Оюутан сурагчдын эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хоорондох эв нэгдэл, нөхөрлөлийг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээх, өөрийгөө сорьж нээх, уран бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэн, сайн үйлсэд уриалах зорилгоор зохион явуулдаг энэхүү наадам жил ирэх тутам маш өрсөлдөөнтэй явагдах болсон.
Сэтгэл догдлуулсан торгон мөч болох “Оюутны Урлагийн Их Наадам-2015”-ын шилдгийн шилдгээр Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн М.Энх-Эрдэнэ ахлагчтай “Монгол омогшил” баг тодорлоо. Дэд байранд Хөххотын Үндэстний Туршилтын Сургуулийн “Авьяаслаг зөгий” баг, гуравдугаар байранд Ц.Энхнаран ахлагчтай ӨМБИС-ийн “Хөгжлийн тулгуур хөх гудамныхан” баг тус тус шалгарлаа.
Шилдэг номинацуудад:
Гоцлол дуу: Өвөр Монголын Их Сургуулийн “Аагтай сонгино” багийн Х.Батбаяр Никитон хамтлагийн “Бүсгүй” дуугаар
Гоцлол бүжиг: Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн “Монгол омогшил” багийн бүжигчин Б.Дуламсүрэн “Belly dance”
Гоцлол хөгжим: Хөххотын Үндэстний Туршилтын Сургуулийн сурагч н.Бавуудорж “Төгөлдөр хуурын ая”
Уран уншлага: Хөххотын Үндэстний Туршилтын Сургуулийн сурагч н.Цэцэглэн “Ганц нүдтэй ээж” сургамжит өгүүллэг
Хамтлаг дуу: Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн “Цөлийн дельфинүүд” багийн “Монгол гоёл” дуу
Хамтлаг бүжиг: Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн “Хөгжлийн тулгуур хөх гудамныхан” багийн Буриад ардын бүжиг тус тус шалгарсан юм.




Мөн Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг, идэвхтэй оролцдог, сурлага хөдөлмөрөөрөө манлайлж яваа оюутан залуусаар дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медалиар” Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутан Р.Энхтүвшин, Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Э.Нямдаваа нарыг шагнан урамшуулсан бол “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан М.Бат-Эрдэнэ шагнууллаа.


Наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургуульд урилгаар ажиллаж байгаа багш С.Бэрцэцэг, Өвөр Монголын Урлагийн Их Сургуульд урилгаар ажиллаж буй морин хуурын багш Б.Баттулга, Дэдмаа Урлагийн Сургуулийн хөөмийн багш З.Отгонхүү нар уригдан ажилласан юм.

“Оюутны Урлагийн Их Наадам”-ыг урамшуулан дэмждэг Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төв болон бусад байгууллага хувь хүмүүс энэ удаагийн наадмыг мөн ивээн тэтгэж оролцлоо.








Жилээс жил ирэх тусам оюутны урлагийн наадам улам чанаржиж, өргөжин тэлж байгаа нь оюутан сурагчдын бэлтгэсэн уран сэтгэмжит тоглолт үзүүлбэрүүд, хувцаслалт, тайзны бэлтгэл, багийн зохион байгуулалт, хөдөлмөр зүтгэлээс илт харагдаж байлаа. Эрч хүчтэй, цог золбоотой, зовхи нь өөдөө оюутан сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр их амжилт, гэгээн сайхан хүсэл тэмүүллээрээ мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байна.
