Гаалийн ерөнхий газрын намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Мэйжүнь 07-ны өдөр болсон Хятадын үндэсний гаалийн ажлын бага хурал дээр хэлэхдээ, “Хятад улсын гадаад худалдаа 2024 онд анх удаа 43 их наяад юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувь нэмэгдэж, 8 жил дараалан дэлхийн хамгийн том бараа худалдааны том орон болсон байна” гэжээ.
2024 онд гадна талын тодорхой бус,тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нөхцөлд гаалийн газрууд үйлчилгээгээ сайжруулж, ая тухтай орчинг бий болгож, Хятад улсын гадаад худалдааны тоо хэмжээ,чанарыг тогтвортой байлгах тал дээр хичээн ажилласан ажээ.Боомтын бизнесийн орчныг илүү оновчтой болгож, аж ахуйн нэгжүүдийн гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хялбарчлах зорилгоор жилийн турш 16 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.Тарифын хөнгөлөлт, төрөл бүрийн татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж, 2024 оны татварын буцаан олголт 282.9 тэрбум юаньд хүрчээ.Хил дамнасан худалдааг хялбарчлах тусгай арга хэмжээг 20 хотод хэрэгжүүлж,шинэчлэл, инновацын 29 арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр сурталчилсан байна.62 улс орон, бүс нутгийн 111 нэр төрлийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг Хятадад импортлохыг зөвшөөрчээ.14 шинэ боомтыг шинээр ажиллуулж, худалдааны чөлөөт бүсийн логистикийн 7 төвийг шинээр байгуулав.
Мөн Сүнь Мэйжүнь хэлэхдээ“Одоогийн байдлаар Хятад улсын гадаад худалдаанд тулгарч буй хамгийн том сорилт бол гадаад орчны нөлөөлөл болох юм.2025 он гэхэд улс орон даяар гаалийн байгууллагууд чансаатай бүтээн байгуулалт, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжихийг нэн тэргүүнд анхаарч, үр ашигтай дэмжлэг үзүүлэх болно ”гэжээ.
