solongonews
Монгол Улс Хятадад мах экспортлох гэрчилгээг хангаж байна
2015-11-19 11:10
“Мах маркет”, “Монгол эко мах” Хятадад экспорт хийх гэрчилгээгээ авлаа.

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Хятад уруу бэлтгэн нийлүүлэх эрхийн гэрчилгээг “Мах маркет”, “Монгол эко мах” компаниуд авлаа. Мөн “Дархан мед фүүдс” ХХК, “Монтува” ХХК дээрх хоёр компанид мах бэлтгэн нийлүүлэх эрхийг тус тус хангасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах”-ыг Монгол Улс, БНХАУ–д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хоёр улсын холбогдох байгууллагуудын хооронд санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэ уулзалтын үеэр БНХАУ –ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шаардлагыг хангасан мах экспортлох эрхийн гэрчилгээг саяхан Монгол Улсын МХЕГ–ын дарга Ш.Раднаасэд дээрх компаниудын удирдлагуудад гардуулжээ. Тэрээр гэрчилгээг олгох үеэрээ “Монгол малчдын амьдралд тус нэмэр болох буянт үйлсийг танай байгууллагууд Монгол Улсын төрийн өмнөөс гүйцэтгэхээр боллоо. Та бүхний ажилд амжилт хүсье. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, чанартай, найдвартай бүтээгдэхүүнээ урд хөршид нийлүүлнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье. Энэ бол малчдад төдийгүй, улс орны эдийн засагт ихээхэн дэмжлэг үзүүлсэн ажил байх болно. Хамгийн чухал нь нэмүү өртөг нь Монголд, ард иргэдэд үлдэж байгаагаараа онцлогтой юм” гэдгийг онцолж хэллээ.  

“Монгол эко мах” компанийн хувьд адууны махыг түүхийгээр шууд Хятадад нийлүүлж байгаа аж. Тус компани өдөрт хагас тонн мах үйлдвэрийн аргаар бэлтгэн боловсруулдаг бөгөөд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтаншагай хэллээ. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар хагаст 6500 гаруй тонн адууны мах экспортлох ёстойгоос тус компани 1000 тонн махыг нийлүүлэх квот авч, 750 тонныг нь бэлтгээд байгаа аж.

Дашрамд дуулгахад мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 компани энэ ажлын төлөө өрсөлдсөнөөс дээрх хоёр компани БНХАУ–ын чанарын албаны шалгалтад тэнцсэн бол таван компани малын гаралтай махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулан экспортлох  аж ахуй нэгжүүдийн холбогдох бичиг баримтын зөрчлийг арилгаж БНХАУ–ын ЧХШХЕГ–т илгээжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : newscom.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл