
Сайн байна уу, Монгол уншигчид аа, Та бүхэн хүлэг морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнийг сорьж сайхан наадацгаав уу, хамгийн түрүүнд та бүхэндээ Монгол улсын үндэсний их баяр наадмын халуун мэндийг Хөх хотоос өргөн дэвшүүлж байна. Энэ жил Монгол улсын үндэсний их баяр наадам амжилттай болж, ялангуяа хүчит бөхийн барилдаан даян дэлхийн үзэгчдийг шуугиулсан амжилтаар өндөрлөлөө. Баянхонгор аймгийн уугуул улсын начин Энхтүвшиний Батмагнай улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж, Сүхбаатар аймгийн уугуул аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр улсын наадмын үзүүр бөхөөр тодорч, гарьд цол хүртсэн явдал хүмүүсийн халуун ярианы сэдэв болсоор байгаа билээ.
Дэлхий дэлэгнэж, дэнж хотойтол наадсан 7-р сар маань нараа үдэж сараа угтсан үнэхээр сайхан улирал байлаа. Үйлсээр дүүрэн Өвөр Монгол маань энэ 7-р сарыг амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжил, орчин үеийн газар тариалан мал аж ахуй хөгжүүлэх талд гялалзам амжилт гаргасан сар байлаа.
Ялангуяа энэ 7-р сарын 6-нд Өвөр Монголын Алшаа Аймгийн Бадайн Жаран, Тэнгэр, Улаан-Бух гурван том элсэн цөлийн хөвөө хязгаарыг сөөг бут сүрлэн халхавчаар зааглан тогтворжуулах төсөл амжилттай хэрэгжсэн нь Өвөр Монгол төдийгүй, Хятадын хэмжээнд цөлжилттэй тэмцсэн томоохон амжилтад зүй ёсоор бичигдэх ёстой.
Мөн энэ 7-р сарын эхээр Хятадын иргэний агаарын тээврийн компанийн С909 нисэх онгоц Монгол улсад анхны нислэгээ хийж, Мөнгөн хөлөг маань уулсын дундах Улаанбаатар хотод амжилттай газардаж, Монголчууд цэнхэр хадгаа дэлгэж, уртын дуу хангинуулан угтан авсан билээ. Энэ үйл явдал Хятад Монгол хоёр орны найрамдал хамтын ажиллагааны түүхэнд агаарын шинэ гүүр тавьж, түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. 7-р сарын баярт үйл явдлуудыг энэ мэт яриад байвал энүүхэн хуудсанд багтахгүй биз ээ.
Ташрамд дурдахад, Хятад Монголын залуучуудын хувьд энэ долдугаар сар мөн уулзалт баяр уянга дуутай сайхан улирал байлаа. Тухайлбал, “Хятадад болзъё” Хятад Монголын Z үеийн залуусын зуслангийн нээлтийн арга хэмжээ 7-р сарын 13-ны үдэш Хөх хотын түргэн голын хөвөөнд нижгэр сайхан болж өнгөрлөө. Монгол Улсын Дархан дээд сургуулийн оюутнууд, ӨМӨЗО-ны Хундэр коллежийн оюутнууд “Монгол наадам”, “Адуучны дуу”, “Хурдан морь”, “Жалам хар”, “Хун галуу”, “Алсад суугаа ээж”, “Амар байна уу” зэрэг бүжиг, ая дуугаа өргөлөө. Хөх хотын түргэн голын дөлгөөхөн урсгал дунд үдшийн бүрийд эхэлсэн уг концерт Хятад Монгол хоёр орны урлагийн содон бүтээлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, хоёр орны Z үеийн залуусын халуун дотно найрамдал нөхөрлөлийг харуулсан бодит жишээ боллоо. Энэ нь мөн ч энэ оны хоёр орны залуучууд хоорондын харилцаа солилцоо гүнзгийрэн нягтарч буйн бас нэгэн тод жишээ болж түүхэнд үлдэх нь дамжиггүй биз ээ.





































































