Эргүүнэ гол хөгжмийн эгшиг шигээ мяралзан урсаж, хус модон хайрцгаас Эвенк буурлын сэтгэл хөдөлгөм үлгэрүүд харагдана. Дагуур үндэстний хоккейн уралдаан ид явагдаж, энэхүү мөс цасны сайхан ертөнц дэлхийд алдаршина.
Энэ нутаг бол тэдний уугуул нутаг юм. Мөөгөн уулын хойно байрлах түүхийн дурсгалт газар, Жалайнуурын түүхийн дурсгалт газар нь балар эртний соёлыг харуулдаг. Туоба Сяньби Гашянь агуйгаас гарч умард нутгийн нүүдэлчин ард түмэн энд оршин амьдарч цэцэглэн хөгжсөн байна.
Энэ нутгийн Байгалийн цэвэр орчин нь амьтан, ургамлын жаргалын орон төдийгүй, хүний оюун санааны гэр орон юм. Энд ой мод тал нутаг сүлжилдэж, түүх, орчин үе уусалцан цуурайтна.
Өв уламжлал бол Хөлөнбуйрын тал нутгийн мөнхийн соёл. Энэ сайхан нутагт эцэс төгсгөлгүй эрч хүчийг хайрласаар ирсэн түүхтэй.
Уул ус хүн төрөлхтөнд шим тэжээл хайрлаж, амьдрал тэдний ур чадварыг хөгжүүлдэг
Хөлөнбуйр хотын биет бус соёлын өвийг хамгаалах төвд хотын биет бус соёлын өвийн бичвэр бүхий газрын зурагт аль ур чадвар нь хаана өвлөгдөж, хөгжсөн гэдгийг тодорхой тэмдэглэсэн байдаг.
Хянганы нурууны Орчончуудын хувьд цагаан хус бол нийтлэг ургадаг мод юм. Хус модны холтос урлах техникийн өв тээгч Мэн Шүлин төрөл бүрийн хэмжээтэй хус модны холтсоор хийсэн хайрцагт хээ зурдаг. Тэрээр:
- Би хус модны холтсоор олон төрлийн бүтээгдэхүүн хийсэн. Хайрцаг, сагс, хувин, аяга, сав зэрэг жижиг сав суулга, хус модны холтостой завь, хус модны холтос хашаа зэрэг том эд зүйлс байдаг гэж танилцууллаа.
Домгийн өлгий гэдгээрээ алдаршсан Эргүүнэ хотод Орос талхны соёлын музей байдаг. Дотогш ороход зочдыг өвөрмөц заншлаар угтан авч, Орос талхны түүхийг харуулсан гайхалтай үзүүлбэр, үйлдвэрлэлийн цехтэй танилцах, гар урлалын бараануудаа харуулдаг. Орос талхны биет бус соёлын өвийн өв тээгч Лань Юэфэнь:
- Орос талх бол бараг бүх айл өрх хийдэг хоол юм гэж хэлэв.
"Морь давахад ч бэрх уул" гэж нэрлэгдсэн Морин-Даваа нутагт цаасан хайчилбарын өв тээгч Сү Мэй төрөн гарсан юм. Тэрээр багаасаа өнгө өнгийн цаасаар тоглох дуртай нэгэн байлаа. "Ханика" нэртэй цаас хайчлах эдгээр бүтээлүүд нь Дагуур охидын бага насны "Барби хүүхэлдэй" байлаа. "Цаасаар дүрс хайчилж, дүрд нь тохируулан янз бүрийн хувцас өмсгөдөг. Мөн цаасан хайчилбараар газар тариалан, ан агнуур, загас барих, шарилжны нахиа түүх, хоккей тоглох зэрэг өдөр тутмын амьдралын үйл явдлуудыг тусгаж болно гэж Сү Мэй ярилаа.
Эртний ур чадвараар Хөлөнбуйр хотын орчин үеийн соёлын зураглал аажмаар нээгдэж байгаа юм.
Ардын урлаг, утга зохиол цэцэглэн хөгжиж байна. Хөлөнбуйр хот биет бус соёлын өвийн төлөөллийн төслүүдийн баялаг цөөндөө тулгуурлан биет бус соёлын өвийн нөөцийг гүнзгийрүүлэн судалж, үр ашигтай ашиглах ажлыг үргэлжлүүлсээр байна.
Одоогийн байдлаар Хөлөнбуйр хотод үндэсний хэмжээний 18 биет бус соёлын өвийн өв тээгчийн төсөл, 18 өв тээгч, өөртөө засах орны хэмжээнд 136 биет бус соёлын өвийн өв тээгчийн төсөл, 155 өв тээгч байна.
Умард хязгаарын соёлын бүтээн байгуулалт, утга зохиол, урлагийн бүтээлийн чанарыг сайжруулах төслийг эхлэл болгон авч, гол бүтээлүүд болон төслийн менежментийн удирдамж, дэмжлэгийг бэхжүүлэн, чанар сайтай хэд хэдэн ажлыг эхлүүлэв. "Дэлхийгээр морьтой аялах нь" зохиол үндэсний цөөнхийн уран зохиолын ”Ажнаа хүлэг шагнал” хүртэж, "Басангийн далай" зохиол "Бай Хуа" шагналын эзэн болж, "Тал нутгийн амьтдын тухай тэмдэглэл", "Уужим цаг үед нуугдаж байсан" эссэ түүврүүд Лү Шюнийн утга зохиолын шагналд нэр дэвшсэн байна. Сүүлийн жилүүдэд 7 бүтээл нь ӨМӨЗО-ны "Таван нэг төсөл"-ийн шагнал, 3 бүтээл нь уран зохиолын "Сарнаа" шагнал хүртэж, 8 бүтээл нь уран зохиолын "Солонго" шагнал, "Хөлөнбуйрын цасан талбай" мюзикл нь ӨМӨЗО-ны утга зохиол, урлагийн бүтээлийн гол сэдэвт төсөлд багтаж, "Цэцэрлэгийн дуулал" талбайн бүжиг нь орны зэрэглэлийн уралдаанд тэргүүн байрыг тус тус эзэлсэн.
Соёлын дэд бүтэц улам бүр хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн 15 номын сан, 14 урлагийн театр, 15 соёлын төв, нэг урлагийн галерей, 36 биет бус соёлын өвийн сургалтын төв, бүртгэлтэй 25 музей, 132 хотхон (хошуу) соёлын төв, 1114 тосгоны соёлын үйлчилгээний төв бий.
Өнгөрсөн түүхэндээ тулгуурлан ирээдүйгээ хайж байна
Хөлөнбуйрын уул ус нь байгалийн экологийн органик хэсэг төдийгүй соёлын баялаг кодуудыг агуулсан байдаг.
Хөлөнбуйр хотын Соёл, аялал жуулчлал, радио, кино телевизийн товчооны Археологи, соёлын дурсгалыг хамгаалах хэлтсийн дарга Лю Вэй:
- Одоогоор тус хотод төрөл бүрийн түвшний 362 соёлын дурсгалт газар байгаа бөгөөд үүнд үндэсний гол соёлын 13 дурсгалт газар байдаг. Гурав дахь удаагийн үндэсний соёлын дурсгалт газрын судалгаагаар тус хотод 1153 үл хөдлөх соёлын дурсгалыг илрүүлж, үндэсний хэмжээний хөдлөх соёлын анхны судалгаагаар 34,776 ширхэг соёлын дурсгалт газрууд байна гэж танилцуулав.
Гашянь агуйгаас бичээстэй бэлгэдлийн бичээс олдсон түүх эрт дээр үеэс алдартай сэдэв байсаар ирсэн. Тухайн үед Синьхуа агентлаг энэхүү чухал нээлтийн тухай телеграммдаа мэдээлсэн бөгөөд тус мэдээг гадаадын найман хэлээр дэлхий нийтэд цацсан юм. Дараагийн жилүүдэд Гашянь агуйн чулуун бичээсийг нээсэн, Хөлөнбуйрын соёлын дурсгалт газрын анхны дарга Ми Вэньпин олон тооны түүхийн баримт бичгүүдийг судалж, хээрийн судалгаа хийж, "Туоба Сяньбигийн өвөг дээдсийн чулуун танхимын судалгаа" зэрэг олон илтгэл бичсэн юм. Өнөөдрийг хүртэл эрдэмтэд Гашянь агуй, Туоба Сяньбигийн тухай судалсаар байна.
Хятадын НШУА-ын гишүүн, нэгдүгээр зэргийн профессор, Хятадын соёл иргэншлийн үүсэл төслийн ахлах шинжээч Ван Вэй:
- Олон үндэстний нэгдсэн улсыг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан Туоба, Сяньби нар Их Хянганы нуруунаас гаралтай болохыг археологийн судалгаагаар нотолсон байна. Үүнд Хөлөнбуйр Хятадын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Жалайнуурын гавлын яс олдсоноос хойшхи 90 жилийн хугацаанд олон шинэ нээлт хийжээ. 1959 онд 300 гаруй Жалайнуурын булш олдов. Энэхүү булшны цогцолбор нь хэмжээ, тоо, хадгалалтын байдлын хувьд маш ховор байдаг. Тухайн үеийн малтлагад оролцсон Өвөр Монголын соёлын дурсгалын багийн гишүүн Жэн Лун Жалайнуурын булшнаас олдсон олдворуудын нэг төрөл нь нутгийн онцлогтой, нөгөө төрөл нь Хань гүрний үеийн тал нутгийн дурсгалууд гэж үздэг. Энэ нь тухайн үед олон газар нутгийн эдийн засаг, соёлын харилцаа маш нягт байсныг харуулж байна.
