solongonews
Хүн бүхэн мэдэж, айл бүхэн мөрдүүштэй...
2015-12-28 18:21
 
Сар шинийн амралт дуусахаас өмнө бидний хэдэн нөхөд агаарт гарахаар зорьсон юм. Замаараа дэлгүүр дайрч аяны хүнс бэлдэв. Найз маань цэвэр усны савны ёроолыг хараад зогсоод байх юм. “Юуг нь хараад байсан юм бэ, наадах чинь цэвэрхэн, ууж хэвшсэн сайхан ус “ хэмээн шавдуулбал “Хамгийн чухал юм нь эндээ байдаг юм” гэх нь тэр. 
 
Нээрээ л бид чинь дэлгүүр худалдаанаас хүнсний зүйл авахдаа он сар, хугацааг нь хардаг ч нэгэн чухал зүйлийг огт хайхралгүйгээр сонгодог юм байна.     Дэлгүүрээс цэвэр ус авахдаа савны доод хэсгийг заавал харах хэрэгтэй. Цувраа гурвалжин дотор 1 гэсэн тэмдэглэгээтэй PET гээд биччихсэн полиэтилентерефталатаар хийсэн сав мөн эсэхийг хяначих хэрэгтэй гэсэн үг. Энэ тэмдэглэгээ нь сав, дотроо байгаа ус руугаа химийн хуванцар бодис шилжүүлэхгүй гэдгийг илэрхийлдэг. 
 
Хотоос гарах замд гэр хорооллын худгийн гадаа гэр хорооллынхны байнгын хэрэглээ болсон цэнхэр савнуудыг эгнүүлэн жагсаажээ. “Энэ савнууд чинь химийн бодис хадгалдаг гээ биз дээ, манайхан тоохгүй л юм даа, усаа ч хадгалаад, айргаа ч исгээд” гэвэл найз маань аргагүй л Мэргэжлийн хяналтын байцаагч гэдгээ баталж “7 гэсэн дугаартай, зөвхөн химийн бодис л хадгалж хэрэглэх заалттай саванд ингэж усаа хадгалж хэрэглэдэг нь өвчлөлийн аюултай эх үүсвэр болдог” гэлээ.
 
Гэтэл манайхан өнөөх л хайнга зангаараа өнөөдөр, маргааш мэдэгдэх л юм алга, хэдэн жил л ууж хэрэглэж ирлээ гэх хүн ч бий. Өвчний улбаа хэдэн жилээр чимээгүй зугуухнаар газар авдаг билээ. Бүхэл бүтэн амьдрал нь өмнө нь цэлийтэл хүлээж байгаа өнөөдрийн бяцхан хүүхдүүд тань ч ийм ус ууж өсөх үү? гэдгийг бодолцох л учиртай. Ийм саванд ус 3-7 хоног болонгуут л хортой бодисын шинжилгээ өндөрсөж гардгийг батлажээ.
 
Бид заримдаа гэрээсээ хоол унд зэхэж авч явж хооллодог. Харин ямар саванд хийж, хадгалж хооллодгоо төдийлөн анзаардаг бол уу? Доод талдаа цувраа гурван зураас дунд 5 гэсэн тэмдэглэгээтэй PP буюу полипропилен гэсэн саванд хоолоо савлавал химийн хортой бодис хоолонд шингэх аюулгүй гэсэн үг юм байна.  Агаар салхинд гарахын зуур сонсож мэдэж авсан эл мэдээллээ бүсгүйчүүддээ хүргэх гэж яарлаа. Хэрэглэгчийн ахуйн соёл эрүүл амьдрахад ихээхэн нөлөөтэйг хүн бүхэн мэдэж, айл бүхэн мөрдүүштэй. Тэр дундаа эзэгтэй бид л энэ өөрчлөлтийг хийж хэвшүүлэх ёстой бол уу.
Гэгээ
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл