”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Тэмээн жин”-гийн шинэ домог

“Тэмээн жин”-гийн шинэ домог

    Магадгүй, та даяаршлын энэ эринд тэмээн жин байсаар байгаа гэхэд гайхах болов уу. Мянга мянган жилийн түүхэн улбаанд тэмээн жин бөмбөрцгийг холбож бүс нутгийн хоорондох харилцаа солилцооны чухал аян тээвэр болсоор ирсэн байдаг. Ийнхүү дэлхийд алдартай “Торгоны зам” нээгдэн эрт дээр үеэс өдгөөг хүрсэн билээ.

Өнөөдөр хүн төрөлхтний нийгэм урьд өмнө байгаагүйгээр хөгжин цэцэглэж агаараар нисэх онгоц, газраар довтлох галт тэрэг гээд зуун зууныг элээсэн тэмээн жинг орлож тэмээн жин түүхийн тавцангаас аяарлаж байна гэдэг ч өнөөгийн нийгэмд “тэмээн жин” нь аян тээврийн хэлбэрээр биш, харин харилцаа солилцооны салбарт харь хол хилийн цаана өөр хэлбэрээр үргэлжилж байна. Монгол Улсад худалдаа бизнес эрхэлж яваа Өвөр Монголчуудын хүч ухааныг хамтатган Хятад, Монголын хамтын ажиллагаанд илүү сайн үр өгөөж өгөхийн тулд 2008 онд санаачлан 2009 оны бэлтгэл ажлаар дамжаад 2010 онд Монгол Улсын Улаанбаатар хотод бүртгүүлэн 2011 онд үүдээ нээсэн Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь “тэмээн жингийн цуваа”-гаар Хятад, Монголын хооронд эдийн засаг, соёлын солилцоо, хүн ардын харилцааны шинэ аяныг эхлүүлсэн юм. Энэ утгаараа Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь шинэ зууны “тэмээн жин” гэхэд илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, “тэмээн жингийн аян” өнөөг хүртэл үргэлжилж, Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааны шинэ домгийг бүтээж байна.

Бид Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны 10 жилийн ойг далимдуулан цагаагчин үхэр жилийн өвлийн анхны цасны дараахан Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны дарга Ү.Хаймин /Тунгалаг/ гуайтай уулзлаа.

 

        Зоривоос үл хүрэх газар гэмээнэ үгүй

        Зоригловоос үл бүтэх үйл гэмээнэ үгүй

                -    Чингис хааны билэг сургаалаас

 

1992 онд Хятадын өөрчлөлт нээлт гүнзгийрэн зах зээлийн аж ахуй өрнөж, Хятад даяар албан ажилтан сэхээтнээс эхлээд бүгд худалдааны компанид ажиллах, худалдаа наймаа эрхлэх нь дэлгэрч байсан он жилүүдэд саяхан сургуулиа дүүргэсэн У.Хаймин Өвөр Монголын гадаад худалдааны компанид Хятад-Монгол хэлний орчуулагчаар ажилд оржээ. Жирэм аймгийн Хорчин зүүн гаран хойд хошууны уугуул тэрээр 1988 онд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Хэл Утга Зохиолын тусгай мэргэжлээр шалгалт өгч оюутан болсон. Дөрвөн жилийн оюутны амьдралаа дүүргээд Хятадын хойд хөрш Монгол Улсад очиж ажиллав. Монгол Улсын тухай бүүр түүр ойлголттой тэрээр ажлын анхны гараагаа харь холын Монгол Улсын Улаанбаатар хотноо эхлүүлнэ гэж зүүдэлж ч байсангүй.

Улаанбаатарт анх хөл тавихад Улаанбаатарын гэр барилгаас аваад хүн зон нь хүртэл бүх зүйл танил дасал атлаа бас танил бус санагдаж байсан гэдэг. “Үйлсийн сайхан Улаанбаатар”-т Ү.Хаймин үйлсийн аяныхаа анхны гараагаа эхлүүлсэн төдийгүй, үр дүнтэй амжилт ихтэй ажиллаж байсан билээ. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н жамаар 1999 оны үед Хятадын зах зээлийн аж ахуйн хөгжлийн дагуу хувийн компаниуд хурын дараах хулсны соёо мэт болж улсын өмчит компани дампуурч эхлэн маш олон хүн үүний нөлөөгөөр ажилгүй болж эхэллээ. Ү.Хаймин ч энэ хувь тавилангаас мултарч чадсангүй. Тэдгээр ажил алдагсдын зарим нь магистрт суралцахаар шалгалт өгөх, зарим нь ажилчнаар шалгуулах, худалдаа бизнес эрхлэх гэхчлэн өөр өөрийн замаа сонгож эхлэхэд Ү.Хаймин Улаанбаатарт үлдэж бизнес худалдаа эрхлэх ажилд шуурхайллаа.

Тэрээр энэхүү халуун дотнохон бас гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн Улаанбаатар хотод арваад жилийн турш орчуулагчаар ажиллаж явахдаа барилга байшин, төмөр зам, төмөрлөгийн үйлдвэр зэрэг бизнесийн салбарын ухаалаг, авьяаслаг, чадвартай хүмүүсийг дагаж ажилласан төдийгүй, тэднээс бага бус “шим” хүртсэн билээ. Яг энэ “шим” нь түүнд бизнес эрхлэх эрч хүч өгч, боломжийн нөхцөлөөр хангаж өгснөөр барахгүй, урам зоригийг нь бадраан өөрийнхөө бизнес эрхлэх замаар зоригтой алхахад дэм болжээ.

 

        Хол гэмээнэ бүү цөх, явбаас хүрьюү

        Хүнд гэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу

                -    Чингис хааны билэг сургаалаас

 

     Шинэ зууны уулзвар дээр Ү.Хаймин андуудаа цуглуулан “Зууны анд” компаниа үүсгэн байгуулав. Компани байгуулагдсан эхний дөрвөн жилд худалдаа наймаа эрхлэхээр гол хандлага болгож байсан тэрээр 2004 онд Монгол Улсад “Тэд мэнд” барилгын гишүүн компаниа бүртгүүлэн ажиллуулж барилгын бизнесийн салбарт оров. Ээжийнхээ “Хүний газар хөндлөнгийн нутагт мэнд сайн байгаарай” гэж үргэлж ерөөдөг ерөөл зөгнөлөөс санаа авч “Тэд бүхэн мэнд байгаасай” хэмээн байшин барилгын компаниа “Тэд мэнд” гэж нэрлэжээ. Ү.Хайминий “Зууны анд компани”, “Тэд мэнд” групп нь Улаанбаатарт гурван гэр хорооллын байшин барьж босгосон бөгөөд захиалгаар 40 гаруй  үйлдвэрийн барилга барьж босгосон. Өвөр Монгол ба Улаанбаатарт “Зууны анд компани”  болон  “Тэд мэнд” групп нийлээд нийт есөн гишүүн компани ажиллуулдаг, 300 гаруй ажилтантай том групп болон өргөжин тэлэв.

Бизнес эрхлэх, ялангуяа хил дамнасан бизнес эрхлэхэд элдэв янзын бэрхшээл тулгарах нь ойлгомжтой. Гэвч итгэл зоригтой, зорьсон зүгтээ бүх сэтгэлээр зүтгэдэг тэрээр “Хол гэмээнэ бүү цөх, явбаас хүрьюү Хүнд гэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу” хэмээх билэг сургаалыг мөрдөж их ажлын ард гарахын тулд давшгүй даваа болгоныг, гэтлэшгүй хүнд бүхнийг таван туулж “том гар”-ын бизнес эрхлэгч болсноор үл барам Монгол Улс болон Хятад улс даяар нэр хүнд нь алдаршиж эхэллээ.

2007 онд Өвөр Монголын Их Сургууль байгуулагдсаны 50 жилийн ой тохиож, тэрээр төрөлх сургуульдаа, элгэн хайрт багш нартаа талархах, энхрий залуу дүү нараа урам хайрлах зорилгоор Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд “Зууны анд” тэтгэмжийн хөтөлбөрийг үүсгэж, нэг сая юань гарган онц сайн суралцдаг оюутан, амьдрал хүнд бэрх оюутнуудад тэтгэлэг болгон өгч эхэлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь 10 дахь жилдээ үргэлжилж байна. Үүний зэрэгцээ олон олон оюутанд зориг ухаан өгөх зорилгоор мөн сургуульд есөн удаагийн “Үйлсийн аян” сэдвээр 90 минутын илтгэл тавьж, оюутнуудад “Сурч эзэмшсэн мэргэжилдээ хязгаарлагдаж болохгүй, Өвөр Монголын Их Сургуулийн оюутан болно гэдэг нэр төрийн хэрэг, бид мэргэжлээр биш, ухаанаар ажиллаж амьдрах хэрэгтэй” гэсэн гол санаагаа өөрийн бодит үйл ажилтайгаа уялдуулан сүүлийн үеийн олон оюутанд нийгэмд гараад бизнес эрхлэхэд нь нөлөөлсөн байна. Тэрээр:

- Миний хандивласан мөнгө төгрөг оюутнуудын амьдралд тус дэм болсон бол миний явуулсан тусгай хөтөлбөр нь ухаан заасан гэж хэллээ.

 

        Харийн газар арга чадлаа бэхэлж яв

        Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв

                -    Чингис хааны билэг сургаалаас

 

 Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь Монгол Улс дахь Өвөр Монголчуудын бизнес эрхэлж буй компани, хувь хүмүүсээс бүрдсэн ашгийн бус бөгөөд төрийн бус холбоо юм. “Харийн газар арга чадлаа бэхэлж яв Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв” гэдэг. Ү.Хаймин энэхүү холбоог үүсгэн байгуулах бэлтгэл ажилд гар бие оролцоод зогсолгүй, байгуулагдсан эхний жилүүдэд холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж, 2017 оноос холбооны даргаар ажиллажээ. Монгол Улсад ажиллаж амьдарч буй Өвөр Монголчуудаа зохион байгуулан тэдний хүч чадлыг бадруулан харийн газар хөндлөнгийн нутагт хөл улаа олоход нь үнэнхүү тусалж чадсан байна.

Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь Улаанбаатар хотод байрладаг. Хятад, Монголын хоорондох арилжаа худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо гэхчилэн Хятад, Монголын хамтын ажиллагааг ахиулан хамтдаа хөгжихөд гүүр болдог.

Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь Монгол, Хятадын нийгмийн бат бэх суурийг бүрэн ашиглаж, Монгол, Хятадын холбогдох төрийн байгууллага, бизнесийн бүлгүүдтэй сайн сайхан харилцаа тогтоож, Монгол, Хятадын төрөл бүрийн аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүст мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. Төрөл бүрийн төслийн хэлэлцээрийн уулзалтыг тогтмол зохион байгуулах, зорилтот мэргэжлийн сургалт, мэргэжлийн айлчлалыг зохион байгуулах, эрдэм шинжилгээний болон соёлын солилцоог зохион байгуулах, мэргэжлийн бизнесийн хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулах, холбогдох үзэсгэлэнд оролцох компаниудыг зохион байгуулах, зах зээлийн судалгаа, зөвлөгөө өгөх, түнш компаниуд, эсвэл группын хамтын ажиллагаа, холбоо байгуулах, төслийг сурталчлах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлдэг. Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь Хөххот, Эрээн хотод төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол, Хятад хоёр орны харилцаа холбоо, харилцааны үр ашигтай талбар болж байна. Одоогийн байдлаар Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэгчээр 300 гаруй гишүүн компани болон Өвөр Монголын 10 аймаг, хотын гишүүн холбоотой болон өргөжсөн. Зөвхөн бизнесийн хүрээнд хязгаарлагдалгүй  “Нутагтны холбоо”, “Соёлыг дэмжих холбоо” “Орчуулагчдын холбоо” гэсэн гишүүн холбоонуудтай болж жил дараалан Монгол Улсад “Өвөр Монголын Соёлын Өдөрлөг”, Хятад улсад “Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” зэрэг арга хэмжээ зохион байгуулж, Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааг ахиулав. Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд  Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны гишүүд нь Монгол Улсын Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхайн Яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг таван яамны шагналыг хүртсэн төдийгүй, тус холбооны  орлох дарга, Монгол дахь Улаанцавын  Бизнесийн Холбооны дарга  Мэргэнбаатар, Улаанбаатар дахь Өвөр Монгол Рестораны захирал Үнэнч зэрэг гишүүд энэ жил Монгол Улсын “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгажээ. Энэ бол “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үнэн ёсны бодит гэрч юм.

