Өлгийн дотроос бичсэн захидал
2015-12-28 18:21
Таныхаа ариун хэвлийд очсон тэр өдөр би юу юунаас илүү баярласан шүү

Ээж ээ, та намайг юу ч мэддэггүй гэж боддог уу. Та намайг одоо л дөнгөж нэг сартай болж байна даа гэж бодож байгаа байх. Тэгвэл би таны дэргэд анхнаасаа л байсан, бас таныг намайг ариун хэвлийдээ тээх тэр мөчийг тань тэсэн ядан хүлээдэг байсан. Аавтай минь учрах мөчийг тань, бас намайг таны дэргэд байгаа гэдгийг мэдрээсэй гэж зөндөө хүлээсэн шүү, ээж ээ.
Та санаж байна уу. Яагаав, таныг дөнгөж арван жилээ төгсч байхад би таны зүүдэнд ирсэн шүү дээ. Та өлгийтэй бяцхан намайг тэврээд үнсэж байна гэж зүүдэлснээ одоо мартчихсан л байх даа. Аа тийм би түүний дараа аавтай минь учирсны чинь дараа таны зүүдэнд дахиад л ирсэн. Хүү нь тэсээгүй юм аа.
Намайг хурдан төрүүлээд ухаан санааг минь биежүүлж өгөөч гэж танаасаа хүлээсэн хүлээлт минь тэр байсан юм. Та тэр зүүдээ одоо хэр нь мартдаггүй шүү дээ. Тэгэхэд би таны зүүдэнд жижигхэн хөл гараа сарвалзуулаад л, цагаан баривч өмссөн халзан нярай дүрээрээ орж ирсэн. Та тэр зүүдийг их бэлэгшээгээд надаас өөр хэнтэй ч хуваалцаагүйг чинь хүү нь мэднэ ээ.
Таныхаа ариун хэвлийд очсон тэр өдөр би юу юунаас илүү баярласан шүү. Удахгүй та намайг нүдээрээ харж, гараараа тэвэрч, булбарай хөөрхөн хацартаа нааж хөөр баярын дээдээр намайг хайрлана, би чинь бас таныгаа хэлж л чадахгүй болохоос бүхнээс харамлаж, бүхнээс хамгаална. Та л мэдэхгүй болохоос ээж ээ, би таныг хаа явсан газар чинь дагаж, муу юм болох вий, дандаа сайн сайхантай учраасай гэсэндээ ариун цээжинд тань нуугдаад л явдаг юм шүү дээ.
Уг нь таныхаа хэвлийд ирээд сар гаруй болж байхад та намайг мэдээгүй л байсан. Заяа тавиланг минь зурж өгсөн бурхан надад тэр мөчийг дүрсэлж хэлж байсныг хүү нь бас мартаагүй ээ. Яагаав, та нэг их хүн цугласан газар сандарч, тэр олон хүнд юу хэлэхээ мэдэхгүй санаагаа зовоож байхдаа намайг гэдсэнд тань байгааг зөн совингоороо мэдэрч, миний л төлөө тайван байх ёстой гэж өөртөө хэлснийг тань хүү нь тодоос тод сонссон шүү.
Та тэр өдөр хэвлий дээрээ дулаахан хайр дүүрэн төөнөсөн гараа зөөлөн тавиад намайг байгааг мэдсэн шүү дээ. Тэр мөч хүүд нь хамгийн гайхамшигтай байсан. Даанч та минь намайг одоо дөнгөж нэг сартай, нярай нялзрай л гэж бодож байгаа байх даа. Тэгж яривал би таныг танаас ч илүү сайн мэднэ.
Яагаад гэвэл бурхан надад таны тухай бүх зүйлийг ярьж өгсөн. Миний төлөө та хэчнээн их зүйлээ зольж чадах тийм их эр зоригтойг чинь, бас үрээ гэсэн сэтгэлээрээ бүх ертөнцийг уярааж хайлуулах тийм их нинжин ухаантайг чинь бүгдийг ярьж өгсөн. Тийм болохоор л ээж ээ, би таны дэргэд дагаад л явж байсан юм шүү дээ. Таныг уйлахад чинь дагаж уйлж, гомдоход чинь нэг л өдөр гомдол тань тайлагдана даа гэж сэтгэлд чинь шивнэж байсан тэр нэгэн бол хүү чинь би шүү дээ ээж ээ.
Ээж ээ, би таныг анхнаасаа л мэддэг байсан. Яагаад гэвэл би таны үргэлжлэл шүү дээ. Ээж ээ, тандаа хязгааргүй их баярладгаа нээрээ хүү нь даанч хэлж чадахгүй юм. Мээмээ идэхдээ, таныгаа харж баясахдаа хөөрч догдлоод яаж илэрхийлэхээ бас мартчих юм. Гэхдээ л хүү таныхаа төлөө өдөр бүр сайн унтаж, сайн сунайж хурдан том болох гээд хичээж байгаа шүү.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
