай үндэстний иргэн 90 хувийг эзэлдэг энэ газарт Бао Фэн Си тосгон бол Лисү үндэстний ард түмэн төвлөрөн амьдардаг цорын ганц тосгон бөгөөд эргэн тойрны хүмүүс энэ тосгоныг "Лисү тосгон" гэж нэрлэдэг байна.

- Сүүлийн жилүүдэд засгийн газрын хүчтэй дэмжлэгтэйгээр манай тосгонд маш их өөрчлөлт гарсан. “Ядуу малгай”-гаа амжилттай авч хаясан төдийгүй, Лисүгийн өвөрмөц онцлог бүхий цоо шинэ байшингууд баригдсан гэж Гү Гүөфэн ярьлаа.

       Лисүчүүд түүхэнд байгаль орчны хязгаарлагдмал байдлаас болж ихэвчлэн алслагдсан нутагт амьдардаг байв. Гадаад ертөнцтэй харьцангуй бага харилцаатай байсан ба боловсролын түвшин маш доор байв. "Тосгоны олон ахмал настнууд одоо ч гэсэн гадны хүнтэй уулзахад эвгүй хэвээр байгаа бөгөөд өөрсдийгөө үндэстний цөөнх гэж хэлэхээс татгалздаг. Одоо амьдрал сайжирсан тул тосгоны хүмүүсийн дотоод ертөнцийг хэрхэн шинэчлэх вэ" гэж боддог хүн Гү Гүөфэнгээр зогсохгүй олон.

2014 онд шяний Намын хорооны Нэгдсэн фронтын ажлын хэлтсийн Бай үндэстний албан тушаалтан Гү Гүөфэнд хандаж:

- Гү гуай, манай шянь одоо Бай болон И үндэстний нийгэмлэгтэй болсон. Та Лисү үндэстний нийгэмлэг байгуулах ажлыг удирдан чиглүүлж үз. Ингэснээр үндэстний соёлыг өвлөхөд ашигтай гэж санал болгосон байна.

Тэр жилдээ Бинь Чуань шяний Лисү үндэстний нийгэмлэг албан ёсоор байгуулагджээ. Гү Гүөфэн нийгэмлэгийн даргын хувьд Лисү үндэстний ядуу амьдралтай сурагчдад туслах, ойр орчмын Лисү үндэстний тосгодод хүрч судалгаа хийх, Күө Шы наадмыг сэргээн хийх зэрэг гурван чухал ажлыг удирдан зохион байгуулсан байна.

Күө Шы наадмын тухай ярихад энэ нь Лисү ардын уламжлалт наадам бөгөөд Хятадын хаврын баяртай дүйцдэг байна.

- Урьд нь тосгоны иргэн цөөхөн байлаа. Айл бүр өөрсдөө гэр гэртээ тэмдэглэдэг байсан учраас ямар ч ач холбогдолгүй байсан гэж Гү Гүөфэн шяний удирдлагуудад хэлж байлаа. Бүх үндэстнүүд хамтдаа тэмдэглэхээр санал болгосон нь хүмүүсээс хүчтэй дэмжлэг авсан юм.

2016 оны 02-р сарын 16-нд Лисү үндэстний нийгэмлэгийн удирдан зохион байгуулсан "Бинь Чуань – Бао Фэн Си тосгоны Күө Шы наадам" нээлтээ хийлээ. Өглөө эрт айл өрх бүр үүдэндээ өлзий дэмбэрлийг бэлгэдсэн ногоон нарсны мөчир өлгөж, Гү Гүөфэн болон нийгэмлэгийн ажилтнууд тосгоны иргэдийг дагуулан Лисү үндэстний өвөрмөц онцлог бүхий урлагийн үзүүлбэр гаргав. Охидууд нэхэмлийн машинаа гаргаж, гал өвсний даавуу нэхэх ур чадвараа харуулан, залуус гал асааж, хутга давтах ур чадвараа гайхуулав.

Тосгоны төв дэх соёлын талбайг хүмүүс салхи нэвтрэхгүй болтол хүрээлэн зогссон байлаа. Гү Гүөфэн түүний санаачилсан наадам нь Бинь Чуань төдийгүй бусад хотууд, тэр ч байтугай Күньмин, Лижян зэрэг газраас ирсэн Лисүчүүд, мөн Хятад, Бай, Мяо, И зэрэг бусад үндэстний олон мянган иргэдийг татна гэж санасангүй.

Тэр цагаас хойш тосгоны иргэд илүү эрч хүчтэй болсныг Гү Гүөфэн анзаарчээ.

- Лисү үндэстний хөгжмийн аялгууг сонсоод бусад үндэстний хүмүүс ч тэдэнтэй хамт бүжиглэж байсан. Тосгоны иргэд маань баярлаж, бахархаж, өөрийнх нь үндэстний соёлыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч, таашааж байгааг мэдэрсэн.

2018 онд Гү Гүөфэн Күө Шы наадмыг гадагшаа ухуулан сурталчлахаар шийдсэн байна. Жил бүр Бинь Чуань шяний Лисү үндэстэн оршин амьдардаг тосгонууд ээлжлэн зохиох бөгөөд Хятад, Бай, И зэрэг үндэстэн ястны ард түмнийг урин оролцуулж, тэднийг үндэстний урлаг соёлоо харуулахыг уриалсан байна. "Энэ нь эв нэгдэлд илүү ашигтай" гэж тэрээр хэлсэн юм.

