”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зүүн Хатавч дахь нэг өдөр

Зүүн Хатавч дахь нэг өдөр

       Дэлхий дахиныг хэлмэгдүүлсэн цар тахлын хязгаарлалтаас болж улс хоорондын хил хаагдаж, хүн хоорондоо зай барих болсон хатуухан цаг үед бид Хятад, Монголын йхилийн шугамын 1046 дугаар хилийн тэмдэг дээр байрлах Зүүн Хатавч Гаалийн Газрыг зорьсон юм.

   Зүүн Хатавч Гаалийн Газар нь Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд байрладаг. Зүүн Үзэмчин хошуу нь Монгол Улстай 527.6 км замаар хиллэдэг. Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурингаас 68 км зайд байрлах Зүүн Хатавч Гаалийн Газар нь Хятадын Манжуур, Эрээний дараа ордог Европ-Азийг холбосон эх хуурайн боомт юм. Зүүн Хатавч Гаалийн Газар Хятад болон Монгол Улсын чухал нээлтийн цонх бөгөөд дотооддоо Өвөр Монголын дунд зүүн хэсгийг багтаан Хятадын умард орон, зүүн хойд орон хүртэл үргэлжилдэг. Монгол Улсын Сүхбаатар, Дорнод аймаг болон Хэнтий аймгийг хамардаг байна.

Навч цэцэг өнгө алаглан дэлгэрч нар хур эн тэнцүүхэн соёрхсон зуны наймдугаар сарын эхээр Үзэмчин нутгийн байгаль дэлхий өн шимлэг ногооноор хучигдан нүгэлт тахлын айдсыг мартуулна. Өглөө эрт цай ундаа уумагц бид Зүүн Үзэмчин хошууны Боомтын Хамааралтын Газрын Санчир гуайг аваад хошууны хил доторх хамгийн тансаг замаар давхиуллаа. Зүүн Хатавч гэдэг газрын нэрээс үүсэлтэй энэхүү Гаалийн Газар нь 1992 онд Хятад улсад нэгдүгээр төрлийн улирлын чанартай нээх Гаалийн Газраар зөвшөөрөгдөн ажиллуулж эхэлсэн. 2008 онд олон улсын хэмжээний жилийн туршид байнга нээлттэй Гаалийн Газар болон хөгжжээ.

Хивс шиг ногоон талыг зүссэн зам суналзан хоёр гүвээнээ бэлчих адуу, хонь, үхэр сүрэг жирвэлзэн өнгөрнө. Энэ сайхан замаар “Санаан зоргоор давхилгүй ч яахав дээ” гэж замын сайн, байгалийн сайханд бахдан явтал Хоргын уул өнгөрч Зүүн Хатавч цайлзан тодорлоо. Хамт яваа Санчир гуайгаас түүний аав нь 1990-ээд оны эхэн үед энэхүү Зүүн Хатавч Гаалийн Газрыг ажиллуулахаар бичиг баримт зэргийг нь бүрдүүлж улсаас зөвшөөрүүлэн хоёрхон майхан босгоод ажлаа эхлүүлсэн тухай замын яриа хөөрөө болгон хөөрөлдлөө. Гучаад жилийн хөгжлийг дагаад Зүүн Хатавч хилийн боомт нь өнөөдөр албан газар, иргэдийн хороолол, сургууль, эмнэлэг гээд асар тагт зэрэглэн иж бүрдэн боомтын томоохон хотхон болсон нь илхэн байлаа.

    Хилийн боомт, гаалийн газар учраас ирсэн хэн бүхэн дураар хаалга сөхөн орж гарч чадахгүй нь яриангүй. Амны хаалтаа зүүж биеийн халуунаа хэмжүүлэх гээд байж болох бүх хяналт шалгалтын дараа Санчир гуайн зохицуулалтаар бид Гаалийн газрын хяналт удирдлагын өрөөний албан газарт очлоо. Хяналтын өрөөний хянах камер бүхий арваад дэлгэцэнд гаалийн газрын ажлын бүх явц бүрэн харагдана. Энд албаны хүнтэй уулзахад байшингаас дотогш орж газар дээрээс нь бичлэг, сурвалжилга авах боломжгүй тухай сануулсан болохоор зөвхөн энэ албан газарт хяналтын камераар сурвалжилга хийх болсныг ойлголоо.

Нүгэлт цар тахал нүдгүй дайрч байгаа хэцүүхэн энэ цагт Зүүн Хатавч Гаалийнхан цар тахлын эсрэг халдвар хамгааллаа сайтар баримтлахын дээр Хятад, Монголын хоорондох импорт, экспортын ажлыг тасалдуулалгүй шуурхай явуулсаар байгаа нь тэдний хамтын гавьяа зүтгэл юм.

Гаалийн газрынхны цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ гол төлөв халдвараас сэргийлэх зарчмаар боломжийн нөхцөл байдалд хүн хоорондоо нүүр тулан уулзахгүйгээр ажилтан болон ачаа тээврийн шалгалт, ариутгал зэргийг хийдэг байна. Тодруулбал, Монголын талын жолоочийн хувьд жолооч ачаатай машинаа жолоодон тогтсон газар ирсний дараа ачаатай машинаа тусгай газар зогсоож өөрөө кодоо шалгуулах, биеийн халуунаа хэмжүүлэх зэрэг хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийлгэж дууссаны дараа хоосон тээврийн машин жолоодож буцдаг тухай бид гаалийн хяналт удирдлагын албаны газрын хяналтын камераар Гаалийн Газрын хянан шалгах хоёрдугаар  салбарын Ван Гуанчяны танилцуулснаар мэдэж авлаа. Монгол Улсын талын Бичигт Гаалийн Газрынхан ч мөн адил чанга хяналт шалгалт битүүмжлэлийн дор бүх ажлаа явуулдаг гэнэ. Монгол Улсын талаас нүүрс, нефть голлон импортолдог бол Монгол Улсад өдөр тутмын хэрэглээний зүйлс, хадлангийн машин техник, ачааны машин зэргийг голлон экспортолдог байна.

    Өглөө эрт хурлаасаа бууж ирсэн Гаалийн газрын нэгдүгээр хяналт шалгалтын салбарын ахлагч Мөрөн 11:00 цагт болох ажлын хуралдаа бэлтгэх зуур бидэнд Гаалийн Газрын нэг өдрийн ажил байдлыг товч танилцууллаа.

Өдрийн ажил өглөөний 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үргэлжилдэг бол өдөрт хоёр удаа нүүрс, нефть ачсан 40 гаруй тээврийн машин орж ирдэг. Өдөрт импортолж байгаа ачаа тээврийн хэмжээний хувьд 15000 тонн нүүрс, 1000 тонн нефть голлодог. Монгол Улс руу өдөрт 3-5 удаа өдөр тутмын хэрэглээний зүйлс болон хадлангийн машин зэргийг ачсан тээврийн машин экспортолдог байна.

Энэ жилийн эхний хагаст Зүүн Үзэмчин хошууны Зүүн Хатавч боомтоор 127 мянга гаруй тонн нефть болон 430 мянга гаруй тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс нэмэгдсэн талаарх сайхан мэдээг Гаалийн Газрын ажилтан бидэнд ярьлаа.

- Энэ өдөр нефть ачсан 10 тээврийн машин орж ирнэ гэж Хяналт удирдлагын Албаны Газрын ханан дээрх хяналтын камерын бичлэгийг нарийн танилцуулсан хяналт шалгалтын хоёрдугаар салбарын Ван Гуанчянь ажилтнууддаа сануулмагц биднийг дагуулан хяналт шалгалтыг өнгөрөөгөөд ирж байгаа ачаа тээврийн машиныг холын зайнаас бичихэд тусаллаа. Баруун талаар нүүрс ачсан тээврийн машин орж ирж байгаа бол зүүн талаар хадлангийн машин ачсан ачааны машин шалгуур дамжин орж явах нь сүртэй харагдана.

      Алтан наран зулай дээрээс төөнөн халуу шатах нь аргагүй л дэлгэр цаг. Бид халуун нартай уралдан боломжтой дүрс бичлэгээ хийж аваад Зүүн Хатавч боомтын албаны газарт очиж ажилтнуудтай хамт тэдний үдийн хоолоор үдлэв. Хооллох зуур боомтын Газрын дарга Хурцбилэг гуай Зүүн Хатавч боомт нь Хятад улсын дотоод дахь далайн боомт болох Жиньжөү боомт хүрэхэд 850 км илүү байж, Манжуур, Эрээнээс улсын дотоод дахь далайн боомт хүрэх зайтай харьцуулбал харьцангуй ойр, хөгжлийн далд хүч ихтэй боомт болохыг мэдэж авлаа. Ингээд бид Гаалийн Газарт ойр байрлах малчин айлыг сурвалжлахаар явлаа.

Зүүн Хатавч Гаалийн Газрын зүүн өмнө зүгт 5 км цаана суурьшдаг малчин Түмэнгэрэл ёстой л Гаалийн Газрын хөгжлийг нүдээрээ харж биеэрээ туулсан хүний нэг юм. Тэрээр:

- Зүүн Хатавч жижигхэн дөрвөлжин хашаа бүхий ажлын газартай байсан. Одоо хот суурин, асар тагт ихээр хөгжин өргөжиж байна. Үүнийг хөгжил гэхгүй өөр юуг хөгжил гэх билээ гэж ярьлаа.

Ийнхүү бидний Зүүн Хатавч дахь нэг өдрийн ажил маань дуусаж Улиастай суурин руу буцлаа.

Зүүн Хатавчийн хөгжил өөрчлөлт улс орондоо үзүүлж буй гавьяа зүтгэлийг нэг өдөрт мэдэж ойлгоно гэдэг боломжгүй. Гэвч өдөр шөнө ээлжлэн сар жил үргэлжилж байдаг жам ёсоор нэгэн өдрийн ажил үйлс нь сар жилийн ажил үйлсийг нь харуулсан зураглал болдог. Тиймдээ ч Зүүн Хатавч дахь нэг өдрийн сурвалжилгаас цар тахал давамгайлж байгаа хатуухан цаг мөчид Зүүн Хатавчийн Гаалийн Газрынхан ажил үүргээ тасалдуулалгүй шуурхай ажиллаж Хятад, Монгол хоёр улсын хүн зонд үйлчилж байгаа бодит байдлыг харах нь дамжиггүй.

Зохиогч: Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:39
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой