Хятадын онлайн худалдааны зах зээлийн 80 хувийг атгадаг Алибаба компани энэ сарын 11-ний өдөр тохиосон синглүүдийн өдрийн хямдралт худалдаагаар ганцхан өдрийн дотор 14 тэрбум ам.долларын орлого олж, дэлхий нийтийг гайхашруулаад байна. Зөвхөн ганц бие хүмүүс гэлтгүй Хятад даяар ганцхан өдөр тохиох 50 хувийн хямдралыг тохиолдуулан худалдаа хийхийг хичээж, олон сарын өмнөөс мөнгөө хуримтлуулдаг гэлцдэг. Ингээд толгой эргэм их тоогоор яригдах Алибабагиийн зохион байгуулсан синглүүдийн хямдралт худалдааны зарим нэг тоон үзүүлэлтийг сонирхуулъя.

Худалдаа дөнгөж эхлээд ганцхан цаг өнгөрөхөд онлайн худалдааны “Алибаба” компани 3,9 тэрбум ам.долларын гүйлгээ хийсэн юм.

Эхний нэг цагийн дотор 27 сая хүн гар утсаараа тус онлайн дэлгүүрт холбогджээ.

Тус компани зөвхөн бараа хүргэлтэд 1,7 сая хүн, 400 мянган автомашин, 200 онгоц дайчилж, 5000 агуулах ашиглажээ.

Өнгөрсөн жил Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, дэлхийн түүхэнд хамгийн өндөр IPO босгосон компани болж байсан “Алибаба” 2009 оноос арваннэгдүгээр сарын 11-нийг ганц бие хүмүүсийн өдөр хэмээн зарлаж, энэ өдөр онцгой хямдрал урамшуулалтай худалдаа зохион байгуулдаг болсон юм. Энэ өдөр ганц бие хүмүүс гэлтгүй хямдрал урамшууллыг ашиглан хүссэн бараа бүтээгдэхүүнээ авах гэсэн хүмүүс онлайн худалдаагаар үйлчлүүлдэг. Тиймдээ ч синглүүдийн өдөр бол бүхэлдээ Хятадын хэрэглэгчдийн худалдан авах чадварыг батлан харуулах үе байдаг.

2014 онд ганц бие хүмүүсийн өдрөөр зөвхөн “Алибаба” компани 9,3 тэрбум ам.долларын худалдаа хийснийг АНУ-ын интернэт худалдааны хамгийн оргил үе болох Талархлын баярын дараа тохиодог “Кибер даваа гараг”-тай харьцуулахад бараг ес дахин өндөр байгаа юм. Өнгөрсөн жилийн “Кибер даваа гараг”-ийн онлайн хямдралтай худалдаагаар АНУ нийтдээ 1,35 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулж чаджээ.

Энэ өдөр худалдаа хийх хүн дунджаар 1761 юань зарцуулсан гэсэн тооцоо байна. Энэ нь өнгөрсөн жилээс даруй 22 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тус сайтаар дамжуулан хэрэгцээтэй бүхнээ худалдан авах нь Хятад залуусын хувьд өдөр тутмын ажил энгийн зүйл болсон. Сүүлийн үед гар утсаараа онлайн худалдаа хийх явдал бүр нэмэгдсэн.

Хосуудын баяр буюу Валентины өдрөөс ч илүү гүйлгээ сайтай байдаг энэ өдөр ганц бие хүмүүс өөрсдийгөө “эрхлүүлэн” хүссэн зүйлээ худалдан авдаг заншил тогтоод хэдхэн жилийн нүүр үзэж байгаа ч томоохон худалдааны компани, онлайн сайтуудын реклам сурталчилгаа, маркетингийн ачаар онлайн худалдааны хамгийн оргил үе нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог синглүүдийн өдөр болж чадсан юм.
