“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс үр тарианы салбарыг сэргээх ажлыг тууштай хэрэгжүүлж, чансаатай, өндөр ургацтай усан тутарга, ус хэмнэдэг бөгөөд өвчинд тэсвэртэй улаан буудай, машинаар хураах эрдэнэ шиш, тослог, ургац сайтай шар буурцаг зэрэг сортуудыг сонгон авч, бие даан тариалсан талбай 95 гаруй хувийг эзэлж байна. Бие даан үржүүлсэн цагаан өдтэй махны чиглэлийн тахиа, хуаши үхэр, цагаан сам хорхой тэжээн үржүүлэх салбар дахь гадаадынхны монопол байдлыг эвдэж, зах зээлд эзлэх хувь нь үргэлжлэн нэмэгдсээр байна. Чихэрлэг амттай сайн чанарын тарвас, улаан лооль, алимны шинэ сортуудыг бойжуулсан нь улам олон төрлийн жимсний амтыг сайжруулав.
Хүнсний хэд хэдэн шинэлэг төрлийг боловсруулав
Усан тутарга бол Хятадын гол үр тариа бөгөөд хүн амын 60 гаруй хувь нь цагаан будаа иддэг. Усан тутаргын тариалалтыг тогтвортой нэмэгдүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах чухал арга зам бөгөөд чансаатай, ургац сайтай үрийг сонгох, үржүүлэх нь онцгой чухал юм.
Сычуань мужийн Зигүн хотын Фүшүнь шянь нь Хятадын усан тутаргын чухал бааз бөгөөд 27 мянга гаруй га талбайд усан тутарга тариалдаг. Сүүлийн жилүүдэд "Юүнь Юү 4949" зэрэг ургац сайтай шинэ сортуудыг бойжуулснаар усан тутаргын үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлэв.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Бүх Хятадын олон газар үр тарианы чанар, ургацад түлхүү анхаарч, хэд хэдэн шинэлэг усан тутаргын сортуудыг бойжуулсан. Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн усан тутарга тариалах баг өөрсдийн үржүүлсэн усан тутаргын сортуудыг сурталчилж, орон нутгийн тариаланчдын усан тутаргын ургацыг га бүрээс 12000 килограмм болгон нэмэгдүүлсэн. Хунань мужийн эрлийзжүүлсэн усан тутаргын судалгааны төв "Шизи No. 3" сортыг судлан бүтээсэн бөгөөд кадмийн агууламжийг килограмм тутамд 0.000-0.098 милограммаар бууруулав. Хятадын Үндэсний давс буюу хужирт тэсвэртэй усан тутаргын технологийн инновацын төв нь "Чин Лянь Юү 3261" сортыг судлан бүтээж тариалсан. Энэ сорт нь ургалтын хугацаандаа 3-5 хувийн хужирлаг хөрсөнд нэг га тутамд дунджаар 600 килограммаас дээш ургац хураасан. Энэ нь Хятад улсын далайн эргийн хужирлаг-шүлтлэг бүс нутагт одоогоор хужирлаг хөрс ба олон төрлийн өвчинд тэсвэртэй эрлийзжүүлсэн усан тутаргын сорт байхгүй байсан хоосон орон зайг нөхөв. Сортуудыг сайжруулсны ачаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд га тутмын усан тутаргын ургац тогтвортой нэмэгдсэн. 2025 онд га тутмаас авсан эртийн тутаргын ургац анх удаа 6000 килограммаас давж, түүхэн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Улаан буудай бол мөн Хятадын гол хүнсний бүтээгдэхүүн юм. Жилийн үр тарианы ургац хураалтын 20 орчим хувийг эзэлдэг. Улаан буудайн үйлдвэрлэлд улаан хөөч өвчин ургацад нь ихээхэн нөлөөлдөг.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хөдөө аж ахуйн биотехнологийн үржлийн томоохон төслийн дэмжлэгтэйгээр улаан хөөч өвчний эсрэг тэсвэртэй "Янмай 53" буудайн шинэ сортыг амжилттай бойжуулсан. Жянсү мужийн Лишяхэ бүс нутгийн Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн улаан буудайн судалгааны албаны захирал Гао Дэрүн:
- "Янмай 53" бол улаан хөөч өвчний эсрэг тэсвэртэй буудайн шинэ сорт юм. Энэ нь Хятад улсын улаан хөөч өвчний эсрэг улаан буудайн тариалалтын салбарт чухал ахиц дэвшил гаргасныг харуулж байна гэж хэлэв.
Мах, сам хорхойг чөлөөтэй идэх болсон
Үр тарианы үйлдвэрлэлийг сэргээхийн тулд мал аж ахуй, усны аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тахианы мах Хятадын хоолонд түгээмэл хэрэглэгддэг. Тахианы махны шорлог, тахианы шарсан далавч, халуун ногоотой тахианы мах зэрэг тахианы махаар олон төрлийн хоол хийдэг. Жил бүр улс даяар ойролцоогоор 7 тэрбум цагаан өдтэй махны чиглэлийн тахиа иддэг. Ийм олон цагаан өдтэй махны чиглэлийн тахиаг өмнө нь 100 хувиар импортоор оруулж ирдэг байсан.
2021 онд энэ байдал өөрчлөгдсөн. Хятад улс "Шэн Зэ 901", "Гуан Мин 2", "Во Дэ 188" гэсэн гурван төрлийн цагаан өдтэй махны чиглэлийн тахианы үүлдрийг бойжуулсан нь Хятадын цагаан өдтэй тахиа үржлийн салбарт томоохон нээлт болсон юм.
- Гадаадын компаниуд эрт дээр үеэс үрийн тахианы үнийг тогтоох эрх мэдлийг удаан хугацаанд эзэмшиж байсан. Импортын үүлдрийн тахианы хангамж тогтворгүй байсан нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гаргахад хүндрэл учруулж байв. Ийм нөхцөл байдлын улмаас 2011 онд Шэн Нүн групп нь үүлдрийн тарианы хөтөлбөрүүдийг боловсруулахаар шийджээ. 10 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд дэлхийн дэвшилтэт түвшний эгнээнд орсон "Шэн Зэ 901"-ийг амжилттай бойжуулжээ гэж "Шэн Зэ 901" тахианы үүлдрийг боловсруулсан тус группийн үүсгэн байгуулагч Фү Гуанмин хэлэв.
Шинээр үржүүлсэн тахианы үүлдрийн хөгжил нь Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ Хятадын дотоодын тахианы фермүүд аажмаар олон улсын зах зээлд нэвтэрч байна. 2024 оны 05-р сард 3500 ширхэг "Шэн Зэ 901" тахиаг Танзани руу тээвэрлэсэн нь "Шэн Зэ 901" анх удаа гадаадад гарсан тохиолдол юм. Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Бээжингийн Мал аж ахуйн хүрээлэнгийн судлаач Вэнь Же:
-Сүүлийн жилүүдэд Хөдөө Аж Ахуйн Яам холбогдох аж ахуйн нэгж, судалгааны байгууллагуудыг зохион байгуулж, одоо байгаа цагаан өдтэй махны чиглэлийн тахианы үүлдрийг сайжруулж, шинэ сортуудыг боловсруулж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд хүлээн зөвшөөрөгдөн, зах зээлийн эзлэх хувь 25 хувиас давжээ гэж хэллээ.
Цагаан өдтэй махны чиглэлийн тахианиас гадна, хуаши үхэр гэж байдаг. Энэ нь бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй махны чиглэлийн шинэ үүлдэр юм. Хуаши үхэр нь жин нэмэх хугацаанд өдөрт дунджаар 1.36 килограмм жин нэмдэг. Энэ нь Хятад улсын махны чиглэлийн үхрийн гол үүлдэр гадаадаас орж ирдэг байдлыг өөрчилсөн байна. Одоогийн байдлаар зах зээлд 20 гаруй хувийг эзэлдэг болсон байна. Хоолны ширээн дээр түгээмэл байдаг цагаан сам хорхойг өмнө нь импортлоход жилд хэдэн арван сая ам.доллар зарцуулдаг байсан бол одоо улсын дотооддоо үржүүлсэн цагаан сам хорхойн 12 шинэ сорт зах зээлд 30 гаруй хувийг эзэлж байгаа юм.
- Эдгээр сортууд бидэнд өмнө нь байгаагүй бөгөөд бид голчлон гадаадаас импортолдог байсан. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд бид эдгээр сортуудыг бие даан судалж бүтээсэн бөгөөд зах зээлд эзлэх хувь нь аажмаар нэмэгдсэн гэж Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Жан Синван хэлэв.
Сайн сорт бойжуулж шинийг санаачлав
Саяхан Хүбэй мужийн Ши Янь хотод киви боловсорч гүйцээд зах зээлд гарч, амт сайтайгаараа хэрэглэгчдийн таашаал, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн анхааралд хүрээд байна.
- Бид жимс боловсорч гүйцэх энэ үеийг ашиглан киви жимсний сортод системтэйгээр фенотипийн тодорхойлолт, цогц үнэлгээ хийх хэрэгтэй гэж Ши Янь хотын эдийн засгийн ургацын хүрээлэнгийн ахлах агрономич Ван Хуалин хэлэв. Ши Янь хотын эдийн засгийн ургацын судалгааны хүрээлэнгийн киви жимсний баг нь бие даасан оюуны өмчийн эрхтэй есөн шинэ киви сортыг амжилттай бойжуулж байна.
Дээд зэргийн сортуудыг үржүүлэхэд дэвшилтэт технологи шаардлагатай боловч энэ нь маш сайн чанарын үрийн сортын нөөцтэй салшгүй холбоотой. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс хөдөө аж ахуйн үрийн сортын нөөцийн үндэсний шинэ шатны судалгааг хийж дуусгасан. Энэ нь БНХАУ байгуулагдсанаас хойшхи хамгийн том, хамгийн цогц, хамгийн олон хүн оролцсон хөдөө аж ахуйн үр ийн сортын нөөцийн судалгаа байв.
2021 оны 03-р сард гурван жилийн хугацаатай Хятад улсын хэмжээний хөдөө аж ахуйн үрийн сортын нөөцийн судалгааг албан ёсоор эхлүүлсэн.
Хөдөө аж ахуй яамны мэдээлснээр, энэхүү судалгаагаар үр тариа, хөвөн, тос, элсэн чихэр, жимс, хүнсний ногоо, цай зэрэг ургацын 139000 шинэ үрийн сортын нөөцийг цуглуулсан байна. Эдгээрийн 99 хувь нь урт хугацааны тариалалтын түүхтэй, төрөл зүйл баялаг, хэлбэр дүрс нь олон янз зэрэг орон нутгийн уламжлалт сортууд бөгөөд зэрлэг ургамлууд юм. Орон нутгийн мал аж ахуй, шувууны төрөл устсан гэж зарлагдсан арван үүлдрийг дахин сэргээж, Хөхнуур-Түвдийн өндөрлөг бүсийн мал, шувууны генетикийн нөөцийг анх удаа тодруулсан. Мөн Бүх Хятадын усан сангийн үрийн сортын нөөцийг анх удаа тодруулж, 120000 генетикийн материалыг цуглуулжээ.
- Үржлийн технологи, эсвэл баталгааны нөхцөл хичнээн сайн байсан ч үр хөврөлийн нөөцийг үндэс болгон ашиглахгүй бол шинэ, дээд зэргийн сортуудыг бойжуулах боломжгүй юм. Судалгаагаар үрийн сортын нөөцийн байдлыг цогцоор нь үнэлж, хэд хэдэн маш сайн үрийн сортын нөөцийг авран хамгаалж, жимс, хүнсний ногоо, цай, мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, загас, сам хорхой, хавч зэрэг дээд зэргийн сортуудыг үржүүлэх илүү олон сонголтыг бий болгосон. Энэ нь ургац сайтай, сайн чанарын, өргөн хүрээнд дасан зохицох чадвартай шинэ сортуудыг тариалахад маш их ач холбогдолтой бөгөөд үрийн үйлдвэрлэлийн бие даасан инновацын чадавхийг нэмэгдүүлэх, үрийн үйлдвэрлэлийн сэргэлтийг хурдасгахад чухал дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар 6000 гаруй гермоплазмын нөөцийг үржлийн инновац болон аж үйлдвэрийн хөгжилд ашиглаж байна гэж Хятадын Инженерийн Академийн академич Лю Сюй хэллээ.

Усан тутарга хураах ажил эрчимтэй явагдаж байна/ Зургийг ЖҮ ХАЙПЭН

Зочид ургацын үртэй танилцаж байна/ Зургийг ЛИ-ИБӨ































































