Оны хүрд эргэж, жилийн өнгө жиргэж, өлзий бэлгэ тэгш дүүрэн бүрдэж бий хөхөөгчин могой жилийн сар шинийн ерөөлт цагаар“Дэлгэр цагийн уянга-2025” Өвөр Монголын Радио Телевизийн цагаан сарын үдэшлэгийг Монгол улсын цагаан сарын хугацаанд UBS телевизээр нэвтрүүлэх гэж байна.

Одон Телевизийн хөтлөгч, уг үдэшлэгийн ерөнхий найруулагч Отгонсод:
-Цагаан сарын үдэшлэгийн гол талбайг Хөххотод, салбар талбайг Түнляо хотын Хорчин дүүрэг ба Шилийнгол аймгийн зүүн үзэмчин хошуунд байрлуулсан бол зарим зургаа Алшаа баруун хошуунд авсан юм. Бид төсвөө эхлэж боловсруулснаас хойш орон нутгийн хамтралцаа,найруулагчийн багийн бүрэлдэл, уран бүтээлийн шалгаруулалт,жүжигчдын оролцоо,дуу хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт,бэлтгэл, тайзны урлал, гэрэлтүүлэг, дэлгэцийн зураг, жүжигчдийн хувцас, нүүр будалт, машин техник, зураглах мэргэжил, зургийн найруулга, сурталчилгаа, мянга гаруй жүжигчид, радио телевизийн зуу гаруй уран бүтээлчийн хоног буудал, унааг зохицуулах, харамж мөнгө өгөх гээд радио телевизийн удирдлага хамт олон таван сар гаруйн хугацаанд маш их хөдөлмөр, ой ухаанаа дайчлан ажилласан юм.

“Дэлгэр цагийн уянга-2025” цагаан сарын үдэшлэгэд Өвөр Монголын Урлаг Жүжгийн Хүрээлэн, “Хан хуур” морин хуурын чуулга, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль, Түнляо хотын Улаанмөчир, Зүүн Үзэмчин хошууны Улаанмөчир, Баруун Үзэмчин хошууны Улаанмөчир, Алшаа баруун хошууны Улаанмөчир зэрэг урлагийн баг оролцжээ. Мөн өргөн түмнийхээ хүрээллийг олсон“ Чандмань эрдэнэ”,“Анд”, “Хаяа”, “ Хөх Хээр”, “Эргүнэ”, “Жалам хар”, “Цоор”,“Найр”, “Зуузай”,“Рашаан”, “Нот зам”,“URAAL”, “Харгай”, “Жиү Мэй” зэрэг хамтлаг, дуучдаас хамгийн шинэ уран бүтээлээрээ бэлэг барьсан юм. Ер нь уран бүтээлийн шалгаруулалт, илтгэх арга, тайзны урлал, техник мэргэжлийн шинэчлэл, хөтлөгчийн хэв дөрх зэргэд цаг эриний айжим хэмнэлийг маш сайн харуулахыг хичээж, олон сайхан дуу бүжиг, хуур хөгжим, хөөмий, үлгэр холбоо, ерөөл магтаал, хувцасны үзүүлбэрийг тайз дэлгэцний уран бүтээл болгосны дотор“Алтан богдын шил”, “Чивчгэр хурдан шарга”, “Ванли”, “Тохой өндөр мод”, “Ёхор”, “Хар хээр”, “Тариат майдан хоёр”, “Ганган хул”, “Могой хээр” зэрэг сонгодог ардын дууг шинэчлэн зохион бүтээж, ахмад, идэр, залуу, хүүхэд дөрвөн үеийн жүжигчид хамтран тоглосон нь олны таашаалд хүрчээ. Түүнчлэн Өвөр Монголын дуу хөгжмийн хөгжлийн төлөв байдал, чиг хандлагыг илтгэсэн “Амар амгалан”,“Бүтэх үйлийн ерөөл”, “Ээждээ өргөх дуу”, “Цүх Цүх”, “Долоон бурханы шүүдэр”, “Бууж мордоорой”, “Энгэрийн хоёр хайлс”, “Жаргалын уянгатай цагаан сар”, “Дурлалын дуугаа чамдаа дуулья”,“Алтан дорнын талаас”, “Зам”,“Таван махбод”, “Гал залуу нас” зэрэг шинэ уран бүтээлийг толилуулсан нь өргөн олон уран бүтээлчдийн урам итгэлийг хөгжөөсөн сайхан учир болсон байлаа.

Бүтэн сайны бэлгэтэй хөхөөгчин могой жилийн сарын шинийн өлзийт цагаар эрхэм та бүхэн минь бие биеэ хайрлах, нутаг ус, байгаль дэлхийгээ дээдлэх, аав ээж, амраг хань, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхээ хайр ивээлд баярлах, одон содон хүмүүсийн ололт амжилтаар бахархах, сар шинээ ерөөл баяртай, урам итгэлтэй тэмдэглэх, ирээдүй маргаашаа өөдрөг сайхан, эрч хүчтэй угтах зэрэг гэгээлэг санааг илэрхийлсэн уран бүтээлээрээ хараа сонорыг тань мялаах“Дэлгэр цагийн уянга-2025” цагаан сарын үдэшлэгээ тухайн цагт нь таашаан сонирхоорой.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!





















