Монгол Улс нь хөрөнгө оруулалтын нөөц бололцоо ихтэй учир Монгол Улсыг зорих гадаадын хөрөнгө оруулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Ихэнх хөрөнгө оруулагчид уул уурхай, барилга байгуулалтын салбарт хүч үздэг. Харин Нараа бүсгүй эмнэлэг байгуулан, хүмүүсийн эрүүл энхийн төлөө буянтай үйл хийж байгаа нэгэн. Даруухан зантай энэхүү Өвөр Монгол бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэнтэйгээ хуваалцъя.
- Таны төрж өссөн нутаг ус, аав ээж, хүүхэд ахуй нас гээд эргэн дурсахгүй байхын аргагүй тэр сайхан дурсамжаар яриагаа эхлэх үү?
- Би Өвөр Монголын Тунляо хотын Дархан хошууны уугуул. Айлын дунд охин, ээжээс бид дөрвүүлээ. Миний хүүхэд нас хөдөөний хүүхдийн адил өнгөрсөн. Аав ээж маань их хөдөлмөрч хүмүүс болохоор бид хэд амьдрал хүнд хэцүү цаг үеийг бараг л мэдээгүй өнгөрсөн. Ах эгч бид гурав их сургуульд амжилттай элсэн орж, Хөххотод сурах болсноор аав ээж хоёр хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд хөдөөнөөсөө хот орж, бизнес эрхэлсэн дээ. Тэгээд л манайхан халуун ам бүлээрээ их хотод багтсан. Аав ээж минь бид хэдэд байнга л халамж тавьдаг, саяхан аав маань Улаанбаатарт ирж намайг эргээд нутаг буцсан.
- Улаанбаатарт анх хэзээ ирсэн бэ? Анх ирэхэд Улаанбаатар танд ямар санагдаж байв?
- Монгол Улсад очиж үзэх юмсан гэж багаасаа л мөрөөддөг байсан. Харин энэ мөрөөдөл биеллээ олж, 2008 онд их сургуулиа төгсөөд зарын дагуу Улаанбаатар хотод байдаг Очирваань эмнэлэгт нягтлангаар ажилд орж байсан. Тухай үед 2000 юаний цалинтай ажиллаж байсан. Гэхдээ би цалин хөлсөө бага гэж чамлаагүй, чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Гадагшаа гарч юм үзэж, нүд нээх нь миний зорилго байсан. Анх Улаанбаатарт ирээд хэмжээгүй их баярлаж байсан. Залуу хүний хувьд газар үзнэ гэдэг сайхан л юм даа. Нягтлангаар хоёр жил эмнэлэгт ажиллаж байгаад 2010 онд төрийн албан хаагчийн шалгалт өгөхөөр нутаг буцсан.
- Та яагаад Монгол Улсыг дахин зорих болсон бэ?
- Тухай үед нутаг буцсан хэдий ч Монголд буцмаар санагдаад болдоггүй. Тэгээд энэ тухайгаа ахдаа хэлэхэд намайг дэмжиж, өөрөө Монголд очиж бизнес эрхлэх санаа байгаагаа ярьж байсан. Монголд эмнэлэг нээх талаар бодож эхэлсэн. Ингээд өмнө нь ажиллаж байсан эмнэлгийнхээ тухай болон Монгол Улсын тухай ахдаа ярихад хамтран эмнэлэг байгуулах тухай санал тавьсан юм. Ах бид хоёр Монголд эмнэлэг нээх тухайгаа аав ээждээ хэлэхэд, тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй, гэхдээ ах бид хоёр зориг шулуудан Улаанбаатарт эмнэлэг ажиллуулахаар ирсэн. Харин аав ээж сүүлдээ бүрэн дэмжсэн.
- Монгол Улс хөрөнгө оруулалтын нөөц бололцоо ихтэй орон. Өөр салбарт хөрөнгө оруулалт хийж болох байсан. Яагаад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх болсон бэ?
