Спорт бол сонирхол, ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй, бидний оюун санаа, амьдралын тухай ойлголтыг өөрчилдөг. Нас, хүйс, мэргэжлээс үл хамааран спорт сонирхогч бүрт өөрийгөө даван туулах боломжийг олгодог. Спортоор хичээллэснээр хүмүүс хөлсөө урсгаж, хувь хүнийхээ өсөлт хөгжлийг бий болгодог.
Шань Вэй: - Би ногоон зүлгэн дээр амьдралынхаа зүг чигийг олсон
Би 2002 онд Яньчэн хотод төрсөн. Бага сургуульд сурч байхад дасгалжуулагч маань намайг сургуулийн хөл бөмбөгийн багт элсүүлснээр хөл бөмбөгтэй салшгүй холбоотой болсон. Тэр үед өглөө хичээлдээ явж, үдээс хойш нь бэлтгэл хийсээр өдөржин завгүй байдаг ч сэтгэл хангалуун байсан. Хөл бөмбөг надад тэсвэр тэвчээр суулгасан бөгөөд би өөрийн чиглэлээ олсон.
Би Бээжингийн 80-р дунд сургуулийн биеийн тамирын сургуульд элсэн орж, мэргэжлийн хөл бөмбөгчний замаа эхлүүлсэн. 18 настайдаа бэртэл авсны улмаас зургаан сар талбайд гараагүй. Ээж маань гэрийн үйлчлэгч хийж амьдралаа авч явдаг байсан. 2023 онд би төрөлх хотдоо буцаж очоод амьдралынхаа чиг хандлагыг дахин эргэж харахаар шийдсэн.
Амьжиргаагаа залгуулахын тулд би клубт залуучуудын дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ ресторанд цагийн ажил хийдэг байсан. Өдөр нь хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож, шөнө нь гуанзанд үйлчлэгч хийдэг байлаа.
Оны эхээр би Яньчэн баг тамирчин элсүүлж буйг мэдээд эргэлзэлгүйгээр бүртгүүлсэн юм. Маш нарийн сонгон шалгаруулалтын үр дүнд би мэргэжлийн хөл бөмбөгчин болсон. Сургалт, тэмцээн, цагийн ажил гээд миний амьдрал гурав хуваагдлаа. Ядардаг байсан уу? Мэдээжийн хэрэг. Гэхдээ төрсөн нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох юмсан гэсэн бодол, ээжийн минь хүлээлттэй харц, хөл бөмбөгийн ногоон дэвжээнд намайг эрч хүчээр дүүрэн болгосон юм.
Хөл бөмбөг надад тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөрийг сургаж, хариуцлага үүрэглэх сэтгэлтэй болгосон. Хөл бөмбөгийн талбайд шаргуу гүйж байсан ч, ресторанд хоол хийж байсан ч, би адилхан эрч хүчтэй байдаг. Аль ч үед би талбай дээрх хүсэл тэмүүллээ орхихгүй.
Жян Гуаньян: - Сагсан бөмбөг намайг өөртөө итгэлтэй болгосон
Би Жэжян мужийн Жужи хотын Датан хорооллын хүн. Өнгөрсөн 06-р сард би Жэжян Юй-Ингийн мэргэжлийн техникийн коллежийг хурдны төмөр замын үйлчилгээний чиглэлээр төгссөн. Би өөрийгөө хурдны галт тэрэгний үйлчлэгчээр ажилд орох байх гэж бодож байсан ч сургуулиа төгсөхийн өмнөхөн Шунвэй Хаошуай сагсан бөмбөгийн клубээс урилга хүлээн авлаа. Сагсан бөмбөгчин болох нь миний мөрөөдөл байсан бөгөөд одоо энэ мөрөөдөл маань биелсэн!
Жэжян мужид энэ жил анхны "Жэжян BA" тэмцээнийг зохион байгуулав. Би төрсөн нутгийнхаа Жужи багт тоглосон. Тэмцээн эхэлснээс хойш сошиал медиа хаягийг минь дагагчид хурдтай нэмэгдэж, залуу шүтэн бишрэгчдээсээ урам хайрласан хувийн мессеж хүлээн авсан. Сагсан бөмбөг намайг өөрчилсөн, миний эргэн тойронд байгаа хүмүүсийн сагсан бөмбөгийн тухай ойлголтыг өөрчилсөн гэж хэлэхэд хилсдэхгүй.
Сагсан бөмбөгтэй холбоотой болсон үе маань бага сургуулийн гуравдугаар ангиасаа эхэлсэн. Тэр үед би намхан, дандаа эхний эгнээнд суудаг, жаахан дотогшоо хүн байсан. Нэг өдөр багш:
- Сагсан бөмбөгийн багт хэн орох вэ? гэж асуув. Би өмнө нь хэзээ ч сагсан бөмбөгт тоглож байгаагүй ч хоёр ч удаа “Би оръё” гэж гараа өргөсөн. Энэ алхам намайг сагсан бөмбөгтэй ингэж нягт холбоно гэж төсөөлж ч байсангүй.
Дунд сургуулийн бага ангийн багт элсэхдээ би ердөө 1.6 метр өндөртэй буюу багийнхаа хамгийн намхан тоглогч байсан. Хэн ч намайг өөдрөгөөр харж байгаагүй, зарим нь шоолж байсан. Гэхдээ эдгээр нь намайг улам их хурцалсан. Би өөрийн ур чадвараараа дасгалжуулагч болон багийнхныхаа итгэлийг олж, улмаар гарааны тоглогч болсон. 2-р курсын жилдээ би 1.7 метр болтлоо өссөн ч гайхалтай биш байсан би анхны данк хийсэн. Би багийн гарааны тоглогчийн байр сууриа дахин баталгаажууллаа.
Сагсан бөмбөг миний амьдралын чухал хэсэг болсон. Би бэлтгэлээ үргэлжлүүлэн шаргуу хийж, ахиц дэвшилд тэмүүлж, улам их хичээх болно.
Жан Зиян: - Уралдахын эрчимд урагшаа тэмүүлнэ
2019 оны намар би Наьнкай их сургуульд ирсэн. Нэгдүгээр курсийнхээ бэлгийн багцаас би "Цэргийн сургалтын луут завины хуаран"-гийн тухай товхимол авсан бөгөөд олон жилийн дараа өөрийгөө энэ товхимолд орно гэж зүүдэлж ч байсангүй.
Сонирхлоо дагаад "Цэргийн сургалтын луут завины хуаран" зусланд бүртгүүлсэн.
Цэргийн бэлтгэлд хамрагдаж ангийнхаа хүүхдүүдийн хамт сургуулийн луут завины багт элсээд, төдөлгүй анхныхаа тэмцээнд оролцсон юм.
Луутай завины тэмцээн нь бөмбөрчин, залуурчин, сэлүүрчдийн хоорондын уялдаа холбоог онцолж, бидний хамтран ажиллах чадварыг шалгадаг. Жил бүрийн 04-өөс 10-р сар хүртэл бид амралтын өдөр бүр бэлтгэлд гарч техник, зохицуулалтаа дасгалжуулдаг. Бидний хичээл зүтгэл үр дүнгээ өгч, олон тэмцээнд түрүүлсэн.
Өвлийн улиралд манай багийнхан мөсөн дээр луут завиар уралддаг. 2024 онд бид Нанькай их сургуулийн Луут завины багийн "Мөсөн дээрх эхний жил"-ийг эхлүүлсэн. Мэргэжлийн удирдлага, мөсөн бэлтгэлийн туршлагагүйгээр бид уралдаан тэмцээнээр хичээллэдэг байсан. Өнгөрсөн оны сүүлээр улсын хэмжээнд болсон мөсөн луут завинытэмцээнд гуравдугаар байр эзэлсэн.
Луут завь надад илүү их итгэл өгсөн. Би коллежид нэгдүгээр курст орохдоо ангийнхан, багш нартайгаа сайхан харилцаж чаддаггүй байсан, их бүрэг ичимхий хүн байсан. Би булчинлаг биетэй, төгсөлтийн сургуульд байхдаа луут завины багийн ахлагч болсноор хичээлдээ болон өдөр тутмын амьдралдаа илүү итгэлтэй болсон. Тэмцээнд багаа тэргүүлэх нь бэлтгэл хийхээс ч хэцүү. Дахин давтан дадлага хийж, даалгавар өгснөөр миний зохион байгуулалт, манлайлах чадвар чимээгүйхэн сайжирсан.
Би энэ залуу багийг шилдэг амжилтад хүргэхийн төлөө хичээж, урагшлахын тулд үргэлжлүүлэн удирдан чармайх болно!
Вэй Яжи: - Нүдэндээ нулимстай байсан ч бөмбөгөө сайн тоглоно
Би ШУӨЗО-ны Өрөмч хотын 15-р бага сургуулийн сурагч.
Би бие махбодийн хувьд сул дорой байсан, ялангуяа өвлийн улиралд байнга ханиад хүрдэг. Ангийнхаа хүүхдүүдийг цасан дээр гүйж, тоглож байгааг харсан ч нэгдэж чадсангүй, би бусад хүүхэд шиг эрүүл саруул, эрч хүчтэй байхыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан.
Хоёр жилийн өмнө ээж надад бадминтоны ягаан цохиур бэлэглэсэн юм. Тэр цагаас хойш би дасгалжуулагчаасаа бадминтон сурч эхэлсэн. Гэсэн хэдий ч эхний сорилт миний төсөөлж байснаас хамаагүй их байсан. Бэлтгэл ажил бүр миний тэвчээрийн дээд цэгт тулж байсан. Гэхдээ ээж минь үргэлж миний тэмцээнийг хажуунаас харж байдгийг би мэдэж байлаа. Цуврал бэлтгэлээ дуусган түүн рүү харах болгонд ээж надад эрхий хуруугаа гаргаж урам хайрладаг байсан нь намайг тэвчээртэй болгосон.
Нэг бямба гарагт дасгалжуулагч маань бэлтгэлийн тоглолт зохион байгуулсныг санаж байна. Өрсөлдөгч маань маш хүчтэй. Би сандарч, нүд минь аажмаар бүрэлзэв. Гэхдээ би цохиураа хэзээ ч орхиж байгаагүй. Би нулимсаа арчаад бөмбөг бүрийг үргэлжлүүлэн цохилоо.
Эцэст нь би тэр тоглолтонд хожигдсон. Тийм байхад ээж минь намайг халуун дотноор тэврээд:
- Хүү минь, ээж нь юугаар хамгийн их бахархдгийг мэдэх үү? Уйлж байхдаа ч бууж өгдөггүйд чинь ээж нь их бахархдаг шүү гэж шивнэв. Тэр үед би тэвчээртэй байхын хүчийг гэнэт ойлгосон.
Тэр цагаас хойш миний ур чадвар бусдын адил сайн биш ч гэсэн би хэзээ ч тэмцээнээс буцаж байсангүй.
Одоо би талбайд гарах болгондоо бага сага сандардаг ч ямар ч сорилттой тулах нүүр тулах зоригтой болсон. Бадминтон надад зөвхөн техникийн ур чадвараас илүү олон зүйлийг зааж өгсөн. Тэр бол нулимс дуслуулсан ч гэсэн тэвчих тэвчээр юм.
Рао Шюн: - Асга хадан дээр илүү өргөн ертөнцийг хардаг
Би спортын өндөр боловсролтой оюутан. Би коллежид мэргэжлээ сонгохдоо л нийтийн биеийн тамирыг шийдэмгий сонгосон. Сургуулиа төгссөний дараа нийгмийн спорт нь илүү өргөн сонголтуудыг санал болгодог гэдэгт би итгэдэг. Сургуулиа төгсөөд аль нэг спортын төрөлд мэргэжлийн дасгалжуулагч болох боломжтой.
Сургуулиа төгсөөд хаданд авиралтын зааланд дасгалжуулагч болсон. 2016 онд олон нийтийн дунд хаданд авирах сонирхол бага, хаданд авиралтын заал төдийлөн сайнгүй байсан үе юм. Зав гармагц би гадаа хаданд авирах ур чадвараа сайжруулахын тулд хээр гадаа явдаг байсан.
Хятадын ШУА-ын Амьтан судлалын хүрээлэн нэг төрлийн шувууны DNA цуглуулахад туслахаар хаданд авиралтын хөтөч элсүүлж байсан тэр жилийн миний хамгийн тод дурсамж бол миний төгсөх жил байлаа. Хээр хөдөөгийн авиралтын арвин туршлага намайг тэдний хамт олонтой холбосон юм. Би тэдэнтэй нэгдэн хүн амьтангүй эзгүй дөрвөн бүсээр аялж, байгаль ертөнцийг илүү өргөн хэмжээнд харах болсон. Хаданд авирах нь надад илүү утга учиртай амьдралын туршлагыг авчирч, олон хүний хүрч чаддаггүй газруудад хүрэх боломжийг нэг сарын туршлага надад мэдрүүлсэн юм.
Токиогийн олимпод Хятадад хаданд авиралтын спорт ихээхэн анхаарал татсан. Би ч гэсэн өөрийгөө сайжруулж, үндэсний маршрутлагчийн мэргэжил эзэмшиж, олон улсын тэмцээний маршрутын зураг төслийг боловсруулж эхэлсэн.
Хаданд авиралт надад техникээс илүү зүйлийг ойлгуулсан. Энэ нь миний зан чанар, хүсэл зоригийг эрчилж, амьдралд ямар ч саад бэрхшээлийг даван туулах боломжтой гэдэгт итгүүлсэн юм.
Тянь Эрчи: - "Бяцхан уйланхай"-гаас"Салхины хөөгч" хүртэл
Манай гэр бүл Хармөрөн мужийн Чичхар хотын Мэйлиси Дагуур үндэстний дүүрэгт амьдардаг. Би хүүхэд байхдаа “цуутай” уйланхай хүүхэд байлаа. Гүйж байгаад бүдэрч унахад ч, барилгын чулуу уначихад хүртэл, ангийнхаа хүүхэдтэй бага зэрэг муудалцсан ч уйлна. 2021 оны өвөл аав намайг тэшүүрийн талбайд аваачиж өгснөөс хойш л бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн.
Энэ бол хоккейн тоглолтыг анх удаа харсан цаг мөч юм. Тамирчид тэшүүрээр салхи шиг хурдалж, хурц цохилт хийж байхыг гайхав. Тэр үед би маш их сэтгэл хөдөлсөн. Би аавынхаа гараас чанга атгаад:
- Би хоккей сурмаар байна! гэж гуйж билээ.
Анх мөсөн дээр гишгингүүтээ би хүчтэй унасан. Нүднээс нулимс урслаа. Дараа нь дасгалжуулагч над уруу гулгаж ирэв. Тэр намайг татахын оронд өвдөглөж суугаад: - Нулимс урсгахаараа хөлсөө урсган байж чи улам хүчтэй болно гэж хэлсэн юм.
Тэр үгийг би одоо ч санаж байна. Тэр цагаас хойш долоо хоногийн дөрвөн өдрийг мөсөн дээр өнгөрүүлдэг болсон.
Аажимдаа тэшүүрийн жолоодлого, дриблинг, дамжуулалт зэргийг эзэмшлээ. Тэр үед би зөвхөн бэрхшээл тулгарахад л уйлдаг хүүхэд байхаа больж, мөсөн дээрх салхич шувуу болсон.
Хамгийн гайхамшигтай нь энэ өөрчлөлт зөвхөн тэшүүрийн талбайгаар хязгаарлагдахгүй. Хичээл дээр би багшийн асуултад хариулахын тулд гараа илүү олон удаа өргөдөг байсан. Хэцүү асуудалтай тулгарах үед би амархан бууж өгөхөө больж, өөртөө "Дахин нэг үзээд алдаарай" гэж хэлдэг байв.
(БАЙ ГУАНДИ, ЛЮ ЖҮНГҮО, ЛИ ЖЯДИН, АЛДАК, ЧЕНь ЖУН-ИЙ, ГҮӨ ШЯОЛОН)
Нэр дурьдагдсанаас бусад зургийг ярилцлагад оролцогчид хангав.

ШАНЬ ВЭЙ

ЖЯН ГУАНЬ ЯН гэрэл зургийг ЖАН ЛИ БЭНЬ

ЖАН ЗИЯН

ВЭЙ ЯЖИ

РАО ШЮН

ТЯНЬ ЭРЧИ































































