solongonews
Оюутнуудын “Уртын дуу”-ны анхдугаар тэмцээн
2015-11-30 13:22
Өвөр Монголын их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Уртын дуу”-ны анхдугаар тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Дуу Хөгжмийн Танхимд болов.

Анхан шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 28 өдөр болж, Өвөр Монголын 10 их дээд сургуулийн уртын дууны мэргэжлийн ангийн 98 оюутан оролцсоноос 20 оюутан эцсийн шатанд оролцох эрхийг авсан юм.

Энэхүү тэмцээн нь уртын дуугаа сурталчлах, өвлөх, хамгаалах, уламжлах, уртын дуугаар суралцаж байгаа оюутнуудад өөрсдийгөө сорих, туршлага судлах, уламжлалт соёлоо өвлөн үлдээх нөхцөл боломжийг хангаж өгөх зорилгоор зохион байгуулж байгаа болно.

Энэ удаагийн арга хэмжээг Өвөр Монголын Их Сургуулийн Эвлэлийн Хорооноос санаачлан, Өвөр Монголын Уртын Дууны Солилцоо Судлалын Нийгэмлэг зохион байгуулан явуулсан байна.

Тэмцээний үеэр Өвөр Монголын залуу дуучин Цэцэгмаа Буриад ардын уртын дуу “Наян наваа” дуугаараа ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.

Өвөр Монголын залуу дуучин Цэцэгмаа

Оюутнуудын “Уртын дуу”-ны анхдугаар тэмцээний тэргүүн байрын эзнээр “Уянга” хамтлаг “Алсын газрын зэрэглээ” дуугаар шалгарсан бол дэд байранд оюутан Гэгээнтана “Саглагар зандан мод” дуугаар, оюутан Нахиа “Жаран хайлаас” дуугаар, гутгаар байранд оюутан Хангай “Цагаан голын бургас”, оюутан Өнөр “Сэргэлэнхэн уул”, оюутан Түмэнцэцэг “Тэнгэр мэт” дугаар тус тус шалгарлаа.

“Уянга” хамтлаг

Дэд байрын эзэд Гэгээнтана, Нахиа

Гутгаар байрын эзэд Хангай, Өнөр, Түмэнцэцэг нар

“Уртын дуу”-ны анхдугаар тэмцээнийг Монгол уртын дуу Соёлын биет бус өвд бүртгүүлсэн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаараа онцлог боллоо. Мөн энэхүү тэмцээнийг жил бүр улажлал болгон зохион байгуулах аж.

Оролцогчид

 

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл