
Монголчууд хаврын цас тос болдог гэж ярьдаг. Тэгвэл өвөлдөө ороогүй их цас нь хавартаа яагаад ороод байдаг юм бол? Сарны зурхайн ёсоор тайлбарлавал энэ нь мөн байгалийнхаа жимээр улирал нь солигдож байдагтай холбоотой аж.
Бүтэн жилийн дийлэнх цаг нь урин дулаан уур амьсгалтай байдаг Хятадын өмнөд нутаг буюу тариалах оронд хур усны улирал эхэлж байна гэдэг нь хур бороо орох цаг иржээ гэдгийг илэрхийлдэг аж. Тэгэхээр энэ үеэр орсон бороо нь хаврын тариалангийн ургалтад маш сайн үр шим өгдөг учраас тариаланчдын хувьд мөн “Хаврын бороо тос мэт үнэтэй” гэж бэлгэшээдэг юм байна. Хур усны улирал нь зөвхөн тариалах нутагт үр шимээ өгдөг төдийгүй умард нутагт ч мөн үр нөлөөтэй. Учир нь 02 дугаар сарын эцсээр өмнөд нутагт дулааны хэмжээ эрс нэмэгдэхэд умард нутагт мөн хүйтэн цаг агаар үргэлжилсээр байдаг учраас хэт дулаан болон хэт хүйтэн цаг агаарын харилцан нөлөөллөөс шалтгаалж умард нутагт их цас орох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тйим учраас умард нутгийн хамгийн их цас ордог цаг улирал нь өвөл биш харин хур усны улирал юм байна.
Хур усны улирлын хугацаанд долоо ес дуусаж, найм есдөө ордог. Монголчууд бид “Долоо есөд довын толгой борлоно, найм есөд налайсан дулаан болно” гэдэг. Тэгэхээр ямар ч байсан хур усны улирал эхэлснээр урин дулаан цаг ойрхон ирсэн байдаг юм.
