-Бага нас шиг сайхан үе өөр хаанасан, юусан билээ? Тогоруухай насны дурсамжаасаа сөхөхгүй юу?
П.Алтанцэцэг: Багадаа би бригадийн төвийн эмчилгээ тэжээлийн цэг дээр байдаг эргүү төлөг хариулдаг байсан. Манай аав “Хариулах хүн олдохгүй юм, та нар сургуулийнхаа формны мөнгийг хий” гээд нөгөө хэд нь хар халуунд асга руу авираад хаая хүүе гэхийг мэдэхгүй, хахир өвлийн хүйтэнд харз руу ороод зогсчихно. Тэгээд л тэрний араас чинь гүйж өгнө шүү дээ. Тэгээд сумын наадамд эргүү төлөгөөр хуушуур хийнэ гэдэг надад хамгийн хэцүү байдаг байлаа. Хариулж байгаа сүрэгтээ хүн дасчихдаг юм. Зуд болоход малчин хүн уйлдаг юм шүү дээ. Миний хамгийн хайртай мал ирээд энэ баруун хатавчийг шөргөөж байгаад үхчихлээ гэхээр би дагаад уйлдаг байхгүй юу... Яагаад гэвэл эргүү гэж хүн муулж байгаа ч гэсэн сумын наадмын хуушуур хийх гээд ачаад явахад нүд нь бүлтэгнээд ачигдаад явдаг байсан байхгүй юу. Энэ бүхэн маань өрөвч, бас илүү хөдөө сэтгэлтэй болгосон доо намайг.
-Эршүүдхэн, эгэлхэн, хөдөөдөө элэгтэй, бүр амин сэтгэлтэйг тань мэднэ. Бүсгүй хүний хувьд гоёж гангалах, толины өмнө эргэлдэх гэхээсээ илүү бор ширээнийхээ ард бодож, алдаж, онож, асгарч бичсэн бүхий л тэмдэглэлээ урлахыгаа жаргал болоод амьдралын үнэт чимэг болгосоныг тань бас сайн мэднэ...
П.Алтанцэцэг: Тэр үед би нэг машин авсан байсан юм. Нэг өдөр хумс хуруугаа будаад нэг ноолууран нөмрөг нөмрөөд ажил дээрээ ирсэн чинь Золжаргал сэтгүүлч тэгж байна аа. Ноолуураар биеэ хулдаад, унаа хөлөглөөд л... гээд инээмсэглэснээ “Зүрх сэтгэлтэй ганц сэтгүүлч гэж бодсон юм. Морьноосоо бууж хүний амьдралд ороо, эгч минь” гэж билээ. Манай Золоо их ёгт үгтэй хүн шүү дээ. Цаанаа тэр чинь “Мориндоо мордоод улсыг эзлэх амархан. Мориноосоо буугаад улсыг төвхнүүлэх амаргүй” гэдэгчлэн эгэл амьдралд ойр бай л гэсэн санаа байхгүй юу.
-Сэтгүүлч хүн амьдрал дунд өөрөө орж, туучин гаталсан мэт мэдэрч, хүүхэдтэй ярилцлаа гэхэд тэдний харцаар өөрийг нь харж, тэдний үгээр ярьж, тэдний хүсэл тэмүүллээр гэрэлтэж байж л тэдний сэтгэлийн үнэн яриа бодол хүслийг хуваалцаж чаддаг. Олны танилууд, гадныхныг дуурайж “од” гэгддэг хүмүүсийг гэхээс илүү эгэл амьдралын эгэлгүй сайхан эздийг нээх л бидний үүрэг гэж санах юм.
П.Алтанцэцэг: Сэтгүүлч хүн өөрөө амьдрал дунд байх ёстой. Өнөөдөр 50-хан грамм есийн тос аваад явж байгаа гэр хорооллынхныг улсын их хурлийн гишүүд мэдэхгүй шүү дээ. Би завхан аймгийн Дөрвөлжин сумын цогт багт төрсөн. Яг унасан газар маань Баян-Айраг гэж сайхан уул бий. Таван сумын өвөлжөөтэй их сайхан нутаг. Гадаад дотоодын шар хар толгойтнууд нийлээд манай газар нутгийг ухаж байна даа. Нутгаа өмөөрч “Баян-Айрагийг дайрсан бараан сүүдэр” гэж том нийтлэл хийсэн. Эрдэнэтолгой гэдэг эцэг өвгөдийнхөө ясыг тавьдаг газрыг ухуулаад, тракторын шүд орчихсон, тэнд нь миний ээжийн дэрний чулуу хүзүүнд нь байсан хэдэн шар хув нь энэ байна гээд уйлаад зогсож байгаа ард түмнийг хараад би эмзэглэдэг юм.
-Хэн хүний сэтгэлийн гүнд өнгийж, амьдрал дунд буцалж явдаг сэтгүүлчийн хувьд, өдий хэр амьдралын замыг ардаа орхисон бүсгүй хүний хувьд эмэгтэйчүүдэд хандаж сэтгэлийн үгээ хуваалцахгүй юу?
П.Алтанцэцэг: Зарим эмэгтэйчүүд ганц хүүхдээ 2 жил харж чадахгүй юм. Тэгээд л уурлаад л түмпэн саваа тачигнуулаад л уйдлаа барилаа гээд байх юм. Чулуунцэцэг гавьяатаас “Үүрд хамт байгаач ээжээ” гэдэг нэвтрүүлэг хийхэд “Миний ээж 12 хүүхэд төрүүлсэн. Холбоотой хонины ард бүс нь дээшээ огшчихсон тэнгэр шиг том гэдэстэй ээж л үлдсэн дээ” гээд уйлаад ярьж байсан. Яагаад монгол эмэгтэйчүүд ийм тэвчээргүй болчихсон юм. Бид ёс зүйгээ ямар их гээгээд байна вэ? Сүхбаатарт нэг малчин айлын гэргийтэй уулзсан юм. “Хадам ээж маань энэ хөмүүлийг тэнгэр дуугарахаар л авч байгаарай, наана нь түүдэггүй юм шүү гэсэн юм” гээд, тэр л үг сургаалыг нь одоо болтол дагаж мөрдөөд, хүүхдүүддээ сургаал болгоод байж байна гэдэг үнэхээр сайхан байгаа биз. Гэтэл одоо “Хадам ээжийг хамгийн халтай суудалд суулгадаг” гэхчилэн тоглоом шоглоомоор ярих болж. “Хүн авбал удмыг нь, сүх авбал онгийг нь үз” гэж ямар ухаантай хүн хэлээ вэ? гэж боддог юм. Хамгийн гол нь удам жудагийг нь харах үнэнхүү чухал шүү. Хүнийг их сайн таних хэрэгтэй. Бид чинь эгч дүүс гурвуулаа ойролцоо нөхөрт гарч, муу ээж минь үүрийн гэгээнээс гэрэл гуйж, үдшийн бүрэнхийгээс гэгээ гуйж хуримын дээл оёсон доо. Тэгээд хэлж байж билээ ээж минь, “Анхныхаа ханьтай сайхан амьдраарай. Бүсгүй хүн очсон газраа шингэдэг юм. Эхний хань шиг хүн ер нь л олддоггүй юм шүү” гэж. Үүнийг эргэн санаад “Миний ээж хуульч хүн байжээ” гэж боддог юм. Одоо бол амьдрал чухамдаа шоу болж, хүүхэд өнчирч яах ийх нь хамаагүй болж дээ. Хань гэдэг муу ч сайн ч үр хүүхдүүдийн чинь эцэг. Өөлөх голох, гомдох гутрах үе амьдралд бишгүй ч эмэгтэй хүн хүүхдээ элэг бүтэн байлгах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө биш үрсийнхээ аз жаргалыг бодох агуу сэтгэл юм шүү.
-Ижийгээ бодохоор уйлмаар дуумаар, эргээд нэг уулздаг бол сэтгэл хуваалцах олончиг юм ярьмаар санагдах нь хүн гэдэг чухамдаа юмыг дэргэдээ байхад төдий л ойлгодоггүй, ижий аавыгаа эгнэгт одсоны дараа л ухаардаг гэмшил юм даа.
П.Алтанцэцэг: Ёстой үнэн. Манай телевиз их сайхан даалгавар өгсөн юм л даа. Монголын 13 хутагтын тухай баримтат киноны эх сурвалж бэлдэх. Зундуйдорж жолооч, Сүх-Галсан оператор бид гурвыг томилсон. Завхан аймаг явах боллоо. Тэгэхэд ээжийн маань бие муу байсан. Хэлсэн чинь “Миний хүү нутаг руугаа яв даа, ирэхэд чинь би амьд байна байхаа. Өнгөрсөн ч гэсэн хамаагүй ээ нутгийнхаа хутагтын суваргыг ээжийнхээ араас босговол боллоо гэж байсан. Хүн чинь ээжийгээ мөнх юм шиг санадаг юм. Тэгээд ярилцлага авч байсан чинь утас дуугараад “Ээж чинь өнгөрлөө” гэж хэлсэн. Асгартал уйлаад байж болохгүй, ажлаа хийж байгаа би гэдэг хүн элий балай юм шиг байсан ч ярилцлагаа дуусгаад хот руу хөдөллөө. Сул асгарах нулимсаа барьж дийлэхгүй Завхан нутгийн манантай будантай айхтар өндөр давааг давж явахдаа
“Толгодын цэнхэр орой нь тоосроод тодроод байна
Тогоруун дуутай цуваа нь холдоод ойртоод байна
Торгоор урласан дээл тань сэмрээд сэмрээд байна
Тоонот түшсэн намайгаа нялхаар нь бодоод байна
Шүүдэр шиг ариун сэтгэл ижий таных л байдаг юм аа
Сүү шиг цагаан нөмрөг ижий бурханых л байдаг аа
Энгэрийн гурван хайлаас нь салхинд ганхаад байна
Ижийгээ гэсэн сэтгэл минь дурсаад дуудаад байна
Хайрхан өндөр даваа нь асарлаад анирлаад байна
Хадамд гарсан намайгаа нялхаар нь л бодох юм аа
Шүүдэр шиг ариун сэтгэл ижий таных нь л байх юм аа
Сүү шиг цагаан нөмрөг ижий бурханых л байдаг аа
Буурлын өндөр даваа нь будантай манантай байна
Бусдын нутгийн жаврыг ижий минь нөмөрлөөд байна
Зүмбэр зүмбэр уулс нь зүүдэнд сүмбэрлээд байна
Зүрхний угаас ижий минь намайгаа л хүлээгээд байна
Шүүдэр шиг ариун сэтгэл ижий таных л байдаг юм аа
Сүү шиг цагаан нөмрөг ижий бурханых л байдаг аа” ийм мөрүүд цалгин орж ирсэн. Баярцэцэг үе үе дуулдаг юм. Бэхбат хөгжмийг нь хийсэн юм. “Ижий сэтгэл” гэж дуу.
-Хайрыг зураглаач гэвэл юутай зүйрлэхсэн бол?
П.Алтанцэцэг: Хайрыг би тэнгэрийн хаяандаа сиймхий үүлстэй цэв цэнхэр тэнгэрийн тийм л өнгөтэй зүйрлэмээр санагддаг юм. Хайр олон янз. Эхийн хайр, янагийн хайр, үрийн хайр гээд. Гэхдээ угтаа бол нэг зүйл. Булагаар зүйрлэвээс нэвчээд гарч байгаа урсгал. Алгын чинээхэн булаг хорин мянган адуу услаж байгаатай адил.
-Би яагаад ч юм намарт дуртай. Хэдий буцаж яваа цаг ч гэлээ хүнд уярал, ухаарал өгдөг сайхан цаг.
П.Алтанцэцэг: Би бас намарт дуртай. Уран бүтээлийн их онгод өгдөг юм шиг санагддаг юм. Сэтгүүлч хүн өтөлдөггүй юм шиг санагддаг. Цагийн аясаар гадаад төрх өөрчлөгдөж, үрчлээ нэмж болно. Харин эрхэлж байгаа ажлынхаа цаламаар сэтгэл дотроо үргэлж шинэ зүйлтэй учирч, таньж мэдэхгүй хүмүүсийн ч сэтгэл бодлыг нээж, байнга хөглөгдөж амьдардаг. Энэ л ахуйг дэндүү сайхан хөглөж, хөнгөн гуниглуулж, санаашруулдаг улирал бол намар.
Алтанцэцэг сэтгүүлч ижийгээ нулимс унаган ярихад нь даган уйлахгүй тэвчиж чадсангүй. Нулимстай, ухааралтай, санаашрал тэмүүлэлтэй, гоёчлоогүй үнэн үг, амин хайр шингэсэн ярилцлагаа “Хайр гэдэг хаяандаа сиймхий үүлстэй цэв цэнхэр тэнгэрийн өнгө” гэсэн өөрийнх нь үгээр нэрлэмээр санагдлаа.
