solongonews
“Энэ бол хайр” киноноос танд үлдэх 4 зүйл
2015-12-28 18:21
Алдартай зохиолч, бас сэтгэл татам сайхан залуугийн хайрын түүх, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан үнэмшмээргүй дүрслэл, бас сэтгэцийн эмч хэр нь өөрөө сэтгэцийн асуудалтай эмч бүсгүйн амьдралыг өгүүлсэн “Энэ бол хайр” кино “Монгол” телевизийн эфирээр олны хүртээл болоод байна. Хамаатан саднууд хайртууд болж таардаг, эсвэл хайртай хүн нь осолд ороод ой санамжаа алддаг жижүүрийн сэдвээс арай өөрийг харуулснаар нь энэ кинонд дуртай хүмүүс бий. Гэхдээ урлагийн энэ бүтээлийг зүгээр үзээд өнгөрөх биш өөртөө ч наагаад үлдэх зүйлсийн талаар ярилцъя.
 
Зовлонгоо ганцхан өөртөө бүү хадгал, үгүй бол...
Сэтгэлийн зовлон, шаналлаа зөвхөн дотроо хадгалаад, хэнд ч хэлж, ярихгүй яваад байвал энэ киноны гол дүрийн сайхан залуу шиг л хувь тавилан биднийг хүлээж байж мэдэх юм шүү. Өөрөө өөрийгөө уучилж чадаагүй, сэтгэл дэх мөсөн уулаа хайлуулалгүй цээжиндээ хав дарчихсан Жан Жи Ёл хэмээх алдарт зохиолчийн амьдрал телевизийн камерны цаана бол байнга Хан Ган У хэмээх хүүг бодит хүн мэтээр дотроо төсөөлж, хий хардаг, ариун цэврийн өрөөндөө унтдаг, сэтгэцийн өвчтэй өрөвдмөөр хувь тавилангаар солигдож байна. Тэр магадгүй хойд эцгийнхээ үхэлд буруутай ээжийгээ биш харин ахыгаа гэмт хэрэгтэн гэж мэдүүлэг өгөөгүй бол, эсвэл энэ тухайгаа хэн нэгэнтэй хуваалцсан бол, эсвэл бүр огт өөр сонголт хийсэн бол ийнхүү хий юм харахгүй л байсан байх. 
 
 
Хүнийг гаднаас нь хараад хэзээ ч бүү дүгнэ
Монголд Жан Жи Ёл шиг алдартай хэр нь царайлаг залуу зохиолч байсан бол охид, хүүхнүүд кинонд гардаг шиг л түүнийг мөрөөдөн бишрэх нь мэдээж биз. Эсвэл Жи Хэ Сү шиг сэтгэцийн эмчтэй үерхсэн залуу өвөртөө ойртуулах нь битгий хэл хамт ч хонохгүй байгааг нь юу гэж ойлгох байсан бол.
 
Магадгүй өөрт нь хайргүй болоод л өнөөх эмэгтэй зугатаад байна гэж бодох байсан биз. Гэтэл өнгөн дээрээ өрөөл бусдаас хувь илүү хөрөнгө зөөртэй, шаггүй царай зүстэй зохиолч залуу маань хар багаасаа хойд эцгийн зодуур дор шаналж, түүнээсээ болж сэтгэцийн өвчтэй болсон гэдгийг шүтэн бишрэгч охид, бүсгүйчүүдийнх нь хэн нь ч таахгүй дээ. 
 
Бас Жи Хэ Сү өвчтэй аавыг нь асарч цөхөрсөн ээж нь эр хүн, хайр сэтгэлээр дутахдаа аавынх нь найзыг амрагаараа сонгосныг харсан цагаас эхлэн эр хүнийг өөртөө ойртуулахаас ч жийрхдэг болсныг түүнтэй үерхсэн залуус ойлгож мэдэрнэ гэдэг бас л хэцүү. 
Бидний хэн маань ч дотроо хэчнээн жилийн зовлон шаналал тээж, түүндээ хэрхэн шаналж зовж явааг хэн маань ч мэдэхгүй болохоор бусдыг яаран дүгнэхээ азнаарай. 
 
Ах, дүүсийн харилцаа хамгийн чухал 
Жан Жи Бон өөрийг нь гүтгэж мэдүүлэг өгсөн дүү Жан Жи Ёлдоо өс санаж, шоронгоос гардаг л юм бол цааш харуулахаас ч буцахааргүй хорсолдоо буцалж явсан нэгэн. Гомдол, хилэн нь эцэстээ цэл залуу түүний толгой дахь бүх үсийг бууралуулснаар харагдаж байна.
 
Гэвч ах, дүүгийн дундах энэ их гомдол уучлалаар төгсч буйг эрхэм та харсан биз. Ээжийгээ хайрласан хайраараа л ахынхаа эсрэг мэдүүлэг өгчихсөн, бас хойд эцгээсээ нуугдахдаа модон жорлонд хүртэл унасан дүүгийнхээ талаар дуулаад оргилсон бухимдал нь уучлалаар солигддог. 
 
Хэчнээн ч бэрх зүйл тохиолдсон ах, дүүс, эгч, дүүс хэн хэнээ уучлах сэтгэлийн их хүчтэй гэдгийг энэ кино харуулж байна. 
 
Хэнийг ч бүү хүчил, бүх хүнд сэтгэлийн шарх бий 
Хэн нэгнийг өөрийнхөөрөө байлгах гэж хэзээ ч хүчилж болохгүйг “Энэ бол хайр” кино харуулж байна. 
Сэтгэлийн зовлонгоосоо болоод ариун цэврийн өрөөнд унтах зуршилтай болсон Жан Жи Ёлыг хэчнээн хүчлээд орон дээр унтдаг болгож чадахгүй. Ээж нь аавынх нь найзтай үнсэлцсэнийг харснаасаа болоод эр хүнийг үзэн ядах, жигжих хүсэлтэй болсон Жи Хэ Сүг хэчнээн хүчлээд халуухан бүсгүй болгож чадахгүй. Харин тэднийг ойлгож, сэтгэлийнх нь шархыг эмчилсэн цагт л хүссэнээрээ амьдруулах боломж бусад хүнд тохиох болно. 
 
Яагаад гэвэл хүн бүхэнд сэтгэлийн хөндүүр цэг байдаг. Тэр хөндүүр зүйлийг нь та бид өөрсдөө ч мэдэлгүй дарчихдаг, өвтгөчихдөг болохоор тэд байрнаасаа хөдлөх ч тэнхэлгүй болдог биз. Тийм болохоор бусдыг аль болохоор ойлгохыг хичээ. Танд тохиолдсон зовлон өөр хэн нэгэнд ч бас тохиолдсон байхыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Тийм бол та түүнийг өөр шигээ байдалд бүү оруул. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл