Орон нутгийн цагаар 2-р сарын 17-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Дублинд Ирландын ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, худалдааны сайд Симон Харристай хэлэлцээ хийв. Ван И хэлэхдээ, өнгөрсөн жил Хятад Ирланд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо хамтаар тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Чян Ирландад амжилттай айлчилсан нь Хятад Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцаанд шинэ түлхэц өгсөн юм. Хятад Ирландын олон салбар дахь хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, асар их нөөц боломж, өргөн орон зайг харуулж байна. Бид Ирландын талтай хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, харилцан итгэлцсэн, харилцан хүндэтгэсэн, харилцан амжилтад хүрсэн түншүүд болоход бэлэн байна гэв.
Ван И хэлэхдээ, энэ жил Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр тал өнгөрсөн хагас зууны турш Хятад, Европын харилцаа амжилттай хөгжсөн туршлагыг үнэлж, дүгнэж, түншлэлийн байр сууриа баримталж, санал зөрөлдөөнөө зөв зүйтэй зохицуулж, Хятад Европын харилцааны тогтвортой эрүүл хөгжлийг ахиулах ёстой. Олон улсын нөхцөл байдлын тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятад улс эрх тэгш эмх цэгцтэй дэлхийн олон туйлт байдлыг бий болгохыг санаачилж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зүйлийг төвлөрүүлсэн юм. Хятад Европ бол олон туйлт дэлхийн чухал хүчин бөгөөд Хятад улс Европ зэрэг бүх талуудтай хамтран ажиллаж, НҮБ-ын нэр хүндийг хамтаар хамгаалж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөн, ганц талт үзлийг хамтаар эсэргүүцэж, "ширэнгэн ойн хууль"-д эргэн орохыг эсэргүүцэхэд бэлэн байна гэв.
Симон Харрис хэлэхдээ, өнгөрсөн хэдэн арван жилд Ирланд Хятадын харилцаа ихээхэн хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр талын худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, боловсрол, соёлын болон бусад салбарын солилцоо идэвхтэй өрнөсөн юм. Ирланд улс Хятад улс хоорондын харилцаагаа эрхэмлэн дээдэлж, нэг Хятадын бодлого баримталж, Хятад улстай эерэг, бүтээлч түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хичээж байна. Хятад улс Ирландад визгүй зорчих бодлого хэрэгжүүлж буйг Ирландын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаашид хүмүүсийн ирж очиход тус дөхөм үзүүлэхийн тулд хоёр тал илүү олон шууд нислэгийн маршрут нээхийг дэмжиж байна. Ирланд улс олон талт үзэл, чөлөөт худалдааг баримталж, “харилцааг салгах"-ыг зөвшөөрөхгүй, Хятад, Европ хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн сорилтыг хамтаар зохицуулахыг дэмжиж байна гэжээ.