- Би Очирваань эмнэлэгт ажиллаж байхдаа эмч хүн бусдад эрүүл мэнд, аз жаргал, амьдрал бэлэглэдэг ач буянтай хүн гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрсэн. Цагаан халаад өмссөн эдгээр хүмүүс надад яг л шидтэн мэт санагддаг. Тэр л үеэс би эмч хүнээр бахархдаг болсон. Эмч мэргэжлээр сураагүйдээ харамсах болсон. Ах бид хоёрын хувьд эмнэлэг байгуулж бизнес хийх нь гол биш, хамгийн чухал нь хүмүүст шинэ амьдрал бэлэглэхээр гол зорилго тавин ажиллах болсон. Бид 2010 онд Монгол талын түнштэйгээ хамтран “Мараат булан” эмнэлгээ байгуулсан.
- Тийм ээ. Аливаа зүйлийг эхлэхэд хүнд хэцүү зүйлээс тойрч гарна гэж бараг л байхгүй байх. Эмнэлэг байгуулахад хүндрэлтэй зүйл юу байв? Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
“Хүний нутаг, гүний газарт” ажил эрхэлж, хөл дээрээ босно гэдэг хүнд хэцүү байх нь лавтай. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахад хэцүү байсан, бүтэн жил хөөцөлдөж байж л зөвшөөрлөө авсан. Тэр тусгай зөвшөөрлийг авахаас өмнө Монголын талын захирлын дотрын эмнэлгийн зөвшөөрлийн бичгийг ашиглаж байсан. Харин зөвшөөрлийн бичгээ авангуутаа урдаас эмч урин ажлаа дахин шинээр эхлүүлсэн. Эмнэлгээ байгуулахад нэг сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүх зардлыг аав ээж гаргаж өгсөн.
- Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бусад салбараа бодвол илүү эрсдэлтэй салбар гэж би хувьдаа боддог. Та хөрөнгө мөнгө оруулалтаа буцаан татах бодол байгаагүй юу?
- Нэгэнт л хийнэ гээд шийдсэн хойно, зориг мохоод хагас дутуу юм хийгээд орхихыг хүсээгүй юм. Эмнэлгийн зөвшөөрөл хөөцөлдөөд жил шахуу хүлээж байх үед ойр дотнынхон, найзууд бүгд л сургууль байгуулчих, эсвэл өөр юм хийчих, илүү ашиг олно. Хүний нутагт, хүний амь настай холбогдох ажил асуудал гарвал хэцүү гэж ч байсан. Гэсэн хэдий ч өөрийн хүссэн ажлаа заавал үргэлжлүүлэхийн тулд сэтгэл гарган ажилласан. Өнөөдөр болоход манай эмнэлэг тав дахь жилдээ ажиллаж байна.
- Энэ таван жилийн дотор танай эмнэлэгт ямар өөрчлөлт гарсан бэ? Хүмүүс хэр хандаж байна?
- Манай эмнэлэг Сансарт байрлаж байхад үйлчлүүлэгч багатай байсан. Таньж мэддэг хүн бага, зах зээлээ олоогүй байсан. Тухайн үед “Мараат булан” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо харин шинэ байрандаа нүүж ирээд “Шинэ ялалт” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
- Танай эмнэлэг сард хэчнээн үйлчлүүлэгч хүлээн авч байна?
- Манай эмнэлгээр сардаа 150 орчим хүн үйлчлүүлж байна. Бид гурван жил үнэгүй үзлэг хийсэн. Мөн эм тариа, эмчилгээний зардлын хувьд гадаад эмнэлэг гэдэг утгаараа илүү өндөр зардал авдаггүй бөгөөд зах зээлийн үнээр төлбөр тооцоог авдаг. Би Монгол хүн учир элэг нэгтэй Монголчуудаа бага ч болов тус болохыг хүсэж явдаг.
- Улаанбаатарт Солонгос эмнэлэг, Хятад эмнэлэг гээд гадаадын олон хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ олон эмнэлгээс танайх аль талаараа давуу вэ?
- Манай эмнэлэг Монгол уламжлалт эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Ямар ч химийн элемент ороогүй байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр найруулсан монгол тан хэрэглэдэг. Мөн манай Өвөр Монгол эмч нар уламжлалт монгол анагаах ухааны судас бариад оношилгоо хийх талаар маш сайн. Зөвхөн судас бариад өвчтөнд оношилгоо хийж олон хүнийг гайхшруулж байсан удаатай. Монгол хүний бие махбодод зохицсон уламжлалт эмчилгээг хийдэг болохоор Монголчууд Өвөр Монгол эмчид хандах дуртай байдаг.
- Танай эмнэлэг хэдэн тасагтай вэ? Ямар өвчтөнүүд илүү хандаж байна?
- Манай эмнэлэг дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэсэн таван тасагтай. Ихэвчлэн зүрх судасны талаар настай хүмүүс, 20-40 насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчнөөр илүү ханддаг бол сүүлийн үед уламжлалт эмчилгээгээр ч илүү эмчлүүлдэг болоод байгаа. Мөн Монголын хувьд эрэгтэйчүүдийн эмнэлэг их цөөхөн байдгаас хүмүүс их үзүүлж байна.
- Нийт хэчнээн эмч сувилагч ажиллаж байна вэ?
- Одоогийн байдлаар Монголын 13 эмч сувилагч ажиллаж байна. 2 ээлжээр гардаг. Өвөр Монгол эмч 4 байсан, одоо 2 эмч байгаа. Энд байгаа Монголын талын эмч нар ч Өвөр Монголын Анагаахын Дээд Сургууль, Тунляо хотын Анагаахын Дээд Сургуулиас төгссөн туршлагатай залуучууд ажиллаж байгаа.
- Нууц биш бол танай эмнэлгийн орлогыг сонирхвол?
- Орлого гайгүй сайн байгаа, одоо бүр нэмэгдэж байна. Эхний хоёр жилд бол хэцүүхэн л байсан. Өдрөөс өдөрт үйлчлүүлэгч олон болж орлого ч нэмэгдсэн.
- Үйлчлүүлэгчтэйгээ хэр ойр ажиллаж чаддаг вэ?
- Манай ажилтнууд шударга, хариуцлагатай байхыг тэргүүн зорилго болгодог. Эмнэлэг бол өөр ажилтай харьцуулшгүй нарийн ажил шүү дээ. Аль болох л үйлчлүүлэгчээ ая тухтай байлгахыг хичээдэг. Тухайлбал манай эмнэлэг хуучин байрандаа байхад нэг хятад хүн бөөр нь чулуутай гээд алхаж ч чадахгүй, хэдэн хүнээр түшүүлээд эмнэлэгт ирсэн. Олон эмнэлгээр яваад бүгд хүлээж аваагүй гэсэн. Харин манай эмнэлгийн эмч Буяндалай хүлээн авч, өвчтөнд бүтэн өдөр дусал хийсэн. Тухайн үед би дусал хийгээд бөөрний чулуу байхгүй болно гэхэд гайхаж байсан. Буяндалай эмч дусал хийсээр байгаад чулууг нь тууж чадсан юм. Өвчтөн ч жигтэйхэн баярлаж байсан. Тэр цагаас эмнэлэгтээ бүр ч их итгэх болсон.
- Хамгийн сүүлд хэзээ нутаг буцсан бэ? Гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чадаж байна уу?
- Хамгийн сүүлд цагаан сараар нэг харьсан. Ажил ихтэй байдаг учир гэр бүлийнхэндээ нэг их цаг гаргаж чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ аль болох тэдэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Хүү минь 3 нас хүрч байгаа, нөхөр бас бизнес эрхэлж байна. Бид хоёр талдаа завгүй байдаг болохоор хүүхэд аав ээжтэй хамт байдаг. Хүүгээ л их санах юм даа.
- Монголчуудын хувьд ихэвчлэн ямар өвчнөөр илүү өвчилж байна? Ямар зөвлөгөө өгөх вэ?
- Манай эмнэлэгт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн талаар их ирдэг. Эмэгтэйчүүд ихэвчлэн савны хүйтэн, бөөрний үйл ажиллагаа суларсан зэрэг янз бүр байдаг. Монголын цаг агаар маш хүйтэн байдаг бөгөөд нимгэн хувцасладгаас өвчний шинж тэмдэг илэрдэг. Залуучууд өвлийн улиралд хувцсаа сайн зузаалах хэрэгтэй. Хамгийн чухал нь архи тамхи аль болохоор бага хэрэглэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэй.
- Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.
/ Бэлтгэсэн: Банди, Буянхишиг/
