Захидал ирлээ:Намайг хоёр ихэр охиныхоо аав болж чадах уу гэж асуусан
2015-12-28 18:21
Тэр надаас нэг зүйлийг асуусан. "Хоёр ихэр охины минь аав болж чадах уу" гэж. Охид нь одоо дөнгөж 3 сартай гэсэн. Хартай нөхрөөсөө салаад хүүхдүүдээ амар тайван амьдруулмаар байна гэж байсан. Би түүний энэ үгийг сонсоод юу ч хэлж чадаагүй. Дуугүй л яриаг нь сонссоор бидний уулзалт өндөрлөсөн.
Монголжингоо сайтыг дандаа охид, хүүхнүүд уншдаг байх л даа. Харин би энэ сайтыг уншдаг цөөн хэдэн эр хүний нэг байж мэдэх юм. Би 25 настай. Ганц бие залуу. Танай сайтын мэдээллийг уншаад, ирсэн захидлуудыг уншиж байгаад саяхнаас амьдралдаа учраад байгаа нэгэн зүйлийн талаар уншигч бүсгүйчүүдтэй ярилцмаар санагдсан юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн гэдэг чухам хэн юм бэ гэдэгт би тайлбар олохоо байчихаад байна.
Би хоёр жилийн өмнө нэгэн бүсгүйд тун их хайртай байлаа. Түүнтэй л хамт амьдрах юм бол хорвоогийн нөгөө захад ч хүрэхэд бэлэн байсан гээч. Гэтэл тэр маань надад нэг л өдөр хайргүй гэж хэлсэн. Би салахгүйг хичээж аль байдгаараа чармайсан ч салахдаа л нэг тэр салсан. Түүнээс хойш ганц бие эрийн амьдралаар амьдарч байна даа. Орчин үед ганц бие, амьдрал зохиож байгаагүй эрчүүд тийм ховор болчихсон юм уу ч гэмээр санагдах боллоо. Эмэгтэйчүүд сав л хийвэл уулзъя, ярилцмаар байна гэж мэсэж бичиж, бүр улайм цайм санал тавьж байсан удаа ч бий. Гэхдээ хайргүй хүнтэйгээ уулзаад учраад явах утгагүй хэрэг. Эмэгтэйчүүдийн дунд эрчүүдийг хүүхнээс өөр юм боддоггүй гэсэн бодол байдаг л байх. Гэхдээ бүгд тийм биш шүү гэдгийг хэлмээр байна. Би гэхэд одоо хүртэл хайртай байсан бүсгүйгээ мартаж чаддаггүй.
Хайрлаж явсан бүсгүй минь хүнтэй суусан байна лээ. Хоёр ихэр охинтой болсон юм билээ. Нэг л өдөр утас минь хангинахад энэ тухай мэдсэн дээ. Тэр над руу залгаад яг одоо уулзъя гэж хэлсэн. Би татгалзаж чадаагүй. Бид хоёр гудамжаар бараг 2 цаг алхсан. Амьдрал нь надтай хамт байснаас хамаагүй уруу дорой байгаа гэж тэр хэлсэн. Нөхөр нь их хартай, сав л хийвэл хэрүүл болдог гэх. Угаасаа үзэсгэлэнтэй бүсгүй юм болохоор жаахан ядарсан ч сайхан хэвээрээ л байна лээ.
Тэр надаас нэг зүйлийг асуусан. "Хоёр ихэр охины минь аав болж чадах уу" гэж. Охид нь одоо дөнгөж 3 сартай гэсэн. Хартай нөхрөөсөө салаад хүүхдүүдээ амар тайван амьдруулмаар байна гэж байсан. Би түүний энэ үгийг сонсоод юу ч хэлж чадаагүй. Дуугүй л яриаг нь сонссоор бидний уулзалт өндөрлөсөн.
Би түүндээ хайртай. Үр хүүхэд төрүүлж гэр бүлээ өнөр өтгөн болгож байгаа түүнийг минь хардаж зовоосон нөхөрт нь өөрийн эрхгүй уур хүрч байна. Гэхдээ би тэдний асуудалд оролцох эрхтэй хүн мөн үү гэж өөрөөсөө бас асуух юм.
Бас би түүнтэй эргэж нийллээ гэхэд, хүүхдүүдийнх нь эцэг болж чадах болов уу. Би энэ асуудалд яаж хандах ёстой вэ. Бүсгүйчүүд, ээжүүд та бүхэн санал, зөвлөгөөгөө хуваалцаач.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