Олон жилийн турш Жалайнуурын соёлын судалгаа ер зогсоогүй. 2018 онд Жалайнуур дүүрэг дотоод, гадаадын судалгааны үр дүнгийн талаар иж бүрэн дүн шинжилгээ хийж, "Жалайнуурын соёлын судалгаа" нэртэй 600 мянга гаруй үгтэй судалгааны түүвэр хэвлүүлсэн нь умард нутгийн нүүдэлчин ард түмний нийгэм, эдийн засаг, соёлын зан заншлыг судлахад чухал мэдээлэл болсон юм.
Олон төрлийн материалаар хийсэн ижил төстэй чулуун сумны хошууг янз бүрийн хэв маягаар дэлгэцийн хайрцагт байрлуулсан байна. Эдгээр гурвалжин сумны хошуу нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах бөгөөд Хак соёлын бүтээгдэхүүн гэж хөтөч тайлбарлав.
Өвөрмөц ганц модон авс, оршуулгын сав гэхэд л угсаатны гарал үүслийг судлахад эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Монгол үндэстний гарал үүслийг судлах төвийн археологийн лабораторид олон тооны дан модон авсыг тогтмол температур, чийгшлийн камерт байрлуулж судалгаа хийдэг.
Нийгмийн шинжлэх ухааны үндэсний сангийн захиалгат томоохон төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 багц бүхий 22 эрдэм шинжилгээний ном хэвлэгдэж, "Ганга археологийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө", "Орокен хотын өөртөө засах хошуун дахь Гашянь агуйн дурсгалыг хамгаалах ерөнхий төлөвлөгөө" зэрэг 10 хамгаалалтын төлөвлөгөөг бүрэн боловсруулжээ.
Нийгмийн шинжлэх ухааны үндэсний сангийн захиалгат төслийн ахлах мэргэжилтэн, Хөлөнбуйр их сургуулийн Үндэсний түүх, соёлын хүрээлэнгийн дарга, профессор Мэн Сунлинь:
- Бид археологийн тайлбар, соёл боловсролын интеграци, солилцоо, харилцан суралцах замаар Хятадын үндэстнүүдийн харилцан үйлчлэл, солилцоо, интеграцийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлэх болно.
Өв тээгчид өнгөрснийг уламжлан, ирээдүйг бүтээнэ
Хэдэн мянган жилийн өмнө Туоба, Сяньби нар Гашянь агуйгаас гарч ирэн "интеграцчлалын зам"-ыг нээв. Өнөөдөр Гашянь агуйн байршилд Туоба, Сяньбигийн түүхийн музей баригдсан байна.
Түүхэн дэх "Интеграцчлалын зам" өнөөдөр ч үргэлжлэн хөгжсөөр байна. Хөлөнбуйрын музейн захирал Бао Хаймин:
- Тус музей болон ӨМӨЗО-ны музей, Датун хотын музей, Лүөян хотын музей хамтран төлөвлөж буй "интеграцчлалын зам"-Туоба, Сяньбигийн нүүдэл ба хөгжлийн үйл явц" үзэсгэлэнг орон даяар дэлгэн үзүүлэв. Бугын эврийн алтан зэмсгээр төлөөлүүлсэн олон арван соёлын дурсгалт зүйлс гайхалтай дүр төрхтэй болж, соёлын огтлолцол, нэгдлийн нүүдлийн үйл явцыг тод харуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Жалайнуур музей олон сая зочдыг хүлээн авчээ. Палеонтологийн олдворуудаас ДНХ-ийн дээж авч дуусгахын тулд холбогдох шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаад зогсохгүй, 48 онлайн музейн түүхийн үйл ажиллагааг бүртгэж, жуулчдад Жалайнуурын түүхээр “аялах” боломж олгосон юм.
Хөлөнбуйрын бүх бүс нутаг өв соёлдоо түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Хөлөнбуйр нутаг зуны наадам зохиодог төдийгүй өвлийн “Мөс, цасны наадам” ч зохиодог.
"Өвлийн 14-р олимп"-ыг зохион байгуулах чухал боломжийг ашиглан Хөлөнбуйр хот "Цас, мөсний спортын хот" зэрэг хотын брэндүүдийг бий болгож, "Цас, мөсний наадам", "Өвлийн наадам", Хятадын цомын хурдны тэшүүрийн элит лигийн тэмцээн, Хятад-Орос-Монголын өвлийн усанд сэлэлтийн урилгын тэмцээн, Хүйтэн туйлын марафон болон бусад арга хэмжээг зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын маршрут, соёл, аялал жуулчлалын чухал үйл ажиллагааг сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалыг цас мөсний соёл, ардын ёс заншил, хоол хүнс болон бусад үйлдвэрүүдтэй гүнзгий уялдуулан, цас мөсний аялал жуулчлалын соёлын агуулгыг баяжуулсан байна.































































