
Сүүлийн үед Чингис, Самурай бондууд болон Хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдийн талаар бодит үнэнд нийцэхгүй мэдээллүүд тархах боллоо. Эдгээр санхүүгийн эх үүсвэртэй зарим төслүүд нь намайг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх үед хэрэгжиж байсан болохоор зарим нэгэн тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.
“МИАТ” ХК нэг ширхэг “Боинг 767” болон хоёр ширхэг “Боинг 737” онгоцыг худалдан авах хэлэлцээрийг байгуулахад МАН болон АН-ын “ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР” ажиллаж байсан, албан ёсоор гэрээг Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан айлчлалын үеэр 2011онд байгуулсан.
Гэвч тухайн үеийн Засгийн газар энэ хэлэлцээрийг санхүүжүүлэх ажлыг “МИАТ” ХК-д хариуцуулан орхисон юм. “МИАТ” ХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 36.6 сая ам долларыг дотоодын арилжааны банкнуудаас зээлж төлсөн.
2013 оны хавар Боинг 767 онгоц үйлдвэрлэгдээд дуусч байхад Монгол улс онгоцны санхүүжилтийн асуудлаа эцэслэн шийдээгүй байсан учир гэрээ цуцлагдаж урьдчилгаа төлбөрт төлсөн 36.6 сая ам. долларын төлбөрийг алдах эрсдэлд хүрээд байсан болно. Иймд энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж гадаадаас урт хугацааны зээлийн санхүүжилтээр онгоц худалдан авах гэрээг санхүүжүүлэх, зээл авах хүртэл Чингис бондоос түр хугацаагаар “гүүрэн” санхүүжилт авч төлбөр хийх шийдвэрийг гаргуулсан.
Үүний үр дүнд “МИАТ” ХК гэрээт хугацаанд төлбөрөө хийж, Монгол улс анх удаа өөрийн эзэмшлийн БОИНГ 767 шинэ онгоцтой болсон юм. АНУ-ын Экзим банкнаас зээл авах талаар АНУ-аас Монгол улсад сууж байсан элчин сайд хатагтай А. Кэмпэллтэй 2013 оны 3-7 саруудад удаа дараа уулзалт хийсний үр дүнд 2013 оны 12 сарын сүүлчийн өдрүүдэд АНУ-ын “Экзим” банк болон “ING” банкнаас урт хугацааны зээлийн санхүүжилт авч, уг төлбөр Монгол улсад орж ирснээр “БОИНГ 767” онгоцны төлбөрийг болон “Чингис бонд”-оос түр хугацаагаар санхүүжүүлсэн зээлийг бүрэн төлж барагдуулсан.
УИХ-ын зарим гишүүдийн мэдэгдэж байгаа шиг бэлэн мөнгөөр онгоц худалдаж аваагүй болно. Энэ дашрамд Монгол улсын өөрийн өмчлөлийн анхны “БОИНГ 767” онгоцны санхүүжилтийг шийдэх асуудалд хамтран ажилласан Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч. Улаан, ЭЗХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Н. Батбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Н. Золжаргал, Хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье.
