Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хорвоог баясгасан хаан хөгжим – Морин хуур

”Хорвоод хосгүй хоёрхон утастай хөгжим”, ”Дэлхийд ганц байдаг амьтны толгойтой хөгжим” гэхчлэн морин хуурыг олон янзаар дүрсэлдэг.

 Үнэхээр морин хуур өргөн талын өрцөд уянга дуугаа эгшиглүүлж, өвөрмөц онцлогтой яруу аялгуугаараа хотол олондоо аз жаргал нэмж, хялгасан хоёрхон утсаараа хорвоо ертөнцийн сонорыг баясгасан монгол үндэстний гайхалтай хөгжим юм. Энэхүү хоёр хялгасан чавхдастай хуураас сүүн цагаан ундаргатай яруу уяруун ая эгшиг сонсогдоход ботгоо голсон ингэ уярч эхийнх нь сүү ивлэдэг билээ.

Морин хуур - монгол аялгуу

Монголчуудын амьдран орших орон зай өргөн уудам, аймаг угсаатны нутгийн хэл аялгууны ялгаа зөрөөнөөс морин хуурын нэрийдэл дуудлага адил бус, хуурын хэв загвар, хэлбэр дүрс ч ондоо, хөгжимдөх арга барил ч зөрөөтэй байдаг. Морин хуурын нэрийдлээс жишээлбэл, Өвөр Монголын баруун хэсэг болон Монгол Улсад "Морин хуур" гэдэг бол Өвөр Монголын зүүн хэсэг ба Хармөрөн, Гирин, Ляонин зэрэг мужид "Цуур" гэдэг. Шиньжяны Алтайн уул нуруу, Монгол Улсын баруун аймгийн нутаг буюу Урианхай, Тува, Оросын Халимагт харин "Их хийл" гэдэг аж.

       Түүхэн тэмдэглэлийг сөхвөл, Монгол хаант улсын үед морин хуурыг "Цуур хуур" хэмээн нэрлэж төрийн хөгжмөөр хэрэглэж байв. Ямартаа ч "Хийл хуур", "Цуур хуур", "Хялгасан хуур", "Хүрзэн хуур", "Шанаган хуур", "Цуур", "Якил" гэж адилгүй нэрлэн дууддаг энэ хөгжим нь нүүдэлчдийн дунд өргөн тархсан нь үнэн.     

       - Морин хуур нь эрт язгуураас монголчуудын амьдрал тэмцлийн дунд аажмаар зохиогдож, улам цаашид дэлгэрэн тархаж, урт удаан түүх, соёлын уламжлал залгамжлалтай болсон юм. Монголчууд умардын нүүдэлчин үндэстэнтэй гүн гүнзгий холбоотой байдгаар барахгүй, ард түмний амьдралын үнэн, баяр бахдал,  нугарал бүдрэлийг хөгжимдөн илрүүлсээр ирсэн юм гэж Өвөр Монголын морин хуурын нийгэмлэгийн дарга Чи.Булаг ярилаа.

       Эртний Хүннүгийн үед "Шанаган хуур" гэдэг хөгжим байсныг одоогийн морин хуурын эх гэж судлаачид таамаглаж байна. "Марко Пологийн аяллын тэмдэглэл"-ээс үзвэл XII зууны үеийн Татар үндэстний ардын дунд хоёр утаст хөгжим уламжлагдан хэрэглэгдэж байсан нь даруй энэхүү "Шанаган хуур"-ын хувилбар бололтой гэж эрдэмтэд үзэж байна. Хожим нь Чингис хааны үед жинхэнэ ордны хөгжим болж сонгогдон, алдарт "Асар аялгуу”-г хөгжимдөх чухал хөгжмийн нэг болов.

       Түүхийн аянд монголчууд морин хуураа бүтээж хэрэглэдэг байсан ч ер нь морин хуур гэж нэрлэдэггүй байв. Хожим нь XIX зууны сүүлээр Японы Кимику гэх нэгэн эмэгтэй жуулчин 1906 онд Харчин вангийн ордонд уригдан хүрээд тэнд морин хуурыг сонирхон тэмдэглэсэн байв. Тэрээр монгол орноор аялан явахдаа морины толгойтой хуурыг анх олж үзээд батокин (морин толгойтой хуур ) гэж нэрлэжээ. Үүнийг хятадаар Матөү Чин гэж орчуулсныг монголчууд морины толгойтой хуур гэж ойлгож, монгол хэл дээрээ "Морин хуур" гэж орчуулснаас одоо болтол тийнхүү нэрлэсээр байна.

       - Морин хуур бол монгол үндэстний урт удаан нүүдэл амьдралын явцад бий болж хөгжсөн нумт хөгжим болно. Түүхэн тэмдэглэлээс үзвэл морин хуур нь Чингис хааны үед байсан гэж бий, тэгвэл одоог болтол 800 гаруй жилийн түүхэн хөгжилд эртний хялбар хуурын төрлийн хөгжим байснаа өвөрмөц онцлогтой цуур урлагаас морин хуур болон хөгжиж, орчин үеийн хөгжмийн шилдэг бүтэцтэй уялдсан хэлбэр ба хөгжимдөх чадвартай үндэстний хөгжим болсон байна. Морин хуур нь гоцлолоор хөгжимдөх, хамтран хөгжимдөх, мөн том хэлбэрийн найрал ая хөгжимдөж болох монгол үндэстний төлөөлөх чанартай хөгжим болно гэж Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн профессор Цэрэндорж ярьжээ.

       Монгол Улсын хөгжмийн судлаач Бадрахын өнгөрсөн зууны 30-аад онд бичсэн "Монголын хөгжмийн түүх" гэх номд морин хуурын хэлбэр сийлбэрийн тухай хэлэхдээ "Үүний толгой нь анх өөр дүрстэй байсныг хойч үеийн хүмүүс гоёж чимэн морин толгойтой буюу луугийн толгойтой хийх болсон" гэжээ. "Чингийн төрийн сурвалж бичиг"-ийн хоёрдугаар ботийн "Хөгжмийн бүлэг"-т "Чангалуурын урт нь тус тус дөрвөн ямх, нумын урт нь хоёр тохой гурван ямх, наян нэгэн ширхэг агтны сүүлийг хөвчлөн шөргөөж хөгжимдөмүй" гэжээ.

       Нумыг ёнхортой шөргөөн хөгжимдсөн үйлийг хөгжмийн түүхэн дэх дэвшилт гэж үздэг. Хийл хөгжим дэлхий нийтэд дэлгэрсэн нь түүний язгуураасаа нумыг салангид хэрэглэсэнтэй шууд холбоотой. Морин хуур дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн нь мөн нумаа салангид хэрэглэсэнтэй холбоотой бөгөөд хамгийн чухал нь өвөрмөц гойд бүтэц, урсам сайхан хөг аялгуугаараа хүн амьтны сэтгэлийг татаж чадсанд байгаа юм. Олон зууны турш морин хуур нь монголчуудын дунд үе улиран хэлбэр дүрс, бүтэц, хөгжимдөх арга барилын талаар шинэчлэгдсээр дэлхий дахинд нэр алдар түгэв.

Морин хуур - хялгасны гайхамшиг         

       - Морин хуур нь морь ба хуур гэсэн хоёр үгнээс бүрэлдэв. Морин хуурын нэрээс аваад түүнийг зохиож бүтээх бүх зүйл нь бүр морьтой холбоотой. Ардын үгэнд "Гэрт морин хуур эгшиглэхэд уяан дээрх морь үүрсдэг" гэдэг үгний далд утга учир нь монгол хүн, морин хуур ба морь гурвын холбоог тодруулж байгаа бөгөөд морин хуурын бүтэц байдлыг монгол морьтой хамруулж ярьсан гэж ойлгож болно.

Тэрчлэн монгол хүний байгалийг эрхэмлэх, адуу малаа эдлэх оюун ухаан ч морин хуураар дамжин илэрч байгаа хэмээн Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн үндэстний урлаг судлах газрын судлаач Алтантулга ярив.

- Морин хуур бол дэлхийд ганц байдаг толгойтой хөгжим болно. Морин хуур нь Чингисийн үеэс уламжлагдсан өв соёлын нэг юм. Морин хуур нь манай Монголын бахархал төдий биш, дэлхийн сонорт цуурайтаж, монгол соёлын бэлгэ тэмдгийн нэг болж байдаг гэж Өвөр Монголын морин хуурын нийгэмлэгийн тэргүүлэгч Чи. Булаг хэлжээ.

Морин хуур - амьдралын эгшиг

Хөгжим ба дуу бол ард түмний соёл түүхийн мөрийг харуулж, хүний амьдралын баяр гунигийг тусгадаг аж.

Нийгэм, байгаль, юм үзэгдлийг хөг авиа, эгшгээр дүрслэн илрүүлдэг.

   - Морин хуур гэж чухам юуг хэлж байгааг хэн хүнд, ямар ч үндэстэн ястанд ч ойлгуулна гэж үг хэлээр, үсэг бичгээр орчуулж тайлбарлах хэрэггүй. Ямар хэлтэй байсан ч хамаагүй, зүрх сэтгэл байдаг л бол хуурдсан аялгууг сонсоход мэдэх болно. Хэлж илтгэж чадахгүй гүн ухаалаг хайр сэтгэл, эчнээ нууцгай дотоод ертөнцийг морин хуур бүрэн хөгжимдөж чадна. Харин морин хуурын аялгууг таван утаст ноотоор бүрэн нотолж чадахгүй гэж би боддог. Морин хуур шиг толгойтой хуур дэлхийд өөр байхгүй, морин хуур ийм сүлдтэй, урлагийн шидтэй байдгаас дэлхийн урлагийн тайзнаа "Хаан хөгжим"-ийн байр эзлэх нь зүй ёсны юм. Иймээс би нэг сэтгэлээрээ морин хуурын үйлсэд зүтгэж байна гэж олон улсын холбоот байгууллагын насан туршийн дархан гавьяат Чи. Булаг ийнхүү учирлав.

Морин хуурын өөрчлөлт хөгжилд үе үеийн хуурчид уран бүтээлчид үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Морин хуурын орчин үеийн хөгжлийн тухай ярихад хуурч Сээршийг мартаж үл болно. 1949 онд хуурч Сээрш морин хуураар шалгарч, Өвөр Монголын урлагийн чуулгад элсэн оров. Улс байгуулагдсан анхны ойн баярт Сээрш хуурч морин хуураараа Бээжингийн том театрт "Дорно зүг туяарлаа" хэмээх аяыг хөгжимдөж, морин хуурын төгөлдөр хүнгэнэм аялгууг гайхуулсан юм.

1956 онд хуурч Сээрш Өвөр Монголын урлагийн сургуульд морин хуурын багшаар уригдан ажиллаж, морин хуурын авьяастнууд Өвөр Монголын нутаг нутгаас хуран цуглав. Түүний шавь хуурч Сандүүрэн бол морин хуурын урлагт том хувь нэмэр оруулсан бөгөөд нэрт хуурч Чи. Булгийн багш нь юм.

1972 онд Чи. Булаг энгийн арьсан бүрээстэй морин хуурын царыг аварга могойн арьсаар бүрэв. Аварга могойн арьсаар бүрсэн морин хуурын дууны өнгө нь улам чанга дуугарч, эгшгийн шатыг улам төгөлдөр болгоод морин хуурын өмнөх дутагдалтай талыг нөхөж, гурван угтвар болгож, бас хүний хүчээр исгэрүүлэх угтвар нэгийг нэмээд дөрвөн угтвартай болгон, уламжлалт морин хуурын давуу талыг хадгалснаар барахгүй хөгжимдөхийг нь улам төгөлдөр болгожээ. 1976 онд Мэргэжих багшийн зөвлөгөөгөөр морин хуурын хөгийг 1-5 гэж тогтоосон тул Хятад улсын морин хуур нь 1-5 хөгийн хөглөх аргаар нэгтгэн хэрэглэх болов. Түүний гарт морин хуурын хөгжимдөх арга барил ч хөгжиж, хийл хөгжмийн нум хэрэглэх аргыг лавлаад, шинэ үүдэлтэйгээр түргэн нум, жижиг нум, чичиргээ нум, үсэргээ нумын арга барилыг хэвшүүлж төрөлжүүлсэн байна.

2001 онд Хятад улсын морин хуурын эрдэм шинжилгээний нийгэмлэг болон Өвөр Монголын Залуучуудын холбоо хамтран Хөххотод "Анхны Олон улсын хүүхэд залуучуудын морин хуурын урлагийн наадам"-ыг зохион байгуулж, морин хуурын ая "Түмэн агтны төвөргөөн"-ийг 1000 хуурч хамтран хөгжимдөж дэлхийн геннисийн тэмдэглэлийг бүтээж, орчин үеийн морин хуурын хөгжлийг шинэ түвшинд хүргэсэн юм.

2008 оны 8 дугаар сарын 8-нд ӨМӨЗО болон Хятад улсын морин хуурын нийгэмлэгээс 120 морин хуурч зохион байгуулж, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцон "Tүмэн агтны төвөргөөн"-ийг дэлхийн сонорт хүргэжээ.

Морин хуурын хүнгэнэм яруу дуу найр наадмаас театрын тайз хүртэл сонсогдож, соёл урлаг аж ахуйн хос ашиг хүртэх болсон өнөөдөр содон өв соёлоо хүмүүст үзүүлж мэдүүлэх зорилгоор 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Чи.Булаг Олон Улсын Морин Хуурын Дээд Сургууль" байгуулагдсанаас морин хуур нь дээд зэргийн сургалт боловсролын дүрэмжсэн замаар явах болжээ.

2013 оны 12 дугаар сард Чи.Булаг Америкийн Олон улсын холбоот байгууллагын ерөнхий төвд морин хуурын тусгай тоглолт хийж, дэлхийн морин хуурын нийгэмлэг байгуулагдсаныг тунхаглажээ.

"Морин хуур молор эрдэнэ" гэж монголчууд үнэхээр дээдлэн ярьдаг. Тэрчлэн морин хуур нь эртний монгол баатрын түүх дууль, домог үлгэртэй нягт холболдож, үлгэр дуугаар нүүдэлчин үндэстний түүх соёлыг залгамжлан уламжилж байдаг. Түүх ба цаг үеийн хөгжил өөрчлөлтийг дагаад монгол үндэстний соёл, үзэл ойлголтод нөлөөлж, морин хуур ч маш өргөн хөгжлийн орон зайтай болов. Ийнхүү үеийн үед уламжлан, улмаас улам нарийн шилдэг үндэстний түүх соёлыг харуулсан урлаг хөгжим болж, дэлхийн хэмжээнд мэдрэгдсэн үндэстний содон өв болно.

Зохиогч: Соёмбо
Найруулагч:Б.Ариухан
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2896
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой