”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Айраг шуугьсан зуслан дээр

Айраг шуугьсан зуслан дээр

 

Ар дэнжийн зусланд нь айл бууг гэж зун болдог байх

Аргал түүдэг хөндийд нь бороо орог гэж зун болдог байх

Алаг цоохор эрвээхийг цэцгэнд нисэг гэж зун болдог байх

Адуу үүрсэх талд нь айраг исэг гэж зун болдог байх ... (“Зун болдог байх” дууны хэсгээс)

Зуны дэлгэр цаг болж зуслан дээр айраг исгэн цалгилна гэдэг монгол хүний  хувьд ёстой л нэгэн жаргал юм. Бид энэ зуны шувтаргын үеэр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошууны Наранбулаг сумын эгч, дүү гурвын айраг шуугьсан зуслан дээр очин тэрхүү жаргалыг амталлаа.

Наранбулаг сум бол Хятад, Монголын хил дагуу байрлах Авга хошууны хилийн сум. Наранбулаг сумын сууринд өндөр байшин барилга харагдахгүй нам гүмхэн байх нь түм түжигнэж бум бужигнасан хот суурингаас ирсэн бидэнд аятай тухтай байлаа. Эндээс баруун хойд зүгт хоёр гурван километрийн зайд Эрдэнэ-Овоо багийн Ихрийн өвөлжөө гэдэг газарт Мүдан, Саранаа, Төгс гэх эгч, дүү гурав гэр бүлийн хамт зусна.

Таван ханатай хоёр жижиг монгол гэр, найман ханатай хоёр томхон монгол гэр холоос цайран хойно өмнө нь адуу, үхэр, хонь бэлчин өн шимтэй тансаг талаа чимээд тосон будгийн зураг шиг байгалийн дүр төрх хараа булаана.

Өвөр Монголд Байцын голын адуу, Гурван голын адуу, Сэнсэн хар адуу, Үүшин адуу зэрэг адууны үүлдэр байдгийн дотор Сэнсэн хар адуу бидний очсон Авга нутагт бий. Шилийнгол аймгийн Авга хошуу нь Сэнсэн хар адуугаараа алдаршиж, Сэнсэн хар адууны айраг ч Хятад улсын хэмжээнд алдартай болохоор Авга хошууны нэрийн хуудас болж, “Авга айраг” нь хол ойрдоо нэртэй брэнд болж байна. Авга хошууны “Хар адуу” айргийн хоршоо нь “Авга айраг” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй тусгай хоршооны нэг юм. Зуны гурван сард “Хар адуу” хоршоонд айргаа өгөхөөр ирсэн малчид урт дараалалд зогсоно.

Бид Авга нутгийн адуучин айлын зуслан дээр бууж, шуугьсан айрагнаас нь ууж эгч, дүү гурвын адуу маллаж ирсэн түүх, айргаа исгэн борлуулж амьжиргаагаа өөд татсан, уламжлалаа бадруулан хөгжүүлж явааг сурвалжиллаа.

Тэд үеийн үе, үрийн үрд адуучны удмаа өвлөн уламжилж ирсэн айл. Адуучин Төгс нүдэндээ шил зүүсэн 40 гаруй насны эр. 1990-ээд оны эхэнд Хятадын Гуан Жөү хотод бүтэн нэг жилийн турш морин мэргэжлээр ажиллаж, эмнэг сурган монгол эрийн хийморийг мандуулж явсан түүхтэй. Шинэ зуунд орсны дараа адуу нь 80 гаруй болж өссөн бол бэлчээр усаа хамгаалах зорилгоор адуугаа цөөлөн өдгөө 50-60 адуутай болжээ. Зун айраг исгэн айргаа борлуулахыг голлодог. Төгсийн хоёр эгч Мүдан, Саранаа нар Өвөр Монголын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчид. Тодруулбал, Хятад улсын хэмжээнд ӨЗО-ны зэрэглэлийн айраг исгэх мэргэжлийн төлөөлөх хоёр өвлөн уламжлагч байдаг нь энэхүү эгч, дүүс юм. Саранаа 1980-аад оноос эхлэн ээжээсээ өвлөн сурсан айраг цэгээ исгэх ур ухааныг бие даан эрхэлж эхэлжээ. 2014 онд тэрээр Шилийнгол аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болсон бол 2018 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болжээ. Тэрээр мөн 2016 онд айраг исгэх нийгэмлэг байгуулж байсан бол 2018 онд айрагны соёлын суурин байгуулсан. 2019 онд биет бус соёлын өвийн уламжлагчийн хувьд Хятадын хэмжээний хамгаалан уламжлах үйл ажиллагаанд оролцон хошууныхаа сургууль дээр айрагны соёлын үзэсгэлэн болон сургалт явуулжээ. Том эгч Мүдан 30 гаруй жил айраг цэгээ исгэж байсан түүхтэй. 2014 онд Хятадын ӨЗО-ны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчийн өргөмжлөл хүртсэн. Тэрээр Төгс, Буянцогт, Зунаа, Дэгжин гэдэг гурван шавь хүмүүжүүлжээ. 2019 оноос хойш айрагны соёлын тусгай сургалтыг таван удаа явуулж, хүүхэд залуучууддаа айрагны соёлын өвийг уламжлах ажлыг хийсээр ирсэн төдийгүй, Өвөр Монголын Өөртөө Засах Орноо төлөөлөн Хятад улсын хэмжээний биет бус соёлын өвийг уламжлах үйл ажиллагаанд олон удаа оролцож байв.

Эгч, дүү гурав 1990-ээд оны эхэнд Хятадын зах зээлийн аж ахуй ид хөгжиж байсан үед нэг жин (500g) айргийг наян мөнгөн юаниар борлуулж эхэлснээр айрагны бизнесээ эхлүүлсэн байдаг. Тэд багийн найр наадам, сумын наадам, хошууны наадмаар 50, 60 жингээр борлуулан орлогоо нэмэгдүүлэх замаа нээсэн гэж ярихаас нь харахад эв найрамдалтай амьдралын бор зураг харагдаж байлаа. Энэ зун 20-иод гүү сааж өдрийн 60-70 жин айраг борлуулжээ.

   Эгч, дүү гурав айраг исгэх уламжлалт арга барилыг бүрэн гүйцэд уламжлан залгамжилж байгаа төдийгүй, гүү саахдаа машинаар сааж хүний хүч хөдөлмөрийг бага бус хэмнэн шинэчлэл хийсэн нь маш том давуу тал байлаа. Хятадын том том сүүний аж ахуйн нэгж болох “Или”, “Мэн Ниү” зэрэг газрууд үнээгээ машинаар сааж байгааг харж байсан. Харин сүүлийн үед Өвөр Монголын хөдөө орон нутгийн малчин айл өрх үнээ малаа машинаар саах болсныг эндээс бодитоор харлаа.

Гүү саах нь үнээ саахыг бодвол өдөрт саах тоо нь олон байдаг. Өдөртөө дор хаяж 5-6 удаа саадаг болохоор саах нь их хөдөлмөр хүч зарцуулна. Ийнхүү гүү саах ажлыг машин техникээр хийх болсон нь тун тустай явдал болжээ. 3000 гаруй юаний үнэ бүхий энэхүү саалтуур машин 10-аад минутад 10-аад гүү саадаг. Даяаршлын зуунд шинжлэх ухаан мэргэжлээр мал аж ахуйгаа хөгжүүлэх нь уламжлалт мал аж ахуйн хөгжлийн гарах зам мөн гэдгийг энэхүү жижигхэн гүү саах машин нотолж байна. Биднийг байхад айраг авахаар ирсэн хүмүүс:

- Эгчийн айраг уламжлалт аргаар исгэдэг болохоор санаа зовох зүйлгүй уудаг. Айраг эрүүл мэндэд их тустай. Манай Авга нутгийн айрагны алдар нэр мандаж, бусад үндэстний ах дүүс ч таашаан уух болсны дээр сувилалд ч хэрэглэх болсон гэж ярьж байлаа.

    Мүдан, Саранаа нар жил бүр Өвөр Монголын Өөртөө Засах Орны болон Хятад улсын хэмжээний цагаан идээний үзэсгэлэнд оролцож “Авга айраг”-ны брэндийг мандуулсан төдийгүй, Авга нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөж явна.

Авга хошууны өмнө хэсгийн бүс нутагт орчин үеийн мал аж ахуйг онцлон хөгжүүлж байгаа бол хойд хэсгийн бүс нутагт уламжлалт мал аж ахуйг голлон хөгжүүлж байгаа тухай тус хошууны Ухуулах сурталчилгааны ажлын газрын дарга Түвшинбаяр танилцууллаа.

    Сүүлийн жилүүдэд Авга хошуу монгол адуу хамгаалах төслийг хэрэгжүүлж, “Авга хар адуу” (Авгын Сэнсэн хар адуу) болон “Авга айраг” брэндийг бий болгон монгол адууны сууринг бүтээн байгуулж, айраг исгэх аж ахуйг нэг алхам өргөтгөж адууны аж ахуйг уламжлан залгамжлах зорилгоор 20 айл өрхийг дэмжин айрагны аж ахуйг хөгжүүлж байна. Тус хошуу эрүүл мэнд, сувиллыг зорилго болгосон монгол эмнэлгийн бие сэтгэлийн анагаах сувиллыг бүх талаар хийж, адууны аж ахуй, соёл аялал жуулчлал, эрүүл мэнд, сувиллыг уялдуулан хөгжүүлэх хэв маягийг үндсэндээ бүрдүүлжээ.

Уламжлал, шинэчлэл, хөгжлийн гурамсан зангилаагаар уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж яваа эгч, дүү гурвын зүтгэл багагүй юм.

Нийтлэлээ бичиж дуусахад гадаа жавар үлээж намрын сэрүү орсныг мэдэгдэнэ. Мүдан, Саранаа нар зуслангийн гэрээ буулган 70 газар (35 км)-ын цаана байрлах өвөлжөө зүгээ нүүсэн байх гэж бодоход нүүдлийн урт аяны зургийг бодолдоо төсөөлөн ургуулж суулаа.

 

 

Зохиогч:Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:266
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой