"Ногоон ирээдүй" Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Өвөр Монголын Ордос хот, Шилийнгол аймгийн нутгуудаар явж, цөлжилттэй тэмцэж буй арга хэлбэр, бүтээн байгуулалт, амжилт бүтээлтэй нь танилцав. Амьтан оршин тогтнох битгий хэл ургамал ургахад ч бэрх байсан элсэн манхныг ой болгосон гайхалтай туршлагууд нь гурван улсын сэтгүүлчдийн анхаарлыг их татаж байлаа.
Далад хошууны цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй урагшилна
Нарын эрчим хүчний төслийн бүтээн байгуулалт Далад хошуунд 2017 онд эхэлсэн бөгөөд нийт 25 км өргөн, 133 км урт нарны хавтан өрөх юм. Хөвчийн элсийн цөлжилттэй тэмцэх “Хятадын туршлага”-ын нэг онцлох зүйл бол цэвэр эрчим хүчийг экологийн нөхөн сэргээлттэй төгс хослуулсан фотоволтайкийн цөлжилттэй тэмцэх төсөл юм. Энэ төсөл нь “хавтан дээр эрчим хүч үйлдвэрлэх, хавтангийн доор мод тарих, хавтангын хооронд үржүүлэх, элстэй тэмцэх, хөрс сайжруулах, болон хөдөөгийн сэргэн мандалт”-ын "Фотоволтайк +" олон талын ашиг тусын дэвшилтэт туршлага болно. 2017 онд Хятад улсын гурав дахь ээлжийн тэргүүлэгч фото цахилгаан эрчим хүчний хэрэглээний баазыг Хөвчийн элсэнд барьж байгуулав. Одоо Хятад улсын хамгийн том гурван хэмжээст экологийн фотоцахилгаан элсэн цөлийг хянах төсөл энд хэрэгжиж байна. Орон нутаг аялал жуулчлалын нөөцийг баяжуулахын тулд шинэ эрчим хүчний салбарыг ухаалгаар ашиглаж байна. Энэхүү "шинэ эрчим хүч + соёлын аялал жуулчлал" арга нь жуулчдад экологийн хамгаалалт, ногоон хөгжлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгож, Шян Шавань, Энгэбэй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай нэгдэж, Хөвчийн элсний олон улсын амралт зугаалгын газрын шинжлэх ухаан, технологийн цар хүрээгээ улам баяжуулж байгаа юм.
Монгол Улсын Радио Телвезийн Үндэстний зөвлөлийн гишүүн В.Бат-Эрдэнэ:
- Бид сэргээгдэх эрчим хүчний иймэрхүү томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Дэлхий нийтээрээ, тэр дундаа Монгол Улсын цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байгаа, байгалийн гамшигт үзэгдлээс яаж хамгаалах, ногоон ирээдүйг яаж бий болгох тал дээр хийгдэж байгаа ажил олон байна. Монгол улсын хувьд говь цөл цөлжиж байгаа үзэгдэл их байгаа юм. Энэ сайн туршлагыг суралцаж ашиглах нь бидэнд маш чухал юм байна. Сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүч, нарны эрчим хүчийг ашиглах нь онцгой чухал ач холбогдолтой. Ордос хотын Далад хошуу нь байгаль орчиндоо ээлтэй ногоон хөгжлийн асуудлаа маш сайн шийдэж байгаа нь өнөөдөр бид сайн мэдэрлээ гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Хамтарсан сэргийлэлт хийж байгаа Муу-Ус элсний хамгаалалтын бүс
Муу-Ус элсний хамгаалалтын бүс нь хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн уялдаа холбоо, хамтын менежментийг гүнзгийрүүлэн, Муу-Усны элсэрхэг газар дахь Ниншя болон Өвөр Монголын хилийн бүс нутагт экологийн засаглалыг хамтран дэмжих, "Салхины хамгаалалттай, элс хаах бүс” байгуулах зэрэг урьдчилан сэргийлэх, хяналтын хамтарсан механизмыг бий болгох зэргээр гол зорилт болгож байгаа юм.
2025 он гэхэд Муу-Ус элсэн газрын хил дамнасан бүс дэх цөлжсөн газрыг үр дүнтэй хянах болно. 2030 он гэхэд Муу-Усны элсэрхэг нутгийн хил дамнасан ой, өвс хамгаалах системийг үндсэнд нь дуусгаж, салхины гол гарц болон элсний эх үүсвэрийн бүсийг иж бүрэн хяналтад оруулж, элсэрхэг газрын экосистемийн чанартай мөртөө тогтвортой байдлыг эрс сайжруулах болно.
Муу-Ус элсний хамгаалалтын бүс нь уулзвар дээр салхины хамгаалалттай, элс хаах бүсийг байгуулж, хил хязгаарт эвдэрсэн ойг нөхөн сэргээх ажлыг дэмжин, экологийн нэгдсэн коридор байгуулж, цогц менежментийг хамтран дэмжиж, цөлжилттэй тэмцэх шинжлэх ухааны уялдаа холбоог бий болгохоор гол үүрэг болгож байгаа юм.
Бүгд Найрамдах Буриад Улсын BURIAD UNEN сайтын Ерөнхий эрхлэгч захирал Б.Дашдорж:
- Цөлжилтийн эсрэг хийж байгаа энэ том төслийг өөрийн нүдээр үзэж гараараа барьж мэдэрсэнд сэтгэл маш өндөр байна. Эх байгалиа хамгаалах ямар том ажил хийгдэж байна вэ, Хятадын ард түмэн маш ажилсаг, зорьсноо заавал биелүүдэг нь илэрхий харагдаж банйа.
Цөлжилтийн эсрэг хөрс, ургамлын үр судалдаг Мэн цао групп
Мэн цао групп нь 2001 онд үүсэн байгуулагдсан. 2012 онд IPO хийсэн Хятадын цорын ганц экологийн нөхөн сэргэлт, өвсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг том хэмжээний групп юм.
Группийн үйл ажиллагаа ургамлын үр болон хөрсний судалгаа, үрийн боловсруулалт, тарих арга зүй, машин техникийн үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээг хамрана. Бүх Хятадад нийт 15 судалгааны төв байдаг бөгөөд Төвөд, Шинжаан, Хөхнуур, Өвөр Монгол, Шаньши, Юньнань зэрэг Хятадын ихэнх мужид, тухайн бүсийн онцлогт тааруулж нөхөн сэргэлт хийхдээ Хятадын ШУХ, ХАИС зэрэг 50 гаруй судалгааны байгууллага болон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг байна.
Судалгааны төв 2200 зүйлийн 60 мянга гаруй өвсний үр, 1.5 сая гаруй хөрсний дээжийн цуглуулгатай. Өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган га хээр талыг, уурхай, цөлийн бүсэд нийт 2.1 сая гаруй мянган га газрыг нөхөн сэргээжээ. Мэн цао группийн машины үйлдвэр 1270 төрлийн өвс ургамлын тариалалтын машин техник үйлдвэрлэдэг, судалгааны лаборатор нь мөн олон төрлийн бордоотой, чийгтэй, шууд тарих ургамлын үр болон шимтэй малын тэжээл боловсруулдаг байна. Тус групп нь цөлжилтийн эсрэг ажиллаж буй үлгэр жишээ байгууллага бөгөөд Хятадын олон төрлийн дээд шагналыг хүртжээ.
Хулан шарга дааганы элсийг баянбүрд болгосон амжилт
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуунхөх хошуу нь Хулан шарга дааганы элсэрхэг газрын 23 мянган га газарт мал хариулах хориг тавьж, бэлчээр болон нуур усыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж байна. Ингэхдээ малчдад малын хөлийн тэтгэмж олгох арга хэмжээ авч байгаа юм. Үүний үр дүнд 2015 онд 30 хувьд хүрэхгүй байсан ногоон бүс одоо 50 хувьд хүрч, өвсний өндөр 15 см-аас 25 см болон өссөн байна. Ургамал, амьтны хувьд ч төрөл зүйл олноор нэмэгдсэн бөгөөд 500 орчим га нуур усыг тодорхой хэмжээнд нөхөн сэргээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байна.
Малчдад малын хөлийн тэтгэмж олгохоос гадна хадлангаа борлуулах, хамгаалалтын бүсэд ногоон аялал жуулчлалын бааз нээх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг дэмжих боломжоор хангаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ малчдын аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлж байна.
Үүний нэгэн жишээ болох Шулуун хөх хошууны Сангийндалай суурингийн Гангантал багийн малчин Бүрэнцогтынд манай сурвалжлагын баг зочилсон юм. Бүрэнцогт 2013 онд багийн бусад дөрвөн малчин өрхийн хамт "Цацал" нэртэй хоршоог байгуулан, симентар үхэр маллаж эхэлсэн байна.
Одоо Бүрэнцогтынхон 80-аад симентэр үхэр маллаж, 1200 квадрат метрийн малын саравч, 1500 квадрат метрийн малын хашаа, өвс хадгалах саравч байгуулсан ба өвс хадах хоёр машин, 2 трактор, тэжээл хадгалах, зуурах, ачаалах, дамжуулах зэрэг орчин үеийн иж бүрэн арваад төрлийн машин төхөөрөмжтэй.
Бүрэнцогт малаа бэлчээрт гаргахгүй хашаалан малжих болон нутаг сэлгэн малжих аргаар, бэлчээрээ нөхөн сэргээсэн бөгөөд 2018 онд 30 симентар үнээ худалдан авч, эрчимжүүлэн малжиж эхэлснээр малаа зарахаас гадна, сүүн бүтээгдэхүүн борлуулах болжээ. Өнө болоход жилийн ерөнхий орлого 582 мянган юань, цэвэр ашиг 180 мянган юаньд хүрсэн байна.
Монгол Улсын нийт жимс, хүнсний ногооны 90 хувийг бүрдүүлдэг “Хаоган” компани
Хамтарсан сурвалжлагын хамгийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 21-нд ногоо, жимсний худалдаа эрхэлдэг Эрээн хотын “Хаоган” компанид зочиллоо.
Жил бүр Эрээн хотын боомтоос Монголын зах зээлд маш их хэмжээний хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Сүүлийн үед гарсан “Бүс ба Зам” хамтын ажиллагааны хүрээнд тээвэр, логистикийн харилцаа холбоо хөгжсөнөөр Эрээн хотын бизнес эрхлэгчид Улаанбаатар, Москва, цаашлаад Европын зах зээлд гаргадаг болжээ.
Хүнсний ногоо, жимсний худалдаа эрхэлдэг "Хаоган" компани нь 2007 оны 3-р сард байгуулагдсан. Жилийн дундаж жимс, хүнсний ногооны экспортын хэмжээ 120 орчим мянган тонн байгаа нь Монгол Улсын нийт жимс, хүнсний ногоо, хүнсний импортын 90 хувийг бүрдүүлдэг. Энэ онд ашиглалтад орох жимс, хүнсний ногоо хурдан хөлдөөх үйлдвэрлэлийн шугам, шарсан төмс хурдан хөлдөөх үйлдвэрлэлийн шугам нь түргэн хөлдөөсөн жимс, хүнсний ногоо боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх үйлдвэрлэлийн бүх сүлжээг бага температурт хадгалах, бүрдүүлэлт хийх боломжтой. Боомт дахь хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний боловсруулалтын дутагдал, жимс жимсгэнэ, хүнсний ногооны экспортын үйлдвэрлэлийн сүлжээний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг сайжруулж, ийнхүү хүнсний ногоо, жимс "Үйлдвэрлэлээс гал тогооны өрөөнд" шинэхэн, шууд нэвтрэх болно.
“Умардын гурван орон”-ы төслийг хэрэгжүүлсэн шийдвэр нь маш зөв оновчтой, алс хэтийн үр өгөөжтөй болохыг бидний очсон, сурвалжилсан бодит байдал бүхэн гэрчилж байв. Байгалийн жам ёсонд нийцсэн, улсын, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон Хятадын онцлогтой цөлжилтөөс сэргийлэх, элсэн манхныг өөрчлөн ногооруулах арга замыг нээж ирсэн, нээсээр ч байгаа гэдгийг тодхон харуулж байсан юм.