Өвөр Монгол орон бол Хятадын умардад нээлт хийх чухал цонх, гүүр болдог тул Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь энэхүү гүүрийг холбох ажилд идэвхтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн төдийгүй, Хятадын “Бүс ба зам”, “Торгоны зам”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын чиглэлээр ахицтай ажиллаж бодит үр дүнд хүрсэн  юм.

Дэлхийд даамжирсан цар тахал нь Ү.Хаймин болон түүний компани, ялангуяа Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоонд маш хүнд байдлыг авч ирсэн нь ойлгомжтой. Гэвч тэд гар нухлан хойш ухарсангүй. Өөрийн ажил төрлөө чадах чинээгээрээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд нүдгүй ирэх цар тахлын эсрэг тэмцэх ажлыг ч идэвхтэй өрнүүлсээр байна. Монгол дахь Өвөр Монголчуудаа зохион байгуулан Хятадын Үхань хотод эрүүл мэндийн хэрэгсэл хандивласан. Монгол Улсад цар тахал даамжран хэцүү хүнд болоход Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь Өвөр Монголын аймаг, хотын  холбоо болон Өвөр Монголын малчин тариаланчдаа зохион байгуулж, Монгол Улсад туслах “Хайрын аян” өрнүүлэн, 2 сая 700 мянга гаруй юаний эрүүл мэндийн хэрэгслийг хандивлав.

- Өвчин тахал нэг л өдөр үгүй болно. Ажил амьдрал үргэлжилсээр байх болно гэж Ү.Хаймин олон удаа хэлж байлаа.

Ү.Хайминий Монгол Улсад бизнес эрхлэн амьдарсан 30 жил бол Хятад, Монголын харилцаан дахь чухал түүхэн цаг үе юм. У Хаймин болон Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо нь энэхүү чухал түүхэн цаг хугацаанд хийх ёстойгоо хийж бүтээх ёстойгоо ч бүтээсэн. Цаашид хийж бүтээсээр ч байх болно.

Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн туршид Хятад улсдаа байгаа ч зүгээр сууж чаддаггүй тэрээр Монгол Улсад холбогдох ажил төрлөө үргэлжлүүлэн Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хийж, Монголыг судлах төвд туслах профессороор ажиллах зэрэгт гар бие оролцон унасан малгайгаа авах завгүй ажиллаж байна. Тэрээр мөн Хятад улсдаа байгаа нөхцөл боломжийг ашиглан нутаг орондоо бодит ажил хийх хүсэл бодлоо биелүүлж явна. Саяхан Алибаба групптэй хамтран ажиллах төсөл нь биеллээ олжээ. Ийнхүү тэрээр Хятадын Улаанцав хот зэрэг газар оронд “Ухаалаг хот”, “Дижитал аж ахуйн” төслийг өрнүүлж байна.

 

Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны дарга Ү.Хаймин

Монгол Улсаас хандивласан 30 мянган хонь гардуулах ёслолын үеэр

Монгол дахь Өвөр монголын нутаг нэгтний холбоо байгуулагдав

БНХАУ-ын ӨМӨЗО-Монголын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнд гарын үсэг зурах ёслол

Зохиогч:Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Б.СУРНАА
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:72
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой