Үүрд нандин
2015-12-28 18:21
Асуултанд нь захидлаар хариулж байна хайртдаа
Хайрын тухай хүн болгон өөр өөрөөр ярьдаг. Харин чи минь надад ярих биш харуулсан хүн. Хамгийн анх хөл дээр чинь гишгэж хэрэлдэж танилцсанаа бодохоор одоо яаж ийм хосууд болж чадваа гэж гайхдаг. Дандаа сул талаа санаандгүйгээр харуулж байхдаа ичдэг байсан ч тэрний цаанаас миний сайхан талыг олж харсан хүн шүү дээ чи минь. Бүх л охидтой эвтэйхэн харьцаад ая талыг нь олчихдог, эрүүл чиирэг бие хаатай хэн ч шохоорхмоор тийм нэгэн байж яагаад дандаа миний уурыг хүргэж тэвчээрийг минь бардаг юм бол гэж бодож байхдаа анх өөрийн эрхгүй татагдаж байгаагаа мэдэрсэн .Гэтэл тэр нэг бороотой өдөр ганцаараа уйлж явахдаа чамтай таараад таниа ч үгүй. Тэр өдрөөс хойш бага багаар ярилцаж дасаж улам л татагдаад байсан ч чи намайг найзаа л гэдэг байсан. Энэ надад тийм ч амар байгаагүй.
Яагаад намайг өөртөө тэгж их дасгачихаад найз охиноо болгоё гэж боддоггүй юм бол гэж бодож байхдаа бусад шиг үерхээд салаад өнгөрөх төдий охидынхоо нэг болохыг хүсээгүйг чинь мэдээгүй байсан юм шүү. Удалгүй чамд минь нөхөж болошгүй гарз учирч аав дүү 2 чинь бурханы орныг зориход чамдаа хань болж найз охин чинь болохоос илүү зовлонг чинь хуваалцахыг л хүсэж билээ. Ингэж миний чамайг шохоорссон сэтгэл минь дурлал биш хайр болсон. Дүүтэй чинь нас бие чацуу олон зүйл нь адилхан болохоор намайг яг л дүү шигээ халамжилж байхыг чинь хараад яг л тиймээрээ байхыг хичээсэн. Хэзээ нэгэн цагт хэрэлдээд салчихвий гэж айхгүй эрхэлж халамжлуулж байх жаргалтай байсан болохоор.
Цаг хугацаа өнгөрөхөд хэн хэн нь үнэнээ нууж чадалгүй бид хосууд болоод 4жилийг дуусгаж байгаа юм байна. Юу ч мэдэхгүй гэнэн жаахан охин байхаасаа л сайхан муухай бүх үе минь чамтай холбоотой бүх дурсамж нь нандин байдаг. Чамайг эр цэргийн албанд явахад би тангараг өргөсөн эхнэр болоод хүлээж байсан. Найзууд чинь намайг яг л чам шиг харж хандаж байсан нь чиний гуйлт байсныг дараа нь л мэдсэн. Намайг хайрласан чиний сэтгэлийг би хожуу мэдэрч гоё сайхан үг хэлдэггүй гэж дотроо л гомдоллодог байсан ч муухай бүхнээс харамлаж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг минь дэмжиж байдгийг мэдэрдэг.
Олон хүн биднийг эсэргүүцэж хооронд нь хор хутгахыг хичээж байсан ч итгэлээрээ муу бүгдийг давж туулж ард нь гарж чадсан. Сайхан хүүхэн харсан ч надаас илүү халамжилж хайрлахгүйг чинь мэддэг болохоор чамайгаа хэн нэгэнд алдахвий гэж айж хардаж зовоох шаардлага байдаггүй. Чи минь наддаа итгэдэг болохоор худал ярих тохиолдол ч байдаггүй.
Алт мөнгөнд умбуулна гэж амлаагүй ч аливаа муу муухай сайн сайхан бүх үеийг хамтдаа даван туулсаар ирсэн болохоор амттай хоолоор дайлж, хиртэй хувцастай явуулахгүй амралтын өдрийг ярьж байсан шигээ дандаа жаргалтай өнгөрөөх эхнэр чинь байхыг чамайгаа дуурайсан хүүхдүүдийнхээ ээж байхыг зөвшөөрч Баяр гэдэг дасгалжуулагчтай сагсны багтай болох мөрөөдлийг биелүүлж өгөх хань чинь болохыг зөвшөөрч байна.
Тоонот цагаан гэрийн тулах багана нь ганц байдаггүй
Төө хүрэхгүй зайтай вансэмбэрүү нь өнчирдөггүй
Туулах амьдралын замаасаэа нэгнээ хаяж явахгүй
Танхилхан энэ хайраа хагацах гэж бүтээгээгүй чамдаа хэмжиж болохооргүй тийм их хайртай. Миний нандин эрдэнэ гэж хэлэхэд чинь хамгийн их аз жараглыг мэдэрдэг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
