“Ес эхлэхэд хэлэх” үг
Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна
Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно

Монгол оронд айлчилсан өвлийн улирлын тэсгим хүйтэн, оргил үе өнөөдрөөс эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг ажээ. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэг ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тооцдог байна.
