Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оны 12-р сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийснийг тохиолдуулан Хятад Франц хоёр улсын төрийн тэргүүн нар "Дэлхийн засаглалыг бэхжүүлэх тухай БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс хоорондын хамтарсан мэдэгдэл", “Украины нөхцөл байдал болон Палестины нөхцөл байдлын тухай БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс хоорондын хамтарсан мэдэгдэл”, “Хөдөө аж ахуй болон хүнсний бүтээгдэхүүний солилцоо хамтын ажиллагааны тухай Хятад Францын хамтарсан мэдэгдэл”, “Атомын эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн урагш ахиулах тухай БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс хоорондын хамтарсан мэдэгдэл”, “Дэлхийн уур амьсгал болон хүрээлэн буй орчны сорилтыг хамтын ажиллагаагаар зохицуулах тухай БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс хоорондын хамтарсан мэдэгдэл” зэрэг хамтарсан мэдэгдлүүдэд гарын үсэг зурав.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ: НҮБ-ыг олон улсын үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэхийг дэмжиж буй Хятад улсын дэвшүүлсэн Дэлхийн засаглалын санаачилгыг Франц улс өндрөөр үнэлж, сайшааж байна. Хятад Франц хоёр орон энэ талаар хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбар нь хоёр талт харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа болон 2023 оны 4-р сарын 7-ны өдрийн хамтарсан мэдэгдэл, 2023 оны 4-р сард Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Францын тариалангийн талбайгаас Хятад улсын хоолны ширээн дээр хүртэл" хэмээх бүрэн гинжин хэлхээний шуурхай зохицуулалтын механизмыг дахин онцолсон юм. Хятад Франц хоёр орон хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Мэдэгдэлд мөн тэмдэглэхдээ, цөмийн эрчим хүч нь цэвэр, нүүрстөрөгч багатай, тогтвортой, найдвартай суурь ачаалалтай эрчим хүчний эх үүсвэрийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг дэлхийн шинжтэй сорилтуудыг шийдвэрлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Хятад Франц хоёр орон санал нэгтэй үзэж байна гэжээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон хүрээлэн буй орчны сорилтыг урт хугацаанд үр дүнтэйгээр шийдвэрлэх төслийг эрэлхийлэхийн тулд хоёр орон хоорондоо яриа хэлцлээ үргэлжлүүлэх нь маш чухал гэдэгт хоёр орны төрийн тэргүүн нар бат итгэлтэй байгаа тул Хятад Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр шийдсэн гэж мэдэгдэлд дурджээ.































































