Нөхрийн халамж, анхаарлыг үгүйлж байна уу?
2015-12-28 18:21
Хайр бүхний эхлэл, хамгийн амтат оргилуун дарс шиг оргилж, тун нь таарсан байдаг. Гэхдээ хайр хуучирч, бие биенээ анхаарахаа больсон цагт гэр бүлд хэрүүл маргаан, үл итгэлцлээр дүүрэн болж хувирдаг. Тэгвэл чиний халамжит, хань гэргий, найз охин, ээж, эгч тань юуг хүсдэг вэ? Хамгийн ойр дотны нөхөр, найз залуу тань танд хэрхэн эерэг сэтгэгдэл төрүүлэх тал дээр алдаад байвал ярилцаж, зөвлөөрэй. Бүсгүй хүн ээж болох тэр торгон агшиндаа хамгийн жаргалтай эмэгтэй байж, нүднээс нь нулимас, сэтгэлээс харуусын бодрол төрүүлэхгүй байх хэрэгтэй. Эр хүнээс чухам юуг бүсгүйчүүд бид хүсдгийг онцолъё.
Эерэг сэтгэгдэл төрүүлж бай
Ямар ч бүсгүйн дэргэд эерэг сэтгэгдэл төрүүлж бай. Тэдэнд эсэргүүцсэн хандлага, дайсагналыг бүү харуул. Ингэж чадвал тэд таны талд байж, байнга хайрлах болно. Эмэгтэйчүүд бид нөхөрөө тэврээд унтаасай, хүүдээ нэг шинэ хувцас аваад өгөөсэй, толгой өвдөж байхад бариад өгөөсэй гэж боддог. Хамгийн аугаа бүхэн энгийнээс эхэлдэг.
Гоо сайханд нь анхаарал хандуул
Та анх түүнтэй учирч байснаа санаж байна уу? Дэрвэгэр алаг нүд, дур булаам хөөрхөн сормуус, алаг даашинз, тансаг үнэртэн сэнгэнүүлж, таныг татаж, дурлууж байсансан. Харин та түүнийгээ гэрийн “мануухай” болгоогүй биз. Өдөржин хүүхдээ харж, хиртэй хувцас, бохирдсон гэрээ цэвэрлээд өөрийгөө хүртэл мартаад байгаа байдал ажиглагдсан уу? Тэгвэл түүндээ энэ их зүтгэлийг нь үнэлж, гоо сайхны хэрэглэл, хувцас, цүнх, массажны бэлэгний карт гэх мэт өөрийн санхүүгийн бололцоонд тааруулсан бэлэг, сарнайн хамтаар бариад ороорой. Тэр лав баярлаад нулимс дуслуулах биз. Хайртай гэргий ханиа хажууд байгаа дээр нь хайрлаарай. Тэднийхээ ганц олдох залуу насыг хайрла.

Өөрийгөө боловсруулж, мэдлэгтээ анхаар
Эмэгтэйчүүд бид ихэвчлэн өөрийгөө байнга шинэчилж, боловсуулж байдаг залууд их дуртай. Залуус ч ухаалаг бүсгүйг хайрлаж, тэднээр гоёх дуртай байдаг гэдгийг бүү мартаарай. Байнга өөрсдийгөө боловсруулж бай. Жирэмсэн эхнэр, найз охинтой бол жирэмсэн үед аавуудын хийж болох бүхнийг судлаарай. Тэдэнд таны тусламж, анхаарал, халамж илүүтэй хэрэгтэй гэдгийг санаарай.
Тэдний бие яаж хувирч, таргалж байсан ч зөв үгээр магт
Бүсгүйчүүд бид та болон таны хүүхдийн төлөө хангалттай их золиос гаргадаг биш гэж үү? Бие нь эвдэрч муухай болтлоо, гараа хуурайшиж, үрчийтлээ биеэ бүхэлдээ зориулдаг. Таныг жаргалтай болгох үрийн чинь төлөө есөн сар хэвлийдээ тээж, өвдөлт бүрийг шүдээ зуун тэсэж гардаг. Хөөрхөн хань чинь таргалаад өөртөө сэтгэл дундуур байвал хайрттайгаа хамтдаа дэглэм барьж, өглөө хамтдаа гүйх, ууланд гарах гэх мэт олон зүйлийг санал болгоорой. Гэргий тань баярлах нь гарцаагүй. Хайр гэдэг ямар ч үед хамт байж, түшиж, тулахын нэр билээ.
Бүх зүйлд анхааралтай бай
Таны төлөө тэд ямар их анхааралтай болдог билээ. Тагнуулын газрын мөрдөгчид шиг нөхрийнхөө эрүүл мэнд, гадаад байдал, сэтгэл санаа гээд бүхий л зүйлд анхаарлаа хандуулдаг. Түүнд өөрт нь энэ мэдрэмжийг мэдрүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаа нь тогтворгүй, гомдлын харцаар угтаад байгаа юм биш биз. Түүний сэтгэлийг дүүргэ. Та түүний сонгосон цор ганц хайртай залуу, жентельмен гэдгийг бүү мартаарай.
Хайртынхаа сэтгэл санааг тогтвортой байлга
Таны эхнэр “маамаалах” гээд завгүй, сэтгэл санаа тогтворгүй, ааш нь эвдрээд байгаа юм биш биз. Гомдож, туних нь ихсээд, уцаартай гэгч ширүүн маргаан эхлүүлэх гээд байна уу? Тэгвэл түүний урдаас нь бүү хашгираарай. Ялангуяа таны хүүхдийг тээж явах үед нь уурлах хэрэггүй. Жирэмсэн болон сарын тэмдгийн үед эмэгтэй даавар ихсэж, өнчин тархи даавар ихээр ялгаруулдаг. Нэг ёсондоо түр зуурын өөрчлөлтөнд дасах гэж бие, организм нь тэмцэж байгаа гэсэн үг. Хөл хүнд эхчүүдийн ихэнхи нь дааврын нөлөөллөөс болж, сэтгэл санааны олон хувирал үзүүлдэг гэж хэлж болно. Багахан тэвчээр гаргахад танд бүхнээ зориулах болно.
Хайр халамж энгийнээс эхэлдэг. Түүний нүд рүү яаж харах, түүнтэй ямар хоолойны өнгөөр харьцахаас эхэлдэг.
Ари
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
