БНХАУ-ын Нисэгчтэй сансрын нислэгийн хөтөлбөрийн газраас мэдээлснээр, Шэньжөү-24 нисэгчтэй сансрын хөлгийг ачсан "Чанжэн-2F Y24" зөөгч пуужинг Бээжингийн цагаар 2026 оны 11-р сарын 25-ны 08:18 цагт Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөлөө. Ойролцоогоор 10 минутын дараа сансрын хөлөг пуужингаас амжилттай салж, товлосон тойрог замдаа орсон байна. Нисэгчдийн багийн биеийн байдал хэвийн бөгөөд хөөргөх ажиллагаа амжилттай болжээ.
Сансрын хөлөг тойрог замд орсны дараа төлөвлөгөөний дагуу сансрын станцын цогцолбортой бие даан шуурхай залгагдана. Шэньжөү-24 багийнхан БНХАУ-ын сансрын станцад байрлан ажиллаж, сансар дахь амьд бие ба хүний судалгаа, бичил хүндийн хүчний физик, сансрын шинэ технологи зэрэг чиглэлээр олон туршилт, судалгаа болон хэрэглээний ажлыг гүйцэтгэнэ. Үүнд бусад оронтой хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн шинжлэх ухааны туршилт багтсан байна.

Энэ удаагийн нислэг нь БНХАУ-ын нисэгчтэй сансрын хөтөлбөр сансрын станцыг ашиглаж, хөгжүүлэх шатанд шилжсэнээс хойших найм дахь нисэгчтэй нислэг, тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 41 дэх хөөргөлт юм. Мөн гадаадын сансрын нисэгч оролцож буй анхны нисэгчтэй нислэг болж байна. Өнөөг хүртэл БНХАУ-ын 31 сансрын нисэгч, гадаадын 1 сансрын нисэгч нийт 50 удаа сансарт нислэг үйлджээ.
Түүнчлэн энэ нь "Чанжэн" зөөгч пуужингийн 680 дахь, Шэньжөү сансрын хөлгийн 24 дэх нислэг юм.