И үндэстний нутгаас аз жаргалын дуу цуурайтсаар

Насаараа ууланд амьдарсан И үндэстний эгч Ли Цайцэн хэзээ нэгэн цагт Бээжин Их сургуулийн тайзан дээр зогсож, Оросын Филармоний найрал хөгжмийн багийн хөгжмийн хавсарлагатайгаар И үндэстний үеийн үед уламжилж ирсэн баатарлаг туулийг дуулна гэж санаа зүүдэнд нь байсангүй.

- Алга ташилт маш удаан үргэлжлилж, олон хүмүүс "Эгч ээ, дахиад нэг" гэж хашгирч байсан гэж Мидү шяний Иньже суурингийн Дүөхү тосгоны иргэн, 78 настай Ли Цайфэн арваад жилийн өмнөх дурсамжаа ярихад догдолсондоо уруул нь чичирч байлаа.

Ли Цайфэн төрөлхийн сайн хоолойтой бөгөөд бага наснаасаа И ардын дууг дуулж өсчээ. Олон жилийн өмнө Бээжингээс ирсэн сэтгүүлчид Дүөхү тосгонд ирж эрэн сурвалжилга хийхдээ уулын энгэрт хонь хариулж явсан Ли Цайфэнгийн хоолойг сонсож, олны хүртээл болгосноос хойш түүгээр дуулуулахыг хүссэн хүмүүс улам бүр нэмэгдсээр байв.

- Би зөвхөн И ардын дууг дуулахаас гадна, Мидү нутгийн ардын дууг ч дуулж чаддаг. Эдгээр бол бүгд үндэстний эв нэгдлийн талст юм гэж Ли Цайфэн дандаа хэлдэг байлаа.

Далигийн зүүн өмнөд хэсэгт орших Мидү шянь бол Хятадад алдартай дэнлүү болон ардын дууны өлгий нутаг юм. Энд Хятад, И, Бай, Хотон зэрэг 20 гаруй үндэстний ард түмэн амьдардаг. Ли Цайфэн болон түүний гэр бүл үе дамжин Дүө Хү тосгонд амьдарч ирсэн байна.

Ли Цайфэн 2012 онд үндэсний зэрэглэлийн соёлын биет бус өвийн төслийн Мидү ардын дууны өв залгамжлагчаар өргөмжлөгдөв. Дараа нь Ли Цайфэн өөртөө шинэ ажил нэмж, Мидү ардын дууг сургуулийн хичээлийн хуваарьт оруулжээ. Тэрээр дуу хоолойгоороо үндэсний эв нэгдлийн үрийг хүүхэд, залуучуудын сэтгэлд суулгахыг зорьсон нь тэр байв.

- Хэн сонсохыг хүсэж байвал би түүнд дуулж өгнө, хэн сурахыг хүсвэл би мөн зааж өгнө гэж тэрээр ярьж байлаа.

- Урьд нь уулан дахь амьдрал хэцүү байсан, тогоондоо хоолгүй, хувцасны даавуугүй байлаа. Тэр үед бидний дуулж байсан дуунууд мөн их гунигтай байсан. Одоо ямар байна, намын сайн бодлого манай И үндэстний иргэдийн амьдралыг өөрчилсөн. Сэтгэл санаа сайхан болохоор дуулахыг илүү их хүсэх болж, бас олон хүнд дуулж өгмөөр санагдах болсон.

Ярилцлага өгсөн тэр өдрөө Ли Цайфэн сурвалжлагчийг дагуулж Дүөхү тосгоныг бүтэн тойров. Тосгоны замын хоёр талаар цэнхэр дээвэртэй байшингууд жигдэрч, зам дагуух хана хэрэм дээр И ардын зан заншлыг харуулсан өнгөт зургууд дүүрэн байлаа. Тосгоны төвд И үндэстний уламжлалт соёлын сургалтын төвийг байгуулжээ. Тус тосгон 2016 онд  "Хятадын үндэстний цөөнхийн хоёр дахь ээлжийн өвөрмөц тосгон"-оор сонгогдсон бол 2020 оны 03-р сард тосгоны 299 тариачин өрх бүгд "ядуу малгайгаа" авч хаясан байна.

Өнөөдөр Ли Цайфэний нөлөөгөөр Дүөхү тосгонд Мидү ардын дууг дуулах дуртай. Мөн дуулж чаддаг хүн улам олон болжээ. Тариалангийн ажил сэлүү болохоор томчууд нь дуулж, хүүхдүүд нь бүжиглэнэ. Залуучууд мөн онлайн платформуудад видео бичлэг хийж байршуулдаг болсноор илүү олон хүнд танигдах боллоо.

И ардын уянгалаг дуу нам гүм тосгоныг сэрээж, ногоон хөндийд цуурайтан, ард иргэдийн аз жаргалыг тээн уянгалсаар.

Зохиогч:ЯНЬ ЮЙ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Хятадын Өдөр Тутмын сонин
Мэдээ үзсэн:302
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой