solongonews
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх буудал олон улсын анхны ирэх нислэгээ хүлээн авлаа
2026-11-27 16:39

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ниссэн Air China компанийн CA758 дугаар нислэг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14:34 цагт Хөххотын Шэнлэ олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. Энэ нь тус нисэх буудал олон улсын анхны ирэх нислэгээ хүлээн авсан түүхэн үйл явдал боллоо. Мөн тухайн өдөр олон улсын анхны хөөрөх нислэг болох CA757 нислэг үйлдэгдсэний дараа Шэнлэ олон улсын нисэх буудлын хилээр нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагаа ийнхүү амжилттай жигдэрлээ.

27-ны өдрийн үдээс хойш зорчигчид онгоцноос бууж, шинэхэн тохижуулсан танхимд орж ирэв. Хөххотын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд зорчигчдыг эмх цэгцтэй чиглүүлж, хяналт шалгалтын үүргээ журмын дагуу гүйцэтгэснээр хил нэвтрэх үйл явц шуурхай, саадгүй явагдлаа.

Шэнлэ олон улсын нисэх буудлын танхимд хил нэвтрэх хяналт шалгалтын нийт 18 гарц ажиллаж байгаагаас 10 нь уламжлалт буюу ажилтантай шалган нэвтрүүлэх гарц, 8 нь түргэн нэвтрэх автомат гарц юм. Зорчигчид автомат гарцаар үйлчлүүлэхдээ хилээр нэвтрэх бичиг баримтаа ашиглан, хурууны хээ болон нүүр царайг тулган баталгаажуулснаар дунджаар 10 гаруй секундэд хил нэвтрэх боломжтой.

Энэ оноос хойш Хөххотын агаарын боомтоор олон улсын нийт зургаан чиглэлийн нислэг үйлдэж байна. Үүнд Монгол Улсын Улаанбаатар, БНСУ-ын Бусан, Инчон, Тэгү, ОХУ-ын Владивосток болон БНХАУ-ын Хонконг чиглэлийн нислэгүүд багтаж байна. Өнөөдрийн байдлаар тус боомтоор хилээр нэвтэрсэн зорчигчдын нийт тоо 120 мянгыг давав.

Ерөнхий редактор :
Сэтгүүлч : Ц.Урантунгалаг
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих