Бага байхад томчууд “гал гаргаж тогловол зуд болдог, амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй, газар шороог зорилгогүй ухдаггүй, цэцэг тасддаггүй” гэх зэргээр байнга хэлж байгаль дэлхийгээ дээдлэх ухааныг төлөвшүүлж байж билээ.
Байгаль дэлхий маань хүн төрөлхтөн, ан амьтдаас авхуулаад өчүүхэн жижиг бичил биет, амьд болон амьгүй байгалийн уялдаа холбоог багтаасан хамгийн дээд төгс тогтолцоо юм. Гэхдээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа байгалийн гамшиг, шинэ төрлийн өвчин, тахал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэргээс байгалийн энэхүү төгс тогтолцооны, тэнцвэр алдагдаж байгааг харж болно.
Ихэнх хүмүүс байгаль хамгаалах нь зөвхөн Засгийн газрын яамдын үүрэг хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага бөгөөд жирийн хүмүүстэй бараг холбоогүй гэж үздэг.Гэхдээ ганц тээврийн хэрэгслийн утаа, зохисгүй барилгаас гарсан тоос шороо зэрэг жижиг мэт санагдах үйлдлүүд хуримтлагдаж, байгаль орчинд нөлөөлж байдаг.
Дуслыг хураавал далай болно. Бид өөрөө өөрөөсөө эхэлцгээе.Ядаж мод тарьцгаая. Гэрийнхээ гадна мод, бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг тань услан арчилж байгаль эхтэй харилцаж сурах болно. Усаа хэмнэе. Хүнс ногоогоо гоожуур усаар буй саванд дүүргэсэн усаар угаагаад дараа нь цэвэр усаар зайлах, гар нүүрээ угаахдаа усаа хэмнэх, дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэх зэргээр бид эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй хэлбэрийг сонгож, явган алхах, нийтийн тээвэр, унадаг дугуйгаар зорчихыг нэн тэргүүнд тавих ёстой...
Эдгээр нь бидний өдөр тутмын амьдралдаа хийж чадах зүйл. Гол нь бид тэдгээрийг удаан хугацаанд хэрэгжүүлж чадах эсэхэд оршино. Удаан хугацааны, хүн бүрийн баримтлал нь байгалиа хайрлах сэтгэлгээтэй, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлсэн нийгмийн хүчирхэг хүчийг аажмаар бий болгож чадна.
Хөх тэнгэр, хөрсөт газар бол бидний хамтын эрдэнэ бөгөөд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдрах, хамгаалах нь хамтын хариуцлага юм. Байгалиа хайрлан хамгаалах нь хүн бүрийн эрүүл мэнд, үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралтай нягт холбоотой, та бид байгаль хамгаалах үйл хэргийн зөвхөн оролцогч төдийгүй бас түүнийг ашиг хүртэгчид юм.





































































