Чийг үнэртсэн хаврын салхи зөөлөн илбэхэд моддын мөчир ганхан бүжиглэнэ. Бүжгийн айзмыг нь дагаад ногоон өнгө салхи шиг намирч, эх газрыг будах нь уянгатай.
Хаврын хур анхны дурлал мэт романтик. Шинэхэн дэлгэрсэн гүйлс цэцгийн хэлтэс бүхнийг ариулан угаахад цэцгийн үнэр хорвоог нөмөрч анхилна. Хаврын эрвээхий, хаврын болжмор, хаврын хүмүүс цэцгийн үнэрт согтуурна.
Борооны дусал цэцгийн дэлбээ л салж ядан болор мөхлөг нь гялтганаж, хаврын нарыг аргамжина. Цэцгийн шивнээ борооны дуслыг хэрхэн аргадсаныг бүү мэд. Борооны дусал зөөлөн дусалж, хөрсөнд шингэлээ.
Нялх өвс цухуйжээ.
Хөх өвс, ягаан цэцэг, ногоон мөчир хавар саатаж дээ.
Нүүдлийн шувуу, төлийн майлаан, хүүхдийн дуун хүсэл бүхэн хавар хөвөрдөг байжээ.
Хаврын найргаас анир авсан голын усан хөлдсөн цагаа нөхөх гэсэн шиг яаралтай урсана. Хэн нэгэнд очих гэсэн юм болов уу.
Гүйлс цэцгийн хэлтэс урсгалд хөвөн нүүнэ. Адуун дэл хөдөө талыг цочоон сэрээж, цас ханзарсан тарлан тал туурайн мөрөөр тэлнэ.
Машины дуун тариан газарт дуурсаж, хүйтэн хөрсийг бүлээцүүлнэ. Хөдөө нутгийн хөгжил мандал, мал тариалангийн орчин үеийн шинэчлэл хаврын цэцгийн өнө мөнхийн шивнээ, цэцгийн үнэр, цэцгийн хэлтэстэй хамт хаврын усны урсгалыг хөлөглөн эх дэлхийд буман хүслийн сураг дамжуулна.