Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн шинэ судалгаагаар,орондоо хэвтэж дэлгэц ашиглах цагийг багасгах нь залуучуудын нойрны чанарыг эрс сайжруулдаг болохыг харуулжээ. Норвегийн 18-28 насны 45 мянга 202 залуугийн санал асуулгын мэдээлэлд үндэслэсэн тус судалгаанд, унтахынхаа өмнө дэлгэц хэрэглэх нь нойргүйдэх эрсдэлийг 59 хувиар нэмэгдүүлж, унтах хугацааг дунджаар 24 минутаар бууруулдаг болохыг тогтоосон байна. Судалгааны үр дүнг Frontiers in Psychiatry сэтгүүлд нийтлэв.
Судалгаанд, хүмүүс нийгмийн сүлжээг нойронд ихээхэн саад учруулж байна гэж санаа зовдог ч бодит байдал дээр дэлгэцийн бүх төрлийн хэрэглээ нойронд ижил нөлөө үзүүлдэг болохыг тэмдэглэжээ. Энэ нь тодорхой хэмжээнээс илүү цагаар дэлгэц ашиглах нь унтахад нөлөөлдөг гол хүчин зүйл гэсэн үг юм.
Дэлгэцийн хэрэглээ болон нойрны чанар хоёрын хамаарлыг үнэлэхийн тулд судлаачид оролцогчдоос унтахынхаа өмнө дэлгэцийн хэрэглээний зуршил, түүний дотор дэлгэц ашиглах хугацаа, төрөл (шоу үзэх, тоглоом тоглох, олон нийтийн сүлжээ үзэх гэх зэрэг), мөн унтах хэв маяг, чанарын асуудлын талаар асуужээ. Оролцогчдын дэлгэц ашиглах төрлөөс үл хамааран унтахаас нэг цагийн өмнө дэлгэц харах цагийг нэмэгдүүлэх нь нойргүйдлийн эрсдэлийг нэмэгдүүлж, унтах бодит хугацааг бууруулдаг болохыг уг туршилтын үр дүн харуулж байна. Эдгээр дүгнэлтэд үндэслэн судлаачид дэлгэцийн хэрэглээнээс болж нойр нь мууддаг хүмүүст шөнийн цагаар дэлгэц ашиглах цагийг багасгах, ялангуяа унтахаас 30-60 минутын өмнө дэлгэцийн хэрэглээгээ бүрэн зогсоохыг зөвлөж байна.




























































