Өнгөрсөн таван жилийг эргэн харвал, дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт хурдацтай өрнөж, тогтворгүй, өөрчлөлтийн үе шатанд шилжив. Ийм нөхцөлд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ түвшний ахиц дэвшил, томоохон өөрчлөлт, түүхэн амжилтыг бий болгож, социалист орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулах шинэ аяллын замд бат бөх алхам хийсэн юм.
“14-р таван жилийн” төлөвлөгөөний үндсэн зорилтуудаас эдийн засгийн өсөлт, нийт ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж, улс орон даяарх шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн зардлын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь төлөвлөсөн хэмжээнд хүрэв; Харин суурин хүн амын хотжилтын түвшин, нэг хүнд оногдох дундаж наслалт, үр тариа болон эрчим хүчний нийлмэл үйлдвэрлэх чадавхи зэрэг найман үзүүлэлт төлөвлөснөөс давж биелсэн байна. Орчин үеийн дэд бүтцийн тогтолцоо эдийн засаг, нийгмийн хурдтай хөгжлийг дэмжиж, ард иргэдийн амьдралыг илүү эрүүл, тав тухтай болгов.
“14-р таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дараалан тус тус 110 их наяд юань, 120 их наяд юань, 130 их наяд юань гэсэн гурван том шатыг давж, 2024 онд 134 их наяд юанийг давсан. Байнгын үнээр тооцвол 2020 оноос хойш 23.9 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт 5.5 хувьд хүрчээ. Хятадын нэг хүнд оногдох ДНБ 2020 оны 10632 ам.доллараас 2024 онд 13445 ам.долларт хүрч, хоёр жил дараалан 13 мянган ам.доллараас давж, дундаас дээш орлоготой орнуудыг тэргүүлсээр байна.
Даяаршлын сөрөг нөлөө ихэсч, глобалчлал саарсан хүнд нөхцөлд Хятад улс нээлттэй байдлаар шинэчлэл, хөгжлийг баримтлан, аж ахуйн нэгжүүдийг уламжлалт зах зээлээ бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ зах зээл рүү өргөжихийг нь дэмжсэн юм. Үүний үр дүнд худалдааны олон талт бүтэц цаашид тогтвортой тэлсээр байна. Одоогоор Хятад улс 150 гаруй улс, бүс нутгийн худалдааны гол түнш болсон бөгөөд “Бүс ба Зам” санаачилгад хамтран ажиллаж буй орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ 2020 оны 29.1 хувиас 2024 онд 50.3 хувьд хүрсэн. “14-р таван жил”-ийн төлөвлөлтийн хугацааны эхний дөрвөн жилд Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Африк, Төв Азийн орнуудтай хийсэн худалдаа жил бүр 10 хувиас дээш өссөн байна. Хятад-Европын ачааны галт тэрэг Европын 26 улс, 200 гаруй хотод хүрч, нийт галт тэрэгний тоо 110 мянгыг давлаа.
“14-р таван жил” нь хоёр дахь зуун жилийн зорилтыг хэрэгжүүлэх бат бөх суурийг тавьсан онцгой үе байсан юм. Улс орны тогтолцооны давуу тал илүү бэхжиж, инновацын эрч хүч улам нэмэгдэн, материаллаг үндэс суурь илүү бэхжиж, хөгжлийн чадавхи урьд өмнө байгаагүйгээр хүчирхэгжсээр байгаа юм.





































































