Захидал ирлээ: Хүүгийн минь нулимсан дээр жаргаж яваа тэр хүүхнийг яах вэ?
2015-12-28 18:21
Над шиг ийм амьдралтай хүн байдаг болов уу. Би өөрийнхөө амьдралыг, өөрийгөө ч ойлгохоо байлаа. Нөхөр бид хоёр амьдраад 5 жил болж байна. Хөөрхөн хүүтэй.
Гэтэл жилийн өмнөөс л нэг биш болоод байгаа нь анзаарагдсан юм. Гар утсаа нуучихна. Хааяа олоод үзэхээр залгасан, мэсэж бичсэн дугааруудаа бүгдийг нь устгачихсан байдаг болоод удаж байна.
Унтах болохоор нуруугаа харуулаад хэвтчихнэ. Ядраад байна, дараа болъё гээд намайг ч тоохоо больсон. Юу болоод байгаа юм яасан юм гэхээр яагаа ч үгүй л гэх юм. Заримдаа хоёр хоногоор алга болчихно. Сүүлдээ хүү минь аавыгаа нэхээд шөнө унтахгүй. Цэцэрлэг дээрээ ханиад нь эдгэхгүй, бөөлжөөд багш нь над руу залгаж хэлэхэд өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд явж байна.
Хүүхэд өвдөөд байгааг нөхөр маань анзаарч байгаа ч юм алга. Долоо хоногтоо ховорхон ирнэ. Ирэхээрээ шөнө орой орж ирээд унтаж аваад л өглөө нь хоол идчихээд яваад өгнө. Уурлаж үзлээ, гуйж үзлээ. Уйлж ч үзлээ. Юу ч ярихгүй.
Уг нь бидний дунд үл ойлголцол л гарлаа гэж би бодож явсан юм. Гэтэл тэнгэр ниргэв үү гэлтэй зүйлийг сая олж харлаа. Гэрийн компьютер дээрээ хүүдээ хүүхэлдэйн кино интернэтээр үзүүлэх гээд сууж байлаа. Санамсаргүй f үсэг дарчихсан чинь манай нөхрийн facebook хуудас нь нээгдчихдэг байгаа. Ирсэн мэсэжүүдийг нь уншаад уйлахаас өөр зүйл хийж чадахгүй хүн болоод хувирчихлаа. Хайртай дуртай, санаж байна гэсэн мэсэжийг нэгэн бүсгүй рүү илгээжээ. Өнөөх нь ч элдэв янзаар хайрын үг биччихсэн байсан.
Миний 5 жилийн амьдрал, хүүгийн минь хүүхэд нас энэ бүгд тэр хүний хувьд ямар ч үнэгүй болсныг ингэж л ойлгож авлаа. Нөхрийгөө ирэхээр нь мэсэжүүдийг нь харуулж, бөөн хэрүүл, уйлаан майлаан болсон ч тэр олигтой юм хэлээгүй. Харин юу гэсэн гээч “Би өндөр мэдлэгтэй найз бүсгүйтэй болсон. Би тэрэнтэйгээ амьдарна” гэдэг байгаа. Энэ үгийг нь сонсоод би нэг л мэдэхэд түүн рүү гартаа барьж байсан аягатай цайгаа цацчихсан. Тэгээд л тэр хамаг хувцсаа хамж аваад гэрээсээ явчихсан.
Гэрээсээ яваад 7 хоночихлоо. Хүү маань аавыгаа нэхэж уйлаад, би гэдэг хүн яахаа мэдэхгүй уйлаад. Нэг иймэрхүү л байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Хүүгээ харахаар яаж ийгээд энэ амьдралаа аварч үлдмээр байна. Би юугаараа дутуу болчихоод тэр хүнд гологдож байгаа юм бэ, би түүний төлөө өөрийгөө, гоо сайхнаа тэр чигээр нь золиосолсон биз дээ. Ингэж бодохоор голдоо ортол гомдох юм.
Нялх хүүхдийг нь өнчрүүлэн байж явалддаг тэр хүүхэнд нь хэлэх ч муу үг олдохгүй юм. Хүүхдийн минь, миний нулимсан дээр жаргаж яваа тэр хоёрыг тэнгэр ниргэдэггүй юм байх даа. Тэр хүүхэнтэй нь очоод уулздаг юм билүү гэж бодож боллоо. Гэхдээ уулзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй юм болов уу.
Эсвэл өөрийгөө ингэж доромжлуулчихаад зүгээр сууж байснаас шууд салах уу. Би яах ёстой юм бэ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
