Эрээн хот–Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан хэрэгжүүлэх хорооны гуравдугаар хурал болов
2026-11-27 15:11
Хятад, Монголын Эрээн хот–Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан хэрэгжүүлэх хорооны гуравдугаар хурал арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Хөххотод боллоо.
Хурлаар талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, хөгжлийн гол асуудлаар санал солилцож, өнөөг хүртэл хүрсэн үр дүн, ахиц дэвшлийг өндрөөр үнэлэв.
Мөн бүс нутгийн уялдаа холбоотой хөгжлийг эрчимжүүлэх, дэд бүтцийн харилцан холболтыг бэхжүүлэх, хөгжлийг дэмжих таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Энэ үеэр “Хятад, Монголын Эрээн хот–Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан хэрэгжүүлэх хорооны гуравдугаар хурлын тэмдэглэл”-д гарын үсэг зурж, тус хорооны дөрөвдүгээр хурлыг 2027 онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов.
Талууд Эрээн хот–Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх, хоёр орны бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болохыг онцоллоо.
Цаашид одоо бүрдсэн хамтын ажиллагааны сууринд тулгуурлан, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүрсэн зөвшилцлүүдийг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Ингэснээр хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргаж, тус бүсийг Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс болгох зорилт дэвшүүллээ.
Редактор : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх
