Сүүлийн хэд хоногт Тунли эртний балгас жуулчдын хөлд дарагдаад байна. Цэнхэр чулуун хавтан дэвссэн замаар алхаж, сэлүүрт завиар нааш цааш аялан, голын хөвөөний хуучин барилгын өмнөх улаан дэнлүү салхинд алгуурхан найгахыг сонирхон явах нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонголт болжээ. Энэ бол мөн мянган жилийн түүхтэй эртний гудамжны сэтгэл татам байдал билээ.
Сүүлийн өдрүүдэд сэтгүүлч Жянсү мужийн эртний барилга байгууламж бүхий хуучин зээл гудамжуудаар зочиллоо. Сүжөүгийн Пинжян зам, Жэньжяны Шижиньдү, Үши хотын Чинмин гүүр, Чанжөүгийн Жяоши эртний хот зэрэг олон жилийн түүхтэй хуучин зээл гудамжууд болон эртний барилгууд хот бүрийн соёлын өв уламжлалыг харуулсан гэж хэлж болно.

Сэтгэл татам нутаг
Янжөү хотын Рэньфэнли түүх, соёлын тойргоор зугаалж явахдаа Янжөү хотын түүх, зан заншлыг ардын эртний байшингуудаас олж харж болдог.
700 метр урт гудамжаар аялахад ердөө 10 минут зарцуулдаг бол Рэнфэнли хотод бараг нэг цаг зарцуулдаг. Рэнфэнли бол хойшоо урагшаа харсан гудамж бөгөөд нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр гудамж зэрэг олон салбар гудамж зүүнээс баруун тийш эгнэн байрласан байдаг.
- Мин гүрнээс хойш Рэнфэнли гудамж Янжөүгийн иргэдийн оршин суудаг чухал бүс байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тус хороолол уламжлалт шинж чанараа хадгалахын зэрэгцээ амьдрах нөхцөлийг сайжруулахыг хичээсэн байна. Эртний хотын гудамжны амьд дүр төрхийг үргэлжлүүлж, түүхийг хадгалан үлдээхийн улмаас цаашид хөгжүүлэхээр зорьсон гэж Янжөү хотын түүх, соёлын хотуудын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Чю Жэнфэн хэлж байлаа.
Янжөү хот давс үйлдвэрлэдэггүй ч давсаар баяжсан хот юм.
- Янжөү бол Их татмал голтой нягт холбоотой мянган жилийн түүхтэй хот. Газарзүйн өвөрмөц давуу талтай учраас хойд болон өмнөд нутгаар урсдаг татмал голоор орчмын бүс нутгуудад давс тээвэрлэдэг. Ингээд Мин, Чин гүрний үед Янжөү хот хамгийн баян хот болсон байна гэж уран зохиол, түүхийн мэргэжилтэн Гү Фэн танилцуулсан юм.
2014 оны 06-р сард Дэлхийн өвийн 38-р бага хурлаар Их татмал голыг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. Янжөү хот дахь Хятадын Их татмал голын музейн захирал Жэн Жин:
- Их татмал гол нь эрэг дагуух олон хотод эдийн засгийн хөгжил цэцэглэлт, соёлын хөгжил цэцэглэлтийг авчирсан гэж хэллээ.
Дүнгуань түүх, соёлын дүүрэг нь Их татмал голын дагуух бизнес, соёлын солилцооны хамгийн идэвхтэй газар байсан юм. Энэ нь шинэ зуунд Янжөү хотын түүх, соёлын хотуудыг хамгаалах эхлэл болж, Янжөү хотын хот байгуулалтыг хурдасгасан.
Бүрэн бус тоо баримтаас үзвэл Тан гүрний 150 гаруй яруу найрагчид Янжөү хотыг магтсан 400 гаруй шүлэг бичсэн байна. Дүнгуань гудамжинд байрлах Женань номын дэлгүүр буюу хуучнаар Шяолинлүн өрөө нь тухайн үеийн Янжөүгийн яруу найраг, утга зохиолын хамгийн цэцэглэн хөгжсөн газруудын нэг байв.
2015 оноос хойш Янжөү хотод номын өрөө байгуулж эхэлсэн юм. Одоогийн Женань номын дэлгүүр нь тус хотын 24 цагийн номын өрөө болж, соёлын хүчтэй уур амьсгалыг бүрдүүлсэн билээ.
