Орон нутгийн цагаар 06-р сарын 06-наас 08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Дэд дарга Хань Жэн тус улсад айлчилж, Минск хотод тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Ерөнхий сайд Александр Турчин,Нэгдүгээр шадар сайд Снопков Николай Геннадьевич нартай тус тус уулзлаа.

Ерөнхийлөгч Лукашенкотэй уулзах үеэр Хань Жэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун дотно мэндчилгээг түүнд дамжуулж, Ши Жиньпин дарга болон Лукашенко ерөнхийлөгчийн стратегийн удирдлагын дор Хятад-Беларусийн харилцаа хурдтай хөгжиж, “Бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрснийг онцлов. Хятад улс дээд удирдлагын дипломат харилцааны чиглүүлэгч үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр орны ард түмний найрамдлын суурийг бэхжүүлж, Хятад-Беларусийн харилцаа болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Лукашенко ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд халуун мэндчилгээ уламжлахыг Хань Жэнд хүсэв. Тэрээр Беларусь, Хятад улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжсөн. Беларусь улс хоёр орны харилцаанд үргэлж өндөр ач холбогдол өгч ирсэн бөгөөд цаашид ч өндөр түвшний солилцоог бэхжүүлж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, ард түмний найрамдлыг бататгаж, хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Айлчлалынхаа үеэр Хань Жэн, Снопков нар Хятад-Беларусийн аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумын нээлтийн ёслол болон "Том зах зээлийг хуваалцаж, Хятад руу экспортолъё" Беларусийн тусгай арга хэмжээнд хамтран оролцож, үг хэлэв. Хань Жэн:
- Хятад улс Беларусьтай чин сэтгэлээсээ, сайн санаагаар харилцаж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, худалдааны өсөлтийн нөөц боломжийг судлан, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Хятад улс чансаатай хөгжлийг баримталж, гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, Беларусь зэрэг дэлхийн улс орнуудад илүү өргөн зах зээлийн орон зай, хөгжлийн боломжийг олгоно гэж хэллээ.
Хятад, Беларусийн улс төр, бизнесийн салбарын мянга орчим төлөөлөгч хоёр арга хэмжээнд оролцож, хоёр талын компаниуд газар дээр нь бизнесийн хэлэлцээ хийж, хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээ болон төсөлд гарын үсэг зурсан байна.






































