Чюй Жэнфэн:
- Өнөөдөр Дүнгуань гудамж нэгэнтээ түүх, соёлын эрч хүчтэй орон зай болжээ. Энэ нь мянган жилийн түүхтэй хотын өвөрмөц сэтгэл татам байдлыг бүрэн харуулсан байна.
Соёлын өвийн шинэ өнгө төрх
Шөнө болоход Чиньхуай гол дагуух Наньжингийн Күнзийн сүмийн түүх, соёлын гудамж "Шан Юань дэнлүүний наадмын зураг"-т тусгасан дэнлүүний зах болон үзэсгэлэн худалдааны захын хөгжилтэй байдлыг дахин харуулсан байна.
2024 оны Цагаан сарын баяраар Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас "Хятадыг гэрэлтүүлэх-Хятадын анхны дэнлүүний наадмыг даруй энэхүү гудамжинд зохион байгуулсан юм. Чиньхуай дэнлүүний түүхийг Гурван улсын үеэс улбаатай гэж үзэж болдог. Чин гүрний үед Чиньхуай дэнлүүний үйлдвэрлэл улам боловсронгуй болж, төрөл зүйл, хэв маяг нь илүү хөгжсөн билээ.
Чиньхуайн дэнлүүний наадмын биет бус соёлын өвийн өв залгамжлагч Цао Жэньрүн 80 настай. Дэнлүүний зах зээлд 60 орчим жил ажилласан байна. Сэтгүүлч түүний студид очиход тэрээр мөн дэнлүүгээ хийгээд л сууж байсан.
- Дэнлүү хэдийгээр жижиг боловч хийх үйл явц нь нарийн төвөгтэй байдаг. Хагалах, хөрөөдөх, зүсэх, хайчлах, хугалах, утах, жигнэх, шарах, индүүдэх, дүрэх, будах, уях, угсрах гэх зэрэг олон арван процессыг дамждаг. Дээр нь дэнлүү хийх нь зөвхөн техникийн хүчин чармайлтаас гадна, хэв маягийн шинэчлэлийг ч шаарддаг гэж Цао Жэньрүн хэлсэн байна.
Энэ жилийн луун дэнлүү өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. “Хөл нь урт, сарвуу нь хүчтэй, нүд нь гэрэлтэй байх нь тухайн үеийн хэв маяг, луугийн сүр хүчийг тусгасан байх ёстой. Өмнө нь луугийн нүдийг цаасаар наах, эсвэл өнхрүүлсэн цаасаар хийдэг байсан. Энэ нь уламжлалт хийх арга байсан боловч лууг төдийлэн сүр жавхаатай харагдуулдаггүй гэж Цао Жэньрүн хэлж байлаа. Тэрээр энэ жил зах дээрээс цагаан цэнхэр өнгөтэй нэгэн төрлийн "хуванцар сувд"-аар лууны нүдийг урлаж, лууны дэнлүүг илүү сүр жавхаатай болгосон юм.
Өв залгамжлал, инновац нь Цао Жэньрүнгийн охин Цао Хуны дээр илүү тод хадгалагдсан байдаг. Цао Хун:
- Бид 1700 гаруй жилийн хуучин материал, хуучин багаж хэрэгсэл, хуучин техникийг үргэлжлүүлэх үндсэн дээр шинэчлэл хийхийг хичээдэг. Жишээлбэл, нүүрстөрөгчит ганг хулсыг орлуулахад ашиглагдаг. Энэ нь илүү бат бөх байдаг. Илүү нарийн сайхан дэнлүү хийхийн тулд бид нэхмэл бус даавууг дурдан цаастай хослуулж ашиглана. Оптик фибрийг гэрлийн эх үүсвэр болгон ашиглах нь илүү хөнгөн жинтэй. Мөн энэ жилийн дэнлүүний наадамд хүүхэлдэйн киноны болон аним дүрээр гол сэдэв болгосон дэнлүү нь залуусын сонирхлыг татсан юм.
Цао Жэньрүн:
- Миний хувьд Чиньхуайн дэнлүүний наадам бол оюун санаа ба амьдралын урам зоригийн минь эх сурвалж. Чиньхуайн дэнлүүний наадам ч Наньжингийн иргэдийн дунд маш чухал байр суурьтай байдаг.
Чиньхуай голын сав газар эрт дээр үеэс тээврийн хэрэгслээр ая тухтай зорчиж, голын хоёр эргийн гар урлалын аж үйлдвэр, торго нэхмэлийн үйлдвэр, худалдаа арилжаа ч хөгжсөн байна. Үржил шимт хөрсөнд үндэслэсэн Чиньхуай дэнлүүний соёл хурдацтай хөгжиж, цаас хайчлах, диаболо, сийлбэр, уран баримал, сүүдрийн хүүхэлдэй жүжиг зэрэг олон ардын соёл, урлагийн хэлбэрийг хөгжүүлэхэд түлхэц өгсөн байна.
2021 онд Күнзийн сүмийн Чаокү гудамжинд байрлах Наньжин хотын биет бус соёлын өвийг судлах төв албан ёсоор нээгджээ. Жуулчид биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчдын удирдлага дор биет бус соёлын өвийн төслүүдтэй танилцах боломжтой болсон байна. Биет бус соёлын өвийн туршлагын төвийн дарга Инь Лэй энэ тухайд:
- Үзэсгэлэн, урлагийн тоглолт, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулснаар иргэдэд соёлын биет бус өвийг танин мэдүүлэх гүүр болж, мянган жилийн өв соёлоо өвлүүлэх итгэл, ухамсрыг дээшлүүлсэн байна.
Сэтгэлийн хүч
Нантун хотын Танжа түүх, соёлын гудамжинд байрладаг эрвээхэйн хэлбэртэй хар хавтантай дээвэр, чихрийн нишингийн хэлбэр нуруутай үйлдвэрийн барилгуудыг олж харж болдог.
Танжагийн аж үйлдвэрийн өв нь материаллаг соёлын баялаг уурхай юм. Дадагүн будаа тээрэмдэх компаний хуучин барилга, "Шиньминь гудамж", "Фүшин гудамж" зэрэг нь хүмүүст тухайн үеийн түүхтэй холбоотой зүйлүүдийг ойлгоход нь тусалдаг билээ.
Хөтөч Ван Жэньюй 19-р зууны сүүлчээр орчин үеийн Хятадын нэрт аж үйлдвэрч Жан Жянь Танжа хотод Дашэн хөвөн ээрэх үйлдвэр барьсан. Улмаар тос олборлох, гурил тээрэмдэх, төмөр хайлуулах, хүр хорхой үржүүлэх, торго нэхэх зэрэг туслах үйлдвэрлэлийн бүлгүүд бий болсон.
Ойролцоогоор 1910 онд Танжа хөвөн нэхмэл эдлэл дээр төвлөрсөн, холбогдох туслах үйлдвэрүүдээс бүрдсэн аж үйлдвэрийн систем бий болсон байна.
Өнөөдрийг хүртэл Их татмал гол дээр байгаа Дашэнгийн усан онгоцны зогсоол, Дашэнгийн хөвөн ээрмэлийн цамхаг нь тэр үеийн Танжагийн хөгжлийг гэрчилж байна.
100 гаруй жилийн турш Дашэнгийн хөвөн ээрмэлийн үйлдвэр хэзээ ч үйлдвэрлэлээ зогсоож байгаагүй бөгөөд шинийг санаачлахад ч анхаарал хандуулж, "Шаргуу хөдөлмөрөөр улс орноо хөгжүүлэх" практик дадлыг урагшлуулан ажиллав.
-Хариуцлагыг хүлээж, урагш тэмүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Өнөөдөр Дашэн групп нь дэвшилтэт дижитал нэхмэлийн цехүүд болон ухаалаг ээрмэлийн тоног төхөөрөмжтэй үйлдвэр болж, салбарын ерөнхий хөгжлийн чанарыг дээшлүүлсэн гэж Дашэн группийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Жан Чишян танилцуулсан байна.
Наньтун хот нь гол мөрөн, далай хоёрын уулзвар хэсэг байснаас орчин үеийн алдартай хот болж чадсан нь Жан Жянь тэргүүтэй аж үйлдвэрчдийн шаргуу хөдөлмөр, чин сэтгэл, нээлттэй байдал, хариуцлагатай зан чанартай салшгүй холбоотой. Эдгээр нь Наньтун хотын хөгжилд шингэсэн байдаг.
Эртний гудамжаар аялах амьдралын ул мөрийг үлдээсэн хотын түүхийн номыг үзэж буйтай адил билээ. Эртний соёлын нөхцөл байдал нь өдөр тутмын амьдралд шингэж, хүмүүс түүнийг өвлөн хөгжүүлж, шинэ эринд илүү утга учиртай эрч хүчийг бий болгосон байна.
